Г.Цэндбаяр: Цусны төвд II, IV бүлгийн цус дутагдалтай байна

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19

Цусаа хандивлах нь хөрөнгө мөнгөөр үнэлшгүй буянтай үйл билээ. Нэг удаа цус  өгөхдөө та гурван хүний амь насыг авардаг. Коронавирусний хөл хорио, оюутан залуусын амралт болон хүмүүсийн аялал зугаалгаас үүдэн цусны хомсдол үүсээд байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Цусны төвийн Донор зохион байгуулалтын их эмч Г.Цэндбаяраас цусны дутагдал, түүнийг хэрхэн хангах талаар тодрууллаа.


-Цусны донор гэхээр хүмүүс тусдаа бүлгийн цустай хүн байдаг гэж ойлгоод байдаг. Ер нь ямар цусыг донор гэх вэ?

-Цусны төв нь “Улаан загалмай” нийгэм­лэгтэй хамтран албан байгууллагуудаар цус хандивлах аян өрнүүлэн ажиллаж байна. Энэ удаад Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Цусаа хандивлахыг хүссэн албан байгууллагууд хамтарч ажиллахад нээлттэй. 18-50 насны, 45 кг-аас дээш жинтэй, элдэв өвчин эмгэггvй, аль ч бүлгийн цустай, эрүүл хүн донор болох боломжтой. Эмч мэргэжилтнүүд танд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийнэ. Хэрэв тэнцэж донор болсон бол та эрүүл байгаагийн баталгаа.

Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд элэгний В, С вирусний тархалт их байгаагаас цусны донор ховордоод байгаа. Мөн ХДХВ, сүрьеэ, тэмбүү, бруцеллёз зэрэг өвчнүүд цусаар дамжин халдах тул маш нарийн шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Таны бэлэглэсэн цусанд цусны бүлгийг тодорхойлох, ХДХВ, гепатит В болон С вирусний эсрэгтөрөгч, тэмбүү, бруцелёз зэрэг халдварын үүсгэгчийг илрүүлэх 10 төрлийн шинжилгээг хийдэг. Тэнцсэн цуснаас зургаан цагийн дотор багтаан үндсэн 4-10 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг.

-Цусаа өгөхөд ямар нэгэн сөрөг үр дагавар байдаг уу?

-Цусаа өгөх нь ямар ч аюулгүй. Насанд хүрсэн хүн дунджаар 5-7 литр цустай байдаг. Эрүүл хүн нэг удаад 350-400 мл цус өгч болох ба жилд дөрвөн удаа цусаа өгөхөд эрсдэл байхгүй. Хүний цус амархан төлждөг учраас таны цус 36-70 цагийн дотор эзэлхүүнийхээ хувьд аль хэдийн нөхөгдсөн байдаг. Цус авахад хэрэглэгдэж байгаа бүх багаж тоног төхөөрөмж ариутгагдсан бөгөөд зөвхөн нэг удаа хэрэглэгддэг. Иймд та цус өгснөөр ДОХ болон бусад халдвар авах болов уу гэж санаа зовох хэрэггүй. Цус авахаас өмнө эмч нар таны даралтыг хэмжээд, цусны бүлгийг тодорхойлоод, хэрэв цус багадалттай бол танаас цус авахгүй.

-Цус өгөхийн өмнө хүмүүс юуг анхаарах вэ?

-Урьд өдөр нь сайн унтаж амрах, хувийн ариун цэвэр сайн сахих, өөх тостой хоол, сүү сүүн бүтээгдэхүүн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Цус өгөхөөс өмнө ердийнхөөс илүү халуун шингэн ууна.

Цус өгөх өдрийн өглөөний цайндаа хөнгөн хоол хүнс /чихэртэй цай, мантуу, талх, өндөг, цагаан будаа/ хэрэглэвэл цусан дахь глюкоз нөхөгддөг. Та ойрын зургаан сарын дотор шивээс хийлгэсэн, чихээ цоолсон, эмчилгээ хийлгэж байгаа бол, мөн жирэмсэн ба хөхүүл, мэс засал хийлгэсэн, аспирин, антибиотик хэрэглэж байгаа,  ойрын гурван хоногт согтууруулах ундаа хэрэглэсэн бол түр хугацаанд цусаа өгөх боломжгүй.

Харин шарлах, салхин цэцэг, улаан бурхан зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн хүн цусаа өгч болохгүй.

Мөн эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирж байгаа үед цус авдаггүй. Дээрх судалгааг та заавал үнэн зөв бөглөх шаардлагатай.

-Цус өгөхөд хэр хугацаа шаардагддаг вэ?

-Зөвхөн цусаа өгөхөд дунджаар 10 минут орчим хуга­цаа зарцуулагддаг боловч бүртгүү­лэхээс эхлэн цусаа өгсний дараа түр амрах хугацааг оруулан нийтдээ 30 орчим минут болдог.

Таны цусаа бэлэглэхэд зарцуулсан хугацаа бол хамгийн үр ашигтай өнгөрөөсөн мөч юм шүү.

-Манай улсад цусны дутагдал хэр байна вэ?

-Цаг үеийн онцгой нөхцөл байдал, улирлын онцлогоос шалтгаалан манайд цусны хомсдол үүсээд байгаа. Ялангуяа II, IV бүлгийн цус маш их дутагдалтай байна. Учир нь монголчуудын дунд энэ бүлгийн цустай хүн ховор байдаг тул хэрэв дээрх бүлгийн цустай хүмүүс эрүүл байгаад өөрөө хүсвэл цусаа хандивлаарай гэж уриалж байна.

-Цусаа өгсний дараа цус төлжүүлэх ямар хоол унд хэрэглэх вэ?

-Цусаа өгөх үед эмчийн үзлэг, шинжил­гээгээр тэнцсэн тохиолдолд эрэгтэй хүн хоёр, эмэгтэй хүн гурван сарын дараа дахин цусаа бэлэглэж болно. Цус төлжүүлэх төмөр ихтэй бүтээгдэхүүн, мах, элэг, улаан лооль зэрэг бүтээгдэхүүн түлхүү хэрэглээрэй.

-Монголд цусаа тогтмол өгдөг хэдий тооны Хүндэт донор байдаг вэ, тэдгээр хүмүүс ямар хөнгөлөлтүүд эдэлдэг юм бол?

-Цусны хэрэгцээт шаардлагаас хамааран манай улсын нийт хүн амын 1.3 хувь нь цусны донор буюу Хүндэт донор байдаг. Хүндэт доноруудад улсаас сард нэг удаа сувилалд амрах эрх, улсын эмнэлгээр цаг авалгүй үйлчлүүлэх, автобусанд хөнгөлөлттэй зорчих, жилд нэг удаа түлээ, нүүрсээр хангах халамжийг үзүүлдэг.

-Цусаа өгөхдөө сэтгэл зүйгээ бэлдэж очих хэрэгтэй юм шиг санагдсан?

-Тийм шүү. Бид цусаа өгөхөөр ирсэн хүмүүст халуун цай уулгадаг. Цус өгөхдөө сэтгэлзүйгээ маш тайван байлгах шаардлагатай. Хүн айж сандран биеэ барьсан үед судас агшин цусны урсгалд саад учруулдаг. Тиймээс сэтгэл санаагаа өөдрөг тайван байлгах хэрэгтэй.

-Шаардлага хангасан донор цусыг ямар, ямар тохиолдолд хэрэглэдэг вэ?

-Монгол Улсад осол гэмтлийн улмаас 5000 гаруй донорын цусыг жилд хэрэглэдэг. Түлэгдэлтийн улмаас жилд 1,000 гаруй донорын цус хэрэглэдэг. Мөн нэг хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд 100 хүнээс бэлэглэсэн цусыг хэрэглэдэг. Төрөхийн хүндрэлээс болж цус алдсан ээжүүдэд таван литр цус шаардлагатай болдог. Манай улсад 1000 хүн тутмын 15 нь цусаа өгч байж улсынхаа цусны бүх хэрэгцээг хангана.  Өнөөдөр цус, цусан бүтээгдэхүүн дутагдсанаас дэлхий дахинд жил тутам 500 мянга гаруй хүн амь насаа алдаж байгаа нь эмгэнэлтэй тоо шүү.

-Хүний алтан амийг аварч халуун цусаа хандивлахаар зорьсон хүмүүс хаана, хаана очиж өгөх боломжтой вэ?

-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн залгаа Цус сэлбэлт судлалын үндэсний төв, БГД-ийн Эрүүл мэндийн төвийн II давхарт 212 тоот, Улсын II төв эмнэлгийн  зүүн талд Баянзүрх цус цуглуулах төв бий. Ажлын өдөр 08.30-16.00 цаг хүртэл ажилладаг.

Э.УЯНГА

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top