Шинэ парламентын АНХДУГААР чуулган хуралдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, анхдугаар чуулганыг өнөөдөр товлосон билээ. Чуулганы өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн дүн мэдээг Ерөнхийлөгчид өргөн барьсан ба Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнтэй танилцсаны дараагаар ийн шинэ парламентын анхдугаар чуулган хуралдаж эхэллээ. 

Анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай гишүүн даргалдаг. Өнгөрсөн парламентад Ч.Улаан даргалж байсан бол энэ удаад Баян-Өлгий аймгаас сонгогдсон Х.Баделхан даргалж байна. Тэрбээр энэ жил 66 нас хүрч байгаа юм.  

Анхдугаар чуулганыг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үгээс товчлон хүргэж байна.

Ерөнхийлөгч "УИХ-ын эрхэм гишүүд ээ, найм дахь удаагийн сонгуулиар сонгогчдын итгэл авч, сонгогдсонд баярт хүргэж, амжилт хүсье. Улс орны маань өмнө нийгмийн эдийн засгийн хүнд асуудал хүлээгдэж байна. Зөв шийдвэр гаргах ёстой, хариуцлагатай үед та бүхэн хууль тогтоогч боллоо. Ард олны итгэлийг авсан тул ёс зүйтэй байж, иргэдийнхээ боломжийг ашиглаж хулгайлах бус иргэддээ илүү их боломж олгохын төлөө ажиллахыг хүсье. Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас их хэмжээгээр авсан, увайгүй үйлдэл гарсан. Хүний амь хөнөөсөн, лиценз өөртөө авсан зэрэг хэрэгт нэр холбогдож, ард иргэдийн итгэлийг алдах тохиолдол удаа дараа гарсан. Өнгөрсөн хугацаанд 27 гишүүн өөртөө болон түүний хамаарал бүхий этгээд 1170 тендер авсан нь тогтоогдсон. Өмнөх парламентад 18 гишүүн тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүнээс 37 нь 31 гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгуулж байсан байна. Зургаан нэр дэвшигч цагдан хоригдлоо. 2009 оноос хойш СЕХ-ны удирдлага өөрчлөгдөөгүй байгаа нь ялзарсан, биеэ тоосон байдал үүсгэсэн байна гэж үзэж байна. СЕХ-ны удирдлага яаралтай өргөдлөө өгч, огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна" гэв.
 


Монгол Улсын Их хурлын тухай хуульд анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ гэж заажээ. Үүнд, 
 

14 ДҮГЭЭР ЗҮЙЛ. АНХДУГААР ЧУУЛГАН
 

14.1. Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна.

14.2. Ерөнхийлөгч энэ хуулийн 14.1-д заасны дагуу зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан намуудтай зөвшилцсөн байна.

14.3. Анхдугаар чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

14.3.1. Шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх;

14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;

14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох;

Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
 

 14.3.4. Ерөнхий сайдыг томилох;

 14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;

 14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох.

 14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх.


Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн


14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.

14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.


Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн.

Энэ хэсгийн нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.20) 2020 оны 06 сарын 30

Ялсан бол хэн нэгнийг эсвэл удаа дараалан ялагдаж байгаа сөрөг хүчнээ битгий муул битгий дайр битгий доромжил битгий гүтгэ өнгөрсөн 4н жил ялагдсан сөрөг хүчинлүүгээ дайрсаар байгаад юуч хийж чадалгүй хугацаагаа дуусгаад дахиад ялалт байгуулад ахиад ороод ирлээ одоо бол хэтэрхий холдчихсоноо ойлго одоо ард түмэн хэрж байгаа дайрдаг гүтгэдэг доромжилдог арга чинь явахгүй шүү, харин цаг алдалгүй улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэ тэгвэл бурхан өршөөнө

0  |  0
Top