Чанаргүй сормуус суулгасан ХОХИРОГЧДЫН арми бий болох вий!

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 12

“Гоо сайханд золиос хэрэгтэй, сайхан л харагдаж байвал бусад нь яахав дээ!” гэдэг жишиг бүсгүйчүүдийн дунд тогтсон гэлтэй тэр ч сайн, энэ ч сайн гэсэн бүхэн рүү хошуурдаг нь нууц биш. Зарим нь нүүрээ татуулж, зарим нь ботокс тариулж, зарим нь зовхио зүсүүлж, зарим нь уруул шахуулж, зарим нь хумс наалгаж, зарим нь сормуус залгаж үлгэрийн хөөрхөн дүр төрхийг өөр, өөрийнхөөрөө бүрдүүлсээр. Гэвч сайхан бүхний цаана золиос тодорхой хэмжээгээр гардаг. Гоо сайхны мэс ажилбарын хохирогч болж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа ба жилд хийгдэх 4-5 хувь нь ямар нэгэн байдлаар хохирдог гэсэн судалгаа бий. Хамгийн наад захын жишээ нь дэрвэгэр сормуустай, дэгжин нүдэн болох гээд нүдээ сохлох дөхсөн гашуун туршлага ч байна. Мэргэжлийн эмч нар ч сормуус суулгах ажилбар нь нүдний үрэвсэл үүсгэж, мөөгөнцөртүүлэх аюултай гэдгийг сануулсаар байгаа. Энэ сэдвээр охид бүсгүйчүүддээ сэрэмжлүүлэг болгож дараах сурвалжилгыг хүргэе.


Сормуусыг уусаллтай, уусалтгүй, булган, үсэн, торгон гээд янз бүрийн хэлбэрээр хийх бөгөөд 35-120 мянган төгрөг хүртэл үнэ ханштай. Зарим салон бүр сормуус суулгана ч гэж байх. Байгалиас төрмөл заяагаагүй зүйлийг өвс ногоо шиг тарьж ургуулж болдог болсон нь технологийн дэвшилттэй ч өөрийн юм шиг ургаж төлжих нь юу л бол гэсэн хардлагыг төрүүлнэ. Хүүхнүүд маань сүүлийн үед сормуус хийлгэх үйлчилгээг их авдаг болсон боловч чанар биш үнийг чухалчилдаг нь хохирогч болох гол шалтгаан болж байгаа аж. Сормуус хийдэг газруудаас үнэтэйд тооцогддог нэгэн газ­рыг сонгон очив. Орчин нь их цэвэрхэн, тухтай байлаа. Нэлэнхүйдээ ягаан өнгөөр орчноо тохижуулсан тус салоны угтагч найрсаг мэндчлээд ямар үйлчилгээ авахыг сонирхов. Урд шилэн ширээн дээрх салоны танилцуулгаас сонирхвол гоо сайханч нарын зургийг товч намтартай нь байрлуулж, сормуусны төрөл, үнийг жагсаажээ. Салоны үнэ 60-150 мянган төгрөг хүртэл ханштай байлаа. Нэгэн бүсгүй сормуус хийлгээд дууссан бололтой дэрвэлзээд л гарч ирэв.

Тэрбээр “Тухтай газар үйлчилгээ авах нь амар байдаг юм аа. Мөнгөө төлж хийлгүүлж байгаа юм чинь сайн газрыг л сонгоно, муухай бохир, хямдхан газар хийлгэж нүдээ тоглуулмааргүй л байна шүү дээ” гэлээ. Бидний дараагийн очих газар бол үнийн хувьд арай хямд III, IV хороололд байрлах салон. Цахим хуудсуудад зар нь түгж байдаг ердийн л нэг салон. Намрын улиралын хямдрал зарлаад 10-20 мянган төгрөгийн хооронд сормуус хийж байлаа. Үүдэнд нь сормуус хийлгэхээр хүлээж буй арван жилийн бололтой хоёр охин мөн нэг эгч сууж байлаа. Эгчмэд бүсгүйгээс яриа өдөхөд “Эгч нь сормуус гурав дахь удаагаа хийлгэж байна. Олон хийлгэхээр өөрийн сормуустайгаа наалдаад унаа байдаг юм аа. Арван жилийн уулзалт удахгүй болох гээд яалт ч үгүй хийлгэхээр ирсэн байна. Сормуус хийлгэсний дараа дасахгүй нүд аргаад нухаад байдаг юм. Тэгэхээр туг тугаараа уначихдаг. Энэ удаа сайн цавуугаар хийнэ гэсэн болохоор хүрээд ирлээ” гэв. Тус салоны гоо сайханчаас ямар цавуугаар наадаг тухай лавлахад герман, солонгос цавуугаар гэж товчхон хариулсан юм.

Бидний дараагийн зорьж судлах газар бол гэрээр ирж сормуус суулгадаг хүмүүс. Гэрээсээ гарч амждаггүй, хүүхдээ хардаг, зав муутай хүмүүст гэрт нь ирээд үйлчлэх маш амар санагддаг ч эрсдэл ихтэй байдаг аж. Жишээ нь, Энхмарал хэмээх бүсгүй 24 настай. Төрөөд гурван сар болж байгаа учир амарчлаад гэрээр дуудлага өгч сормуус хийлгэжээ.

Тэрбээр “Гэртээ хүүхэд харж өнждөг болохоор царай алдаад байгаа юм шиг санагдаад гэрээр сормуус хийдэг хүн дуудсан чинь бүр балрах шахсан. Их л сайхан ааштай эгч ирсэн. Одоо бодоод байхад хамгийн эрсдэлтэй л зүйл байсан юм байна лээ. Миний өмнө ирэхдээ хэдэн ч хүнд нэг багжаа ашигласан юм билээ. Багажаа миний хажууд цэвэрлэж ариутгаагүй. Өмнө нь цэвэрлэсэн юм байлгүй гээд би ч тоогоогүй юм. Гэрээр хийдэг болохоор үнэ нь ч хямдхан, би 20 мянган төгрөгөөр хийлгэсэн. Сормуус хийлгэсэн оройдоо нүд хорсоод улайгаад, зовхиор жижиг юмнууд туураад, сандарч нүдний эмчид бушуухан очлоо. Сормуусаа авахуулж угаалгаад эм дусааж байж гайгүй болсон доо. Цавууны харшил өгсөн нь тэр байж. Хятадын муу цавуугаар хийчихсэн байсан. Сормуус хийсэн хүндээ энэ тухай хэлтэл өөрөө л нухаад, нүдээ улайлгаа байлгүй гээд огт хүлээж аваагүй” гэлээ.

Нэгэнт гаргасан шийдвэрээ буцаах хэцүү. Аливаа зүйлийн амар, хялбар, хямдыг харах нь ялихгүй юмнаас ямааны гарз гэдгийн үлгэр болох аюултай. Мэдээж хэн нэгэн өөрийнхөө мөнгөөр үлгэрийн гүнж болно уу, үзээрийн нэгэн болно уу хамаагүй мэт боловч шаардлага хангаагүй, тоо томшгүй олон гоо сайхны газруудыг Мэргэжлийн хяналт нь хэрхэн шалгадаг юм бол.

Тусгай зөвшөөрөлтэй, ариун цэврийн шаардлагыг дээд зэргээр хангасан найдвартай салоноор үйлчлүүлж, өөрийн­хөө гоо сайхныг аврахыг хүүхнүүд­дээ сануулж үүнийг сийрүүлэв. Мөн охид бүсгүйчүүд маань үйлчлүүлж буй газрынхаа халдваргүйжүүлт, ариутгалын тал дээр өөрийнхөө төлөө шаардлага тавьж сураарай. Сайхан харагдах чухал боловч эрүүл мэнд бүр илүү чухал шүү.

Ж.ЭНХЧИМЭГ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ss(66.181.191.18) 2020 оны 08 сарын 12

sormuus hiilgeed uuriin sormuusgvil bolson..odoo hashirsan shvv

0  |  0
Top