УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2020.08.17/ 09:00 цагт нээлтээ хийлээ. Ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "Цахим шилжилт цаг үеийн шаардлага боллоо. Зээлийн хүүг бууруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж тогтоолын төлсийг боловсруулаад байна. Банкны салбарын шинэчлэлийг эхлүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг амилуулах шаардлагатай байна. Орон нутгийн сонгууль болно. Холбогдох хуулийг шинэчилж батална. Бүхэлдээ та бидний амласан амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжүүлэхэд чиглэнэ. Үүний төлөө тангараг өргөсөн гэдгээ ямагт санаж байх хэрэгтэй. Салбар бүрд шинэчлэлт, өөрчлөлт хийж сайхан амьдралыг төвхнүүлнэ гэсэн иргэдийн галыг улам асаах ёстой. Монголоо өөд нь татах шинэчлэлийн давалгаа нэгэнт эхэлсэн. Улсаа хөгжүүлэх эрхэм үүрэг та бидэнд оноогдсон. Өндөр хариуцлага, эрхэм ёс зүй биднийх байх ёстой. Ард түмнийхээ итгэлийг даасан шиг дааж, өгсөн үүргийг нь биелүүлсэн шиг биелүүлье" хэмээн тодотголоо.
Энэ удаагийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах есөн асуудлыг хэлэлцэнэ.
- Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл;
- Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл;
- Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
- “Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
- “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр захирамж гаргасан.
Сэтгэгдэл ( 0 )