Беларусьт өрнөөд буй эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг зэрлэгээр зодож занчиж байгааг харуулсан дүрс, ярилцлагууд дэлхий дахинд цацагдсаар байна. Минскийн оршин суугч, 16 настай Тимур ОМОН /Товчилсон үг: Отряд милиции особого назначения - Беларусийн цагдаагийн тусгай анги/-ийн алба хаагчдад зодуулан хүндээр бэртэж гэмтсэн, 25 настай Александр Вихор зодуулсны улмаас эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан гэх мэтээр хүчний байгууллагынхны зэрлэг балмад үйл ажиллагааны уршгаар хохирсон оролцогчид олон байгаа аж.
Өнгөрөгч даваа гарагийн байдлаар, Беларусийн Мөрдөн байцаах газар иргэдээс 700 гаруй өргөдөл хүлээж аваад байна. Тэдний 600 нь баривчлагдах үедээ хүч хэрэглүүлсэн, 100 гаруй нь саатуулах байранд зодуулсан тухайгаа гомдол мэдүүлжээ.
Би-би-си Оросын мэдээллийн алба Беларусийн ОМОН-д алба хааж байсан нэгэн бэлтгэл офицертой ярилцлага хийснийг сонирхуулъя.
Олег (Нэрийг өөрчлөв). Минскийн ОМОН-д жирийн байлдагчаас офицер, хорооны дарга болтлоо 17 жил алба хаажээ.
“Би ерөнхийлөгчийн анхны сонгуулийн өмнөхөн ОМОН-д ирсэн. Армид түргэвчилсэн алба хааж, тусгай хүчнээр бэлтгэгдсэн юм. 1990-ээд оны залуус нэг бол танхай дээрэмчин болж, эсвэл цагдаад алба хаахаар явж байсан үе. Миний хувьд цагдаа болохыг сонгосон. Би хуучнаар ЗХУ-д өсөж торнин, баатарлаг гавьяаны үлгэр жишээгээр сурч хүмүүжсэн учраас тухайн үед 30 долларын бага цалинг тоолгүй сэтгэлийнхээ дуудлагаар цагдаад ажиллахаар очиж байлаа. Тухайн үед ОМОН-д “афганчууд”, өөрөөр хэлбэл, Афганистанд халуун цэг дээр тулалдаж явсан хүмүүс олон байсан юм. Бидний “цэгц шударгын хэм хэмжээг” тэд тогтоодог байв. Сүүлийн өдрүүдэд манай энд гараад байгаа зэрлэг балмад үйлдлийг бид хэзээ ч хийхгүй байсан. Бид хатуу чанга байсан хэдий ч харин харгис байгаагүй билээ” хэмээн Олег дурсан өгүүлжээ.
-Би-би-си: Эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарах ажиллагаанд та оролцож байсан уу?
-Олег: Би 2010 онд албанаас халагдсан, гэхдээ 2010 оны арванхоёрдугаар сарын 19-нд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Тусгаар тогтнолын талбайд жагсагчдыг хөөж тараахаас өмнө ажлаасаа гарсан. 1996 онд “Минскийн хавар”-аар нийтийн хэв журам сахиулах албыг гүйцэтгэж байсан. Мөн 2006 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Октябрийн талбай дээрх жагсагчдын асар майхныг цэвэрлэхэд оролцсон, гэхдээ тэнд ямар ч зодоон цохион, бэртэл гэмтэл гарч байгаагүй.
-Би-би-си: Жагсагчдыг хөөж тараахад ажилтнуудаа хэрхэн бэлтгэдэг вэ? Энэ нь үзэл суртлын ажил мөн үү? Эсвэл “эх орноо хайрлаж”, түүний “дайснуудыг” цохиж зодохыг зааж сургадаг юм уу?
-Олег: Одоогийн алба хаагчдад юу зааж сургадгийг би мэдэхгүй. Хуучин надтай хамт ажилладаг байсан зарим алба хаагчид байдаг хэдий ч одоогоор тэдэнтэй холбогдож тодорхой мэдээлэл аваагүй учраас сайн мэдэхгүй байна. Ард түмнээ ийм харгисаар үзэн ядах сэтгэл одоогийн алба хаагчдад яагаад төрөөд байгаа юм бол? Бидний үед ийм зүйл огт байгаагүй. Элдэв жагсаал цуглаан болдог л байсан, тэднийг зогсож байх үед хэн ч гар хүрдэггүй байсан. ОМОН бамбайгаа бариад, заримдаа түүнгүйгээр хамгаалалтад зогсдог байлаа. Цагдаагийн алба хаагчдын биед халдаагүй тохиолдолд хэзээ ч хүч хэрэглэдэггүй байсан.
-Би-би-си: Хэрэв жагсагчид түрэмгий зан авир гаргавал яаж ханддаг вэ?
-Олег: Танд яаж тайлбарламаар юм бэ дээ.... Дайнд оролцож буй цэргүүд засаг төрийн төлөө, хэн нэгэн удирдагчийн төлөө тулалддаггүй. Харин чамтай хамт нуувчинд сууж байгаад амь үрэгдсэн тэр андынхаа төлөө, түүний хариуг авахын тулд тулалддаг юм. Жагсагчидтай тулгарах үед ч энэ зарчим үйлчилнэ. Чиний хамтрагч цагдаагийн толгойг чулуу нисэж ирээд хага цохих үед хэн ч байсан уур хүрч таарна. Гэвч тэр болгонд уураа илэрхийлээд байх боломжгүй. Харин одоо өрнөөд байгаа олон үйл явдлыг би сайн ойлгохгүй байгаа. Жишээ нь, 15-хан настай жаалхүүг “Би 15 настай!” гэж хашгираад байхад нь яаж зодож занчиж чадаж байна аа... Миний ойлголтоор, энд ямар нэгэн зарчмын зөрүү үүссэн бололтой.
-Би-би-си: Одоо болж байгаа үйл явдлуудыг офицерийн тушаалаар үйлдэж байна уу, эсвэл алба хаагчид өөрсдөө дураараа ингэж авирлаад байна уу?
-Олег: Ямар нэгэн тушаалгүйгээр тусгай хүчнийхэн юу ч хийдэггүй, өөрөөр хэлбэл, дур зоргоороо авирлана гэсэн ойлголт энд байхгүй. Тэгэхээр дээрээс өгсөн тушаалын дагуу ийм харгис авирлаж байгаа байх.
-Би-би-си: Тушаалыг янз бүрийн хэлбэрээр гүйцэтгэж болно. Гэтэл яагаад ийм хатуу харгис хандаад байгаа юм бол. Сэтгэлзүйн нөлөө ордог юм болов уу?
-Олег: Үүнийг одоо яаж тайлбарлахыг би сайн мэдэхгүй байна. Алба хаагчдад ямар нэгэн сэргээш мэт бэлдмэл өгчихсөн байхыг үгүйсгэхгүй. Тэдний бие бялдрын чадварыг дэмжих маягаар өгч байгаа гэх боловч сэтгэлзүйд нь яаж нөлөөлөхийг таашгүй. Бидний үед ямар ч хаалт зүүхгүйгээр нээлттэй харьцдаг, гавтай хүнийг зодох цохих үйлдэл гаргадаггүй байсан. Ийм ч учраас энгийн ард иргэд биднийг хүндэлж, харин үл бүтэх этгээдүүд биднээс айдаг байлаа. Тэглээ ч одоо ажиглагдаад байгаа тийм их үзэн ядалт тухайн үед илэрдэггүй байсан.
-Би-би-си: Зарим жагсаалын үед албаны бололтой нөхдүүд жагсаалд оролцогчдыг үймүүлэн, хэнийг барьж саатуулахыг ОМОН-д зааж харагддаг. Эдгээр хүмүүс тусгай тасгийнхан уу, эсвэл өөр хүчний байгууллагынхан байдаг уу?
-Олег: Тэд ОМОН-чууд, эсвэл өөр тасгийнх ч байж болно. Гэвч ОМОН ажиллаж байгаа тохиолдолд энгийн иргэд нь ч ОМОН-ы угшилтай хүмүүс ажилладаг. Учир нь, тэд бие биеэ танина. Энгийн логикоор бодоод үзсэн ч, хэрэв өөр хүчний байгууллагын хэн нэгэн над руу дохиход би түүний хэн болохыг яаж мэдэх билээ. Иймээс түүний командыг би биелүүлж чадахгүй. Зөвхөн нэг тасагт хамтран ажилладаг хүмүүс л тэгэж ажиллах боломжтой.
-Би-би-си: ОМОН дахь албанаасаа гарсны дараа энгийн амьдралд дасахад хэцүү байв уу?
-Олег: Мэргэжлийн онцлог гэж угаасаа байдаг. Олон жил хамтран ажиллаж, ах дүү амраг садан шиг болсон нөхдөөсөө холдоход мэдээж хэцүү. Манай ангид хоорондын харилцаа маань хүндэтгэл дээр оршдог байсан. Ангийн захирагчийн хувьд, ажил дээр ч, энгийн үед ч алба хаагчид маань намайг хүндэлж, би ч тэднийгээ хүндэлдэг байлаа. Ажлаас гарсны дараа нэг сар орчим үнэхээр хэцүү, сэтгэлээр ихэд унасан. Гэвч дараа нь.... Эр хүн л болсон хойно ар гэрээ тэжээх мөнгө олох ёстой, ингээд такси жолооч болсон доо.
Сэтгэгдэл ( 3 )
Сонгуулийг завхайруулдаг наад муу хулгайч чинь суудлааса хөөгтлөө олон хүний аминд хүрэн дээ
дэг журмыг яаж сахиулах ёстой вэ Хүч алдбадлга хэрэглэж дэг журам тогтоодог юм
Америкийн цагдаа нар өнгөт арьстан иргэдээ шууд буудчихдаг тухай мэдээлэл оруулаач.....