Ээлжит бус чуулганыг ирэх сарын 17-нд товлохоор болжээ

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 28

УИХ-ын ээлжит сонгуулиар МАН дахин үнэмлэхүй олонхийн суудлыг аваад байгаа. Өнөөгийн байдлаар Засгийн газраа байгуулж, яам агентлагийн томилгооны ажил шувтрах тийш хандаж байна. Сонгуулийн өмнө улс орны үнэн мөн төрхийг ямар байгааг мэдэхэд хүндрэлтэй байдаг. Улстөрчид эрх барьж байгаа талынх бол бүх зүйл сайн сайхан байгаа тухай ухуулна. Сөрөг хүчин бүх зүйл орвонгоороо эргэчихсэн мэт л аашилдаг. Яг энэ жишгээр өнгөрсөн хавар “Ковид-19”-ийн цар тахал дэгдэхтэй зэрэгцэн эдийн засгийн хүндрэл болох, болохгүй тухай баахан таамаг хөвөрсөн юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд өнгөрсөн гуравдугаар сард сэтгүүлчидтэй уулзахдаа “Төсвийн тодотгол хийхгүй гэдгээ би дөрөв дэх удаагаа хэлж байна. Тийм шалтгаан үүсээгүй. Тодруулбал, У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийнхаа суурь үзүүлэлтийг сайн сайжруулсан. Өөрөөр хэлбэл жил орчмын эдийн засгийн хүндрэлийг давж туулах хэмжээний боломж бүрдсэн” гэж байлаа.

Харин өнөөдөр шинэ парламент, Засгийн газар бүрдээд байна. Илүү хөөсгүйгээр бодит байдалтайгаа тулах цаг нь ирсэн гэсэн үг. Шинэ Засгийн газарт Сангийн сайдаараа үлдсэн Ч.Хүрэлбаатар ч, Сангийн дэд сайд асан өнөөгийн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ч төсөвт тодорхой хэмжээний тодотгол хийх нь зүйтэй гэдгийг хэлэх боллоо. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар саяхан өгсөн ярилцлагадаа “УИХ шинээр бүрдэж, Засгийн газрын шинэ бүтцээр ажиллана. Энэ бол 2019 оны арваннэгдүгээр сард батлагдсан төсөв. Тиймээс төсвийн тодотголыг ээлжит бус чуулган зарлаж батална. Нэг их томоохон өөрчлөлт энд орохгүй гэж бодож байна. Төсвийн хөрөнгө оруулалт, батлагдсан, яригдсан зүйлүүд хэвээрээ явна. Зарлагдаагүй, санхүүжилтийн дүнд холбогдох өөрчлөлтүүд нь орно” гэж байлаа.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 17-нд зарлахаар төлөвлөж байгаа аж. Төсвийн тодотгол хийгээд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг наймдугаар сарын 10-нд УИХ-д өргөн барихаар тогтжээ. Тодруулбал, Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг боловсруулж эхлээд байгаа. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал Алсын хараа-2050, тэр дундаа тус бүр 10 жилээр хэрэгжих дунд хугацааны хөтөлбөр болон таван жилээр хэрэгжих үйл ажиллагааны үндсэн чиглэлд суурилна. Ирэх жилүүдэд бондын өр төлбөрийг барагдуулж, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, усан цахилгаан станц, боловсруулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлаа дуусгана.

Мөн иргэн бүр жил бүр эрүүл мэндийн оношлогоонд хамрагддаг байх, саарал ус ашиглах, нийслэлийн инженерийн шугам, сүлжээг шинэчлэх зэрэг олон жил яригдсан асуудлыг цогцоор нь шийднэ” гэсэн байдаг. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого энэ оны эхний зургаан сарын байдлаар 2,1 их наяд төгрөгөөр тасарсан. Энэ хэвээр байвал оны эцэст гурван их наяд төгрөг хүрэх төлөвтэй. Иймээс Засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр “Ногоон гарц” түр журам хэрэгжүүлэхээр БНХАУ-тай тохиролцсоны зэрэгцээ олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байна” гэж байсан юм.

Ж.САЙХАН

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Том ах(192.82.75.41) 2020 оны 07 сарын 28

Энэулс орон чинь хэцүүдлээ. 8.3 нд ядахдаа 8.10 нд хуралдуулаад ЗГ-ын мөрийн хөтөлбөр гээч хүүхдийн тоглоом шиг сэгийг нь хурдан баталж өгөөд энэ улс орны ажил амьдралыг хөдөлгөөч. Иймэрхүү байвал ард түмэн Хүрэлсүхийг өарьж идэхэд тун ойрхон болсон шүү

0  |  0
Top