Рио Тинто. Нэг талаас нь харвал Монгол Улсад одоо байгаа хамгийн том ордыг эргэлтэд оруулж, дэлхийн хэмжээний тоглогч болгох гэсэн хөрөнгө оруулагч. Хөрөнгө оруулаад 10 илүү жилийг үзэж байгаа ч гараанаас гарч өгдөггүй, гүний уурхай нь дуусаж өгдөггүй “Оюутолгой” гэх төсөлтэй. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаагүй байгаа ч Монголын эдийн засаг болоод өдийг хүрлээ. Нөгөө талаас нь харвал хамаг баялаг сорох гэж байгаа гаднын мангаа. Эх орон гэж цээжээ дэлддэг хэсэг бүлэг хүмүүс тэднийг эгээтэй л эзлэн түрэмгийлэгч гэж хардаг юм. Харсаар ч байгаа. Ядуу буурай орнуудад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөр нь бараг бүгд шүүхийн хаалга татаж, ирээдүйд олох үр ашиг дээрээ маргаантай байдаг том компани. Магадгүй компаниасаа ч бага амбицтай орнуудад үйл ажиллагаа явуулдаг болохоор тэд ийм хэл амтай байдаг байж болох юм. Монголчууд Рио Тинтод хятадууд шиг дургүй. Монгол орныг сүйдлэх, хамаг баялгийг нь сороод алга болох гэж байгаа гэх өнцгөөр харвал зарим талаараа үзэн яддаг хятадуудаас нь аймаар “хадны мангаа”. Гэвч юу гээч, үзэн яддаг Хятадтай нь үнэн голоосоо дургүй Рио Тинто компани найрсаад, айлсаад хамтын ирээдүйгээ төсөөлөөд эхэлжээ. Зарим төслүүд нь аль хэдийнээ эхэлчихсэн явж байна.
Одоогоос 15 жилийн өмнөх рүү түүхийн хүрдийг буцаая. Рио Тинто компани хятадуудтай холбоо тогтоох эхлэлээ тавив. Эхлэлээ тавих ч гэж Рио Тинто хятадуудыг сонирхож эхэлсэн гэвэл ононо. Чухам яагаад хятадуудыг сонжих болсон нь цаанаа учиртай. Тэр цаг үед хятадууд хөрөнгө чинээ бэл бэнчин нь нэмэгдэнэ гэсэн хүлээлт зонхилж байлаа. Халаас зузаантай баячууд ч төрж байсан цаг. Одоо л “Бүс ба зам” нэртэй болчихсон болохоос биш Хятадууд аль хэдийнээ Африкийг хараалаад бүс нутгийн томоохон төслүүдэд нь хамтран оролцоод эхэлж байжээ. Дэлхийн хамгийн зузаан түрийвч болох зорилт тавьсан энэ улсад бадар барьж гүйх европын орнуудын тоо ч тухайн үед нэмэгдэж эхэлсэн байлаа. Тиймээс уул уурхайн томоохон тоглогч гэдэг утгаараа Рио Тинто руу хараагаа бэлчээгээд, сонирхож эхэлсэн хэрэг. Рио Тинто ч хар тивийн хэд, хэдэн улсад төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Хятадууд харин энэ цагт хар тивийг сонирхоод эхэлсэн нь Рио Тинтогийн сонирхлыг нэмэгдүүлсэн юм.
Хараагаа бэлчээснээс хойш таван жилийн дараа ашиг сонирхол нь биелэхэд алхам ойртов. 2010 оны зургаадугаар сар бол Хятад, Рио Тинтогийн хослол эхэлж, хэлцэл нь амжилттай хэрэгжиж эхэлсэн он цаг байлаа. Та бүхэн энэ оныг тогтоогоор аваарай. Одоо хүртэл гараанаас гарч өгдөггүй, гарах гэтэл байгаль эх, Засгийн газар хоёр нь саад болдог “Оюутолгой” төсөл гараанаас гарч гарын үсэг зурагдсан он цагтай давхцана.
БНХАУ-ын Засгийн газар болон Рио Тинто компани хамтран ажиллах анхны оролдлого Мозамбик улсад хэрэгжүүлж буй нүүрсний томоохон төсөл байлаа. Мозамбикийн Тете мужид оршдог нүүрсний уурхайд Рио Тинто компани 2011 онд хөрөнгө оруулж, төслөө албан ёсоор эхэлсэн байдаг. Уурхайн 65 хувийг 3.9 тэрбум ам.доллароор өөрийн болгосноосоо хойш уурхайн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж амласан ч амлалт, төлөвлөгөөндөө хүрч чадаагүй. Тэд нүүрсний агуулга, чанар муу учир ашиг олохгүй байна гэж мэтгэдэг. Хөрөнгө оруулснаасаа хойш таван жилийн дараачаас эхлэн хамтран хувь эзэмших компаниа хайсаар БНХАУ-тай нүүр тулжээ. Гэвч эхнээсээ Мозамбикийн Засгийн газартай худалдан авах, эрх шилжих тал дээр маргаантай байсан тул хөрөнгө оруулахаас татгалзаад гарсан юм.
Харин Гвинейн төмрийн хүдрийн Симанду төсөл тэднийг ширээний ард найрсан суух эхлэл байлаа. Хэдийгээр 2018 онд хэлцэл амжилттай болсон ч 2010 онд БНХАУ-ын тал Рио Тинтогийн төлөөлөлтэй уулзаж хамтран эзэмших талаар санал солилцсон мэдээ бий.
Гвинейн хөрсөн доорх байгалийн арвин баялаг 2008 онд үндэстэн дамнасан корпорац, их гүрнүүдийн хараанд өртөж эхэлжээ. Улмаар 2013 онд Рио Тинто компани үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлсэн байна. Израилийн очир эрдэнийн бизнест хөрөнгө оруулсан Бени Стайнвиц голлох хөрөнгө оруулагчдын нэгээр нь нэрлэгдэж байлаа. Хэдийгээр төслийн эхэнд Рио Тинто компани өөр улсын компанитай хамтрахгүй гэж байсан ч Гвинейн Засгийн газарт мэдэгдэлгүйгээр БНХАУ-ын төрийн өмчит Хөнгөн цагаан олборлох компанитай гэрээ байгуулсан нь хэвлэлийнхний анхааралд өртөв. Улмаар БНХАУ-ын төрийн өмчит Chinalco компани 2018 оны аравдугаар сард уг уурхайг хамтран эзэмшихээр болж, 2018 оны аравдугаар сарын 26-нд хэлцэл албан ёсоор хүчин төгөлдөр болсон юм. Гэрээ ёсоор Рио Тинто болон “Chinalco” компани уурхайн 45.05 хувийг хуваан эзэмшихээр болсон билээ. Эзэн суух ёстой Гвинейн Засгийн газар энэ уурхайн дөнгөж 15 хувийг эзэмшиж буй юм.
Амжилттай болсон хэлцлээс ердөө хоёр хүрэхгүй сарын дараа Рио, Хятадын найрсал дараагийн төсөл дээр биеллээ олов. Намиб улсын энгэрт байгалийн эхийн хайрласан асар их уурхайн нөөц хоёр талын найрын ширээний ууц болсон Россинг уурхайн төсөл тэртээ 1976 оноос эхтэй. Нутгийн уугуул иргэдийн ширүүн тэмцэл, нутаг орноо гэх олон арван байгууллагын хараал, шүлсийг хангалттай барсан энэ компани хувь заяаны шоглоомоор Намибын эдийн засгийн гол амь тариа болсоор иржээ. Энэ утгаараа Монголтой адилхан байж болох юм. Уурхайн гарц 2000-аад оноос эрс муудан улмаар 2001 оноос эхлэн гүний уурхайн тухай ам нээх болжээ. Гэвч одоог хүртэл гүний уурхай ашиглалтад ороогүй л байна. Гүний уурхай ашиглалтад оролгүй 20 гаруй жил болох хооронд уурхайн насжилт 2025 он хүрэх төлөвтэй. Найдлага тасарч, маргаан холдохоо байсан энэ уурхай дээр БНХАУ-ын төрийн өмчит “Хятадын үндэсний ураны корпорац” 2018 оны арванхоёрдугаар сард хамтран ажиллахаар болсон юм. Гэрээ ёсоор Россинг уурхайн 68.6 хувийг “Хятадын үндэсний ураны корпорац” эзэмшинэ. Хэлцэл энэ оны нэгдүгээр улиралд багтан бүрэн дууссан ч маргаан тасрахгүй хэвээр. Өнгөрсөн тавдугаар сард Намибын Засгийн газар БНХАУ болон Рио Тинтогийн хооронд болсон дээрх хэлцлийг хууль бус гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ галт тэрэг хөдөлж “Хятадын үндэсний ураны корпорац” эхний арга хэмжээгээ аваад эхэлжээ.
Африк дахь төслүүд муурын амнаас гараад барын аманд орж байх хооронд Рио болон Хятад найрслаа улам лавшруулсаар байлаа. Үүний нэг илрэл нь Бао-Хи компани БНХАу-ын төрийн өмчит төмрийн компани болох Баову компани Рио Тинтотой таван жил хэлэлцсэний үр дүнд хувь нийлүүлсэн үйлдвэр байгуулахаар болсон юм. Уг үйлдвэр Рио Тинтогийн эзэмшлийн Пилбара төмрийн хүдрийн бүлэг орд дээр түшиглэн төмрийн хүдэр олборлоно. Хэдийгээр хэлцэл албан ёсоор эцэслэгдээгүй байгаа ч зургаадугаар сард хоёр тал тохироонд хүрчээ. Гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсны дараа тус ордын 54 хувийг Рио Тинто компани эзэмших юм. Шинжээчид ирэх арваннэгдүгээр сард Бао-Хи компани албан ёсоор байгуулагдана гэж таамаглаж байна.
Компани байгуулах тухай сураг тасраагүй байна. Тэдний хооронд үйлдсэн сүүлийн хэлцэл өнгөрсөн жил болсон юм. Рио Тинто компани БНХАУ-ын төрийн өмчит "China Minmetals Corp" компанитай хувь нийлүүлсэн компани байгуулахаар боллоо. Хоёр талаас 50/50 хувийг нийлүүлэн байгуулах уг компани Хятадын дөрвөн мужид зэс, зинк олборлох хэд хэдэн уурхай байгуулах юм байна. Талууд 2018 оноос хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулж, 2018 оны зургаадугаар сард хувь нийлүүлсэн компани байгуулахаар тогтсон юм. Хамгийн сүүлийн мэдээллээр дээрх хоёр хэлцэл гараанаас гарахад бэлэн болжээ. Чухам хэзээ гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
Юу бичцэн сэтгүүлчинцэр вэ чааваас.
Новшийн рио хар харх вирус хятадтай нийлж Монголыг залгих талаар бичжээ.хар харх вирус хужаа сөнөөсэй.
босоо хэвтээчүүд шиг юмнууд эх орон гэж худлаа хятад оросын мөнгөөр орилж байгаад хядадуудад ашигтай шийдвэр гаргуулдаг гэж байна
Юу ч ойлгосонгүй пизда. Бодвол л Оюутолгойн гэрээнд хулгайн гар дүрсэн новшакуудаа өмгөөлөх гээд л ээрч муураад байгаан байлгүй дээ. Энэ бас нэг балай балай хулгайчуудын сурталдаач сонин доо пизда чинь
солиотой юм бичдэг хөгийн сонин