Нийслэлийн “Өргөө” амаржих газрын Эмэгтэйчүүдийн үрэвсэлт эмгэгийг эмчлэх хэсгийн ахлагч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч С.Гантуяатай ярилцлаа. Тэрбээр мэргэжлээрээ 13 жил ажиллахдаа 6000 орчим ээжийг төрүүлэх үйлсэд оролцсон гавьяатай. Жил ирэх тусам мэргэжилдээ улам илүү дурлаж, өөрийг нь зориод ирэх ээжүүдийг хайраар угтаж, эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулаад гэрт нь гаргах түүний хувьд зүйрлэшгүй сайхан мэдрэмж гэдгийг ярилцан суухдаа хэллээ.
-Цар тахалтай холбоотойгоор төрөлт буурсан зүйл ажиглагдаж байна уу. Зарим эмэгтэйчүүд эрсдэлээс сэргийлж жирэмслэхгүй байхаар төлөвлөж байх шиг?
-Дэлхий нийтэд цар тахал дэгдсэн үед ч гэсэн төрөлт байгалийн хуулиараа хэвийн үргэлжилж байна. Жирэмсэн эх, хүүхэд, хөгшин, залуу ялгаагүй сэргийлэх арга хэмжээнүүдийг улсаас болон өөрсдөө үе шаттай авч хэрэгжүүлээд явж байгаа. Тиймээс санаа зовох зүйлгүй. Төрөлт хэвийн явагдаж байна.
-Жилд хэдэн ээж амаржиж байна вэ?
-“Өргөө” амаржих газарт жилд 12 мянга орчим эх амарждаг. 2015 онд хамгийн их буюу 16 мянган эх амаржсан. Үүнээс хойш Сүхбаатар дүүргийн III төрөх рүү зарим иргэдийг шилжүүлсэн учраас төрөлт тодорхой хэмжээгээр буурсан. Гэхдээ огцом бууралт ажиглагдаагүй. Сүүлийн хоёр жилд дунджаар 11-12 мянган эх жил бүр төрж байна.
-Та эх барих эмэгтэйчүүдийн эмчээр хэдий хугацаанд ажиллаж байгаа вэ. Ажил их байдаг уу?
-2005 онд Эх барих, эмэгтэйчүүдийн резидент буюу мэргэжил олгох курст сураад 2007 онд төгсөөд энэ төрөх эмнэлэгтээ жинхэлж буюу эмчлэгч эмчээр ажилд орсон. 13 жил ажиллаж байна. 2015 онд их төрдөг байхад хоногт 70 гаруй ээж төрдөг байсан. Одоогоор 35-50 ээж нэг хоногт төрж байна. Өдрийн цагаар дөрвөн эх барих эмч төрөх өрөөнд ажиллаад хоногт 40 ээж төрдөг гэхээр нэг эмчид 10 хүн ногддог. Шөнийн цагаар төрөх өрөөнд ахлах эмчтэйгээ нийлээд хоёр эмч ажилладаг.
-Эмэгтэйчүүдийн төрөх нас, төрөлт хоорондын хугацаа ямар байвал хамгийн тохиромжтой вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу төрөлт хоорондын хэвийн хугацаа хоёр жил байдаг. Төрсөн эх хүүхдээ хөхүүлэх ёстой. Энэ хугацаандаа бие организм нь хэвийн байдалдаа орж, дараагийн жирэмслэлт эрүүл байхад хамгийн тохиромжтой хугацаа нь хоёр жил гэсэн үг.
-Олон жилийн зайтай төрөх нь хүндрэлтэй төрөх шалтгаан болох уу?
-Хугацаа нөлөөлөх хүчин зүйл биш. Тухайн хүний эрүүл мэндийн үзүүлэлт л хамгийн ихээр төрөлтөд нөлөөлдөг. Жишээлбэл, нас ахихад архаг хууч өвчний давтамж нэмэгддэг. Олон жилийн зайтай төрөх тусам бие организмын хувьд анхлан төрөгч шиг болох ч юм уу өвдөлт үргэлжлэх хугацаа бага зэрэг нэмэгдэх гээд нөлөө байна.
-Төрөхөд хүндрэл үүсдэг голлох шалтгаанууд юу байдаг вэ?
-Төрөхөд хүндрэл үүсэж болзошгүй шалтгааныг жирэмсэнтэй холбоотой болон холбоогүй гэж ерөнхий хоёр ангилдаг. Эх барих салбарт жирэмсэнтэй холбоотойгоор хамгийн түгээмэл үүсдэг хүндрэл гэвэл жирэмсний хожуу хордлого. Хожуу хордлого гэдэг нь тухайн хүний бие организм жирэмсэн байдалтайгаа дасан зохицож чадахгүй. Бөөр, шээсний замд ачаалал үүссэнээс шалтгаалдаг. Түүнчлэн жирэмсний дааврууд ялгараад ирэхээр цусны эргэлтийн системд өөрчлөлт ороод даралт ихсэх, хавагнах, шээсэнд уураг ялгарах гэсэн гурван сонгомол шинжээр төрөхийн хүндрэл илэрдэг. Манай улсын нөхцөлд жирэмсэнтэй холбоогүй шалтгаан гэхээр элэгний вирусний халдварын тархалт, хоол боловсруулах замын эмгэг, чихрийн шижнээс үүдэн даралт ихсэх байдлаар жирэмсний явцыг хүндрүүлдэг.
-Хэвийн төрөхийн тулд жирэмсэн болохоосоо өмнө төлөвлөх нь чухал гэдэг. Энэ тал дээр эмэгтэйчүүд хэр анхаардаг болсон бэ?
-Анх намайг эмч болж байхад хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол муу байсан. Одоо бол эмэгтэйчүүд, ээжүүд харьцангуй эрүүл мэнддээ анхаардаг болжээ. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө. Тиймээс жирэмслэх үеэсээ гурван сарын өмнө мэргэжлийн эмчид хандаж, шинжилгээнүүдээ өгөөд, зөвлөгөө авч, архаг хууч өвчнүүдээ урьдаас эмчлүүлж байгаад жирэмслэх хэрэгтэй. Ингэж байж жирэмслэх, төрөх явц хэвийн, эрүүл хүүхэд төрнө.
НЭГ УДАА ХИЙСВЭРЭЭР ТӨРСӨН Ч ХОЁР ДАХЬ УДААГАА ЖАМААРАА ТӨРӨХ БОЛОМЖТОЙ
-Хийсвэр хагалгаанд орох, байгалийнхаа жамаар буюу өөрөөрөө төрөх ямар ялгаатай вэ?
-Төрөх замаар төрөх, хийсвэр хагалгаагаар төрөх ихээхэн ялгаатай. Төрөх замаараа төрөх үед ямар нэг эдийн гэмтэл үүсэхгүй, төрсний дараа биеийн тэнхрэх үйл явц хурдан явагддаг. Сүү хурдан ордог гээд давуу талууд их бий. Байгалийнхаа жамаар төрөх бол мэдээж хамгийн сайн арга зам. Гэхдээ олон цаг өвдөх, өвдөлт мэдрэх, удаан өвдсөнтэй холбоотойгоор ургийн бүтэлт үүсэх, улмаар хүүхэд тархины даралттай төрөх зэрэгт зарим талаар нөлөө үзүүлэх хүчин зүйл болдог. Хийсвэр хагалгаа маш богино хугацаанд төрөлтийг шийддэг учраас ээжүүд хагалгаанд орох хүсэлтийг их хэлдэг. Хагалгааны үйл явцад дунджаар цагийн ажилбар явагддаг. Хагалгаагаар хэвлийн олон давхаргууд бүгд зүсэгддэг учраас хэвлийд шарх үүсдэг, умайд сорви үүсдэг. Тиймээс төрөх тоо хязгаарлагддаг. Умайдаа сорвитой бол дээд тал нь хоёр төрөх ёстой ч зарим ээж амь насаараа дэнчин тавиад дөрвөн удаа хийсвэр хагалгаанд орж байна. Таван удаа хийсвэрээр төрсөн хүмүүс ч байдаг. Хийсвэр хагалгааны гол хор уршигтай тал гэвэл умайд сорвижилт үүсгэдэг. Тиймээс дараагийн жирэмслэх явцад нөлөөлдөг. Хагалгааны шарх сайн эдгэсэн, сайн техниктэй хагалгаа хийгдсэн, хагалгааны дараах эдгэрэлт хэвийн, одоогийн жирэмслэлт хэвийн явагдаж, хүүхэд хэвийн бойжиж байгаа тохиолдолд нэг хийсвэрээр төрсөн хүн хоёр дахиа байгалийн жамаараа төрөх боломж байдаг. Төрөх зам аяндаа бэлтгэгдээд байгалиараа бүх зүйл явагдсан үед энэ боломжтой. Харин хоёр удаа хийсвэр хагалгаанд орж төрсөн бол төрөх замаар төрөх боломжгүй.
-Ерөнхийдөө төрөх замаар төрөх боломжгүй нөхцөлд л хийсвэр хагалгаанд оруулдаг уу. Тэр боломжгүй нөхцөл нь ямар үед үүсдэг бол?
-Хийсвэр хагалгаанд орох заалт харьцангуй болон туйлын гэж хуваагдаад дотроо олон заалттай байгаа. Туйлын заалт гэвэл гарцаагүй тэр хүнийг хийсвэрээр төрүүлэхгүй бол болдоггүй. Харьцангуй заалт нь хоёроос гурван нөхцөл байдал нийлж байж хийсвэр хийхэд хүргэдэг. Жишээлбэл, төрөх замаар нь төрүүлэх гээд өвдөөд умайн хүзүү бүрэн нээгдсэн хэдий ч хүүхдийн толгойн хэмжээ, аарцаг ясны хэмжээтэйгээ тохирохгүй, толгой буруу тавигдах, хэт удаан өвдөх, умай цуцах тохиолдолд яаралтай журмаар хийсвэр хагалгаанд шилждэг. Заалтуудаас хамаарч хийгддэг хагалгаа.
-Эмэгтэйчүүдийн хэдэн хувь нь хийсвэр хагалгаагаар төрж байна вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсвэрийн давтамжийг 30 хувиас доош барихыг зөвлөдөг. “Өргөө” амаржих газарт 33 хувиас хэтрэхгүй хэмжээнд хийсвэрээр төрж байгаа. Судалгааг сар болгон гаргаад явдаг. 30 хувь гэдэг бол төрж байгаа гурван хүн тутмын нэг нь хийсвэрээр төрж байна гэсэн үг. Тиймээс 30 хувиас дээшлүүлэхгүй барихыг зорьдог.
-Хагалгаагаар төрсөн учраас илүү их мартамхай болж байна, нуруу өвддөг болж байна гэх мэтээр ээжүүд хоорондоо хуучилж ярьдаг шүү дээ. Анагаах ухаан талаасаа үүнийг тайлбарлавал хэр үндэслэлтэй?
-Хийсвэр хагалгаа мэдээгүйжүүлэлтийн дор хийгдэнэ. Ерөнхий болон хэсгийн, нугасны мэдээ алдуулалтыг хийдэг. Мэдээ алдуулдаг бодис мэдээж химийн бодис. Гэхдээ химийн бодисын нөлөөгөөр мартамхай болдог гэсэн шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Хагалгаа учиргүй олон цаг үргэлжилж, хагалгааны явцад цус алдсан, өнчин тархи цусны хомсдолд өртсөн зэрэг хүнд тохиолдолд л мартамхай болно. Үүнээс биш хэвийн хагалгаа мартамхай болох шалтгаан болохгүй. Нугас руу тариа хийсний улмаас төрсний дараа нуруу өвддөг боллоо гэж ярьдаг. Хагалгаа хийх, мэдээгүйжүүлэх үйл явц нарийн ажилбар учраас мэргэжлийн эмч нар хийдэг нь тодорхой шүү дээ. Ажилбартай холбоотойгоор нуруу өвддөг болно гэж байхгүй. Ийм тохиолдол тун цөөн. Жирэмсний тээлтийн 10 сарын турш умай, ихэс, ураг орчмын шингэн урагтайгаа нийлээд 10-12 кг ачааг эх хүн үүрч явдаг. Ингэснээр нуруунд хотойлт үүсч, төрсний дараа ачаа байхгүй болоход буцаад нуруу хэвийн байдалдаа орохын тулд түр өвдөж байгаа өвдөлтийг нуруу өвдлөө гэж ойлгодог.
ХҮҮХДИЙГ ЭРТ ХӨХНӨӨС ГАРГАХ НЬ ЖИРЭМСЛЭХЭД НӨЛӨӨЛДӨГ
-Төрсний дараа хэрхэн гам барих талаар ярилцъя. Гам барих гэж яг юуг хэлээд байна вэ. Анагаах ухаанаар болон дэлхийн бусад орны жишгээс харахад яадаг вэ?
-Манайхны хэлдгээр гам гэдэг нь чихээ бөглөх, гараа хүйтэн усанд дүрэхгүй, усанд орохгүй байхыг яриад байна. Гэтэл гадаад улс орнуудад төрсөн ээжид умайг нь агшаах зорилгоор мөстэй ус уулгах, хүйтэн юм уухыг зөвлөх, төрөөд удаагүй усанд орж болж байна. Энэ мэт уламжлалт байдлуудаасаа шалтгаалж гам барих тухай яригддаг. Монгол эмэгтэйчүүдийн хувьд гам барих ёстой. Гэхдээ гам гэдэг нь эрүүл ахуйн хувьд цэвэрхэн байхыг илүүтэй хэлээд байгаа юм. Ариун цэврийн хэрэглэлээ хоёр цаг тутамд солих, ойр ойрхон шээж давсгаа суллах, төрсний дараа 45 хоногийн хугацаанд бэлгийн харьцааг хязгаарлах, хоол ундны дэглэм барих, өтгөн хатаахгүй байх, шингэн юм сайн уух, бага аарцгийн цусны эргэлт сайн байвал шархны эдгэрэлтэд нөлөөлнө гэх мэт гам барихыг зөвлөж байна.
-Төрсний дараа бэлгийн харьцааг хязгаарлах хэрэгтэй гэлээ. Үүнийг тодруулбал?
-Төрсний дараа эхний зургаан сарын хугацаанд дан хөхөөр хооллож, хүүхэд нэмэлт хоолонд ороогүй байгаа үед өндгөвчний үйл ажиллагаатай холбоотойгоор байгалиараа жирэмслэхээс хамгаалагддаг. Гэтэл сүүлийн үед ээжүүд хүүхдээ хөхүүлэх хугацаа богиносож, зарим хүүхэд зургаан сартайгаасаа өмнө нэмэлт хоолонд орж байна. Хөхөөр хооллолтын зай холдоод ирэхээр өнчин тархинаас ялгарч өндгөвчид хүрдэг даавар маань багасаад ирэхээр өмнөх ярьсан байгалиасаа жирэмслэлтээс хамгаалдаг үйл явц зогсож, амархан жирэмсэн болдог.
-Монголчуудад зонхилон тохиолддог гэж ярьдаг шамбармаар өвчилсөн бол төрөхөд асуудал болох уу?
-Миний ажигласнаар том ураг тээсэн, бага аарцгийн даралт дандаа их байсан ээжүүдэд аарцгийн ёроолын булчингуудын сулралтай холбоотойгоор шулуун гэдэсний хана урваж гарч ирдэг. Тэгэхээр жирэмслэхээс өмнө кегелийн дасгал, аарцгийн ёроолын булчингуудыг чангалах дасгалыг тогтмол хийж хэвших хэрэгтэй. Шамбарамтай жирэмсэн ээжүүд төрөхөд хэрвээ цус алдах тохиолдолд хийсвэр хагалгаа хийх заалт гарч болно.
-Жирэмсэн болохгүй байхад голлох шалтгаан юу вэ?
-Үргүйдэл гэж хосууд байнгын тогтмол бэлгийн харьцаанд огт хамгаалалтгүйгээр нэг жилийн турш ороход жирэмслэхгүй байхыг хэлнэ. Наснаас хамаарч хугацаа янз янз. 37 наснаас дээш эмэгтэйчүүд зургаан сарын дотор жирэмслэхгүй байхад бараг үргүйдэл гэж авч үзэж яаравчлахыг зорих хэрэгтэй. Үргүйдлийн шалтгаан гэвэл хосуудаас хоёулангаас нь хамаарахгүйгээр шалтгаан тодорхойгүй байх эсвэл хэн нэгнээс нь хамааралтай хавсарсан шалтгаантай байна. Эмэгтэйчүүдийн үргүйдэлд бага аарцгийн наалдцын үрэвслүүд голлон нөлөөлдөг. Манай улсад хамгийн гол үргүйдлийн шалтгаан бол бэлгийн замын халдварт өвчнөөс шалтгаалсан үрийн хоолой гэмтэх механик саад буюу үрийн хоолойн шалтгаантай үргүйдэл их байна. Дараа нь өндгөвчний үйл ажиллагааны алдагдал буюу сарын тэмдэг тогтворгүй байх, сарын тэмдэг сар болгон гадагшлахгүй байгаатай холбоотой жирэмслэхгүй байхад зонхилох шалтгаан болдог.
-Жирэмслэхээс хамгаалах аргуудын талаар тайлбарлаж өгөөч. Жирэмслэхээс хамгаалж байгаад хамгаалахаа болингуут шууд жирэмслэх үү?
-Жирэмслэхээс хамгаалах нь маш чухал. Эмэгтэйчүүд, цаашлаад нийгмээрээ эрүүл байхын тулд хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах ёстой. Эмийн арга бол өдөр болгон эмэгтэйгээс анхаарал шаарддаг. Эмээ мартахгүй тогтмол уух хэрэгтэй болдог. Гэхдээ хамгаалах хувь өндөр, эм уухаа болингуут хурдан жирэмслэх боломжтой. Спираль бол эмэгтэйгээс өдөр тутамд байнга анхаарал шаардахгүй, умайд тавих хэрэгсэл. Жирэмслэхийг хүссэн үедээ авах боломжтой. Спираль тавиулаад аваад хурдан жирэмслэх, удаан жирэмслэх нь хувь хүнээс хамаарна. Авсны дараа умайн салст нөхөн төлжих буцаад сэргэхтэй холбоотойгоор жирэмслэх үйл явц янз. Гэхдээ гурван сар эмчилгээ хийлгэж байгаад жирэмслэх нь илүү тохиромжтой. Хуанли хөтлөх арга залуу нөхөн үржихүйн насныханд үр дүнтэй байдаг. Хятад, япон хуанли гээд байгаа нь хүүхдийн хүйс тодорхойлох арга юм.
-Ер нь суулгац тавиулсан хүн таргалах уу?
-Эмэгтэй хүнээс эмэгтэйлэг байлгадаг эстроген даавар болон жирэмсэн үед илүүтэй ялгарч тайван байлгаж умайн булчинг сулруулж, умайн салстыг нимгэлэх үйлчилгээтэй прогестрон даавар ялгардаг. Бугалганд суулгадаг суулгац нь прогестрон даавар агуулдаг учраас үүнийхээ нөлөөгөөр биед хөөнгө таргалалт үүсгэхээс биш яг таргалуулдаг гэж ойлгож болохгүй. Ерөндөг бол даавар агуулсан, агуулаагүй хоёр янз байна. Түгээмэл хэрэглэдэг зэс, мөнгө, алттай спираль даавар агуулдаггүй.
Сэтгэгдэл ( 14 )
ХИЙСВЭР ХАГАЛГАА ГЭДЭГ ЧИНЬ ОГТ ХИЙГЭЭГҮЙ ХИЙСВЭР ЗҮЙЛ БОЛЖ ТААРЛАА. УГ НЬ КЕСОРЕВын ХАГАЛГАА ГЭВЭЛ АРАЙ ДӨХӨЖ ОЧИХ БАЙХ. МОНГОЛ НЭР ТОМЬЁО БАЙГАА Л БАЙХДАА. ХИЙСВЭР ГЭЖ АРАЙ БОЛОХГҮЙ БАЙХАА. МОЛОК ГЭДЭГ ШИГ
Yu ve yund suugaad emch boltsiin be mgol odoo yu bolood bnaa
Кесерв гээч
Нуруу ч өвддөг болдогшт .миниих өвддөггүй бсан 2 ихэрээ хиисвэрээр төрснөөс хойш өвддөг болсоон
deer ved eejvvd zgr olon udaa turuudl bgad b.san..hedii odoo baigal tsag uur.hool hvns uur bolsonch yuml bol hagalah gd bhaa bolimoor yum..heden tsaas ilvv avah argashdee.emch nariin ur chadvar sain bol zgrl turdiim b.aleedee
Чи ацаараа мэддэг юм. Ямар ч хүндрэл өгч болно. Хагалгаа гэдэг бол мэдрэлийн захын судаснуудыг тасдаж байгаа учир алсдаа ямар нэгэн өрөвсөл голомтот хүндрэл гарахыг үгүйсгэж болохгүй. Монгол эмч нар бүгд лам болвол таарна.
Кесарово огтлол. Кесарово сечение. Ceaser section. C-section. Гэдэг. Хийсвэр хагалгаа гэдэггүй. Зүгээр мэдээд аваарай
Зөв бичиж сураагүй юу ? Кесарево гэж бичдэг шүү дээ .
кийсвэр гэж ярьж бичихээ болиоч . ядахдаа нэрээ зев бичээч. яасан ч ядуухан ярилцлага вэ
Yagaad dandaa hiisver geed bicheed baidagum Hiisver gedeg chine hooson gart barigdahgui bodit bus zuliig heldeg shig sanagddag mongoloor Ug n bol CESAREAN SECTION buyu Latinaar CEADARE tasdah herchih gesen ugnees garaltai Mongolchilood hiisver geed alban esoorr nereltsiimuu ARAAJAV gedeg shig RADIO kkkkkk
Hiiswereer turuud nuruu ih uwddig martamhai bolson
Martamhai boldog ymbnlee shdee bodit jishee bsaar bna hagalgaand orson ehchvvdeesee asuuj sudlaach
Нуруу өвддөг болдог нь үнэншдэээ,өвддөггүй нь мэр сэр ч ихэнхдээ нурууны өвдөлт хэзээ ч арилхааргүй бдаг..бариа,физик,бол түр зуурын арга л бдагшд
Нуруу өвддөг болдог нь үнээн. Эмч нар киерово хагаглгаагаар төрсөн эхчүүдээс асуумж авбал тодорхой дү зураг гарч ирнэ дээ. Яаж ч бодсон байгалийн үамаараа төрөх нь чухал шүү