О.Сэргэлэн: Монголдоо элэг шилжүүлэх бүх технологийг нэвтрүүлж чадлаа

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 24


-Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс заслаа амжилттай хийлээ-

Монгол түмний олон жилийн хүсэл мөрөөдлийг биелүүлж Олимпийн аварга төрсөн наймдугаар сарын 14-ний өдөр энэ жил Монголын түүхэнд үлдэх нэгэн үйл явдал боллоо. Энэ өдөр Улсын I төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэх төвийн шилдэг мэргэжилтнүүдийн баг “Элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс засал”-ыг амжилттай хийжээ. Монголын эрүүл мэндийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэх амжилтын эздийг Д.Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт Улсын I төв эмнэлгийн хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах ёслол 2020 оны наймдугаар сарын 21-нд болов. Ингэснээр анхны шанг нь татсанаас хойш 13 жилийнхээ босгон дээр монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах технологийг Монголдоо амжилттай нутагшуулснаа зарлалаа. Элэг нэгт монголчууд минь элэгний өвчинд дээрэлхүүлэхгүй байх сайн цагийн үүр хаяарлаа. Элэгний эмгэгийн эцсийн шатандаа орсон үйлчлүүлэгчийн амь насыг аврах, бүрэн эрүүлжүүлэх цорын ганц арга бол элэг шилжүүлэн суулгах эмчилгээ юм. Ингээд бид Монголд элэг шилжүүлэн суулгах технологийг нутагшуулсан үйл явдлыг баримт түшин өгүүлэхээр зорьсон юм.


ТӨРӨЛХИЙН ЭМГЭГТЭЙ 60 ГАРУЙ ХҮҮХДЭД ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖЭЭ
 

2007 он
 

  • Элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслын төслийг Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр эхлүүлж, ЭМШУИС-д туршилтын мэс заслын лаборатори байгуулжээ. Элэг шилжүүлэн суулгах шилдэг мэргэжилтний баг бүрдэж эхлэв.

2009- 2010 он
 

  • УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг туршилтын мэс заслыг 26 гахайд хийв.

2010 он
 

  • Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамжийг Эрүүл мэнд, Спортын яамаар батлуулж, БНСУ-ын “АСАН” Анагаах ухааны төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.

2011- 2014 он
 

  • БНСУ-ын АСАН анагаах ухааны төвтэй хамтран элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд нутагшуулах ажлыг эхлэв. АСАН-аас 20-25 хүнтэй баг Монголд ирж, элэгний мэс заслыг хийж үзүүлж, судлуулж, Монголын Элэг шилжүүлэн суулгах багийн 20- 25 хүнийг жил бүр өөрийн зардлаар БНСУ-д аваачин сургалаа. УНТЭ-ийн багийн гишүүд Финлянд, ХБНГУ, БНЭУ, АНУ-д урт болон богино хугацааны сургалтад суралцав.

2011 оны 9-р сарын 24
 

  • Элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг Монголд хийв. Ингэснээр Монгол Улс элэг шилжүүлэн суулгасан 46 дахь орноор бүртгэгджээ.

2012 он
 

  • ЭМЯ-наас 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмжийг УНТЭ-д өгчээ.

2014 он

  • БНСУ-ын АСАН Анагаах ухааны төвтэй хамтарч, анх удаа нэг болон дөрвөн настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгасан. Өнөөдрийг хүртэл дөрвөн хүүхдэд элэг шилжүүлэн суулгаад байна.

2015 он

  • УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг бие дааж, элэг шилжүүлэн суулгаж эхэлсэн.

2016 он

  • Монгол Улсад анх удаа тархины үхжилттэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн. Одоогийн байдлаар ийм мэс заслыг найман удаа хийгээд байна. 2016 онд эрхтэн шилжүүлэн суулгах төвийн өргөтгөлд зориулж 500 сая төгрөгийг Засгийн газраас УНТЭ-д олгов.

2017 он
 

  • Монгол Улс амьд донороос элэг шилжүүлэн суулгасан тоогоороо 2017 онд дэлхийд дөрөвдүгээр байрт жагсах болов.

2018 он

 

  • УИХ “Донорын тухай хууль”-ийг  2018 оны нэгдүгээр сарын 19-нд шинэчлэн баталснаар эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах эрхзүйн үндэс бүрдэв. Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах цогц үйл ажиллагааг зохицуулах алба” байгуулагдав. ДЭМБ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны 2018 оны үзүүлэлтээр Монгол Улс  амьд донороос элэг шилжүүлэн суулгах үзүүлэлтээр БНСУ, БНТУ-ын дараа дэлхийд гуравдугаарт бичигджээ.

2019 он
 

  • Монгол Улсад анх удаа цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-ын АСАН төв, УНТЭ-ийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэх суулгах төвтэй хамтран амжилттай гүйцэтгэв. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор ЭМЯ-наас 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий багаж төхөөрөмжийг УНТЭ-д олгов.

     

МЭС ЗАСАЛ ХИЙДЭГ БОЛСНООР ГАДАГШАА УРСАЖ БАЙСАН 23 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ МОНГОЛДОО ҮЛДЭЭХ БОЛСОН

Өнөөдрийн байдлаар төрөлхийн цөсний замын битүүрэлтэй 60 гаруй хүүхдэд элэг шилжүүлэн суулгаж, алтан амийг нь авраад байна. Монголын эмч нарын хийсэн элэг шилжүүлэн суулгах мэс заслын нэг жил амьдрах хувь 93,6 хувь, гурван жил амьдрах чадвар- 92,3 хувь, таван жил амьдрах чадвар- 92,3 хувь байгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй орны элэг шилжүүлэн суулгах бусад төвүүдийн үзүүлэлттэй дүйцэхүйц хэмжээнд хүрлээ. Өнөөгийн амжилтад хүрэхдээ монгол эмч нар маань эргэлзэхүй, үгүйсгэхүйн нугачаат замыг туулсан. Энэ амаргүй замд эмч нарыг дэмнэсэн өмөг түшиг бол үе үеийн Эрүүл мэндийн яам, түүний удирдлагын алсыг харсан шийдвэр байлаа. Өнөөдрийн байдлаар УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг нийт 100 тохиолдлоос 67-д нь бие даан элэг шилжүүлэн суулгаснаас нэг тохиолдолд элэг давтан шилжүүлэн суулгажээ. Түүний зэрэгцээ Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээ хоёрыг авч, гадаадын сэтгүүлүүдэд 15 өгүүлэл нийтлүүлсэн байна. Одоогийн байдлаар донорын мэс заслын үр дүн, элэг шилжүүлэн суулгасны дараах цочмог С4, СQ1 уургийн нөлөө, элэг шилжүүлэн суулгасны дараах бөөрний цочмог дутагдал, элэг шилжүүлэх суулгах дархлаа дарангуйлах эмийн монгол хүний онцлог гэх мэт чиглэлээр судалгаанууд хийгдэж байна. Элэг шилжүүлэн суулгах технологийг нутагшуулахтай холбогдон Монголын элэг судлал, дүрс оношлогоо, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, лабораторийн салбар гэх мэт салбар дэлхийн түвшинд хүрч хөгжиж чаджээ. Хамгийн сайхан нь амьд явах хугацаа нь гурван хоногоос гурван сараар хэмжигдэж байсан олон хүн аврагдсан. Ахан дүүс, элгэн садандаа халуун сэтгэлээр элгээ өгсөн донорууд маань 100 хувь эрүүл энх, эсэн мэнд ажиллаж амьдарч байгаа аж. Хэрвээ эдийн засгийн үр ашгийг нь тооцож гэмээ нь, Монголдоо элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг болсноор гадагшаа урсаж байсан 23 тэрбум төгрөгийг  Монголдоо үлдээж, урсгал зардлаас 44 тэрбум төгрөгийн хэмнэж чаджээ. Тэр бүү хэл элгээ өгсөн хоёр эмэгтэй эсэн мэнд амаржиж бүл нэмсэн байна. Үүнээс илүү гайхалтай амжилт гэж юу байх билээ.

ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ БАГИЙН АХЛАГЧ О.СЭРГЭЛЭН:
БИД ӨНДӨР ХӨГЖСӨН ОРНУУДАД ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ БҮХ ТЕХНОЛОГИУДЫГ НЭВТРҮҮЛЖ ЧАДСАН

 


Энэ эмчилгээг Монголд нутагшуулахаар эхэлж байх үед бид элэгний эмгэгийн эцсийн шатандаа орсон хүмүүсээ нулимстай нүдээрээ хараад л нөгөө ертөнцөд үддэг байв. Монгол Улс дэлхийд элэгний эмгэгээрээ ч, элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө ч, элэгнээс үүдэлтэй нас баралтаараа ч эхний байрт байсан, өнөөдөр ч энэ байдал засраагүй байна. Тиймээс бид зөвхөн мэс засал биш бусад салбаруудаа дагалдуулж хөгжүүлэх, эцсийн шатандаа орсон эмчлүүлэгчдийнхээ амийг аврах, гадаадад урсан гарах мөнгөний урсгалыг багасгах, дэлхийд энэ чиглэлийн мэс засал хийгдэж байгаа төвүүдтэй дүйцэхүйц үр дүнд хүрэх зэрэг зорилтыг  эхний өдрөөсөө өмнөө тавьсан. Бидний хоёр дахь том зорилт бол НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д тусгасан мэс заслын улмаас үүсэх өрхийн санхүүгийн ядуурлаас аврах  байсан юм. Өнөөдөр бид дэлхийн өндөр хөгжсөн орнуудад элэг шилжүүлэн суулгах чиглэлээр хийгдэж байгаа бүх технологиудыг нэвтрүүлж чадсан. Үүнд: элэгний баруун дэлбэн, зүүн дэлбэн, бүтэн элгийг шилжүүлэн суулгах, цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах, хүүхдэд элэг шилжүүлэн суулгах гэх мэт бүх технологи Монголд нутагшлаа. Элэгний судсыг хиймэл мэт судсаар нөхөн сэргээх мэс заслыг, судас, цөсний замын бичил мэс заслыг сэргээх мэс заслуудыг Монгол улсын хэмжээнд нэвтрүүлсэн. Элэг судлал, дүрс оношлогоо, бусад холбогдох салбаруудаа дэлхийн жишигт хүргэж чадсан гэдгээ нүүр бардам тайлагнаж байна.

ЭМЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Я.АМАРЖАРГАЛ:
ДОНОРЫН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨН БОЛОВСРУУЛАХ САНАЛАА ӨГӨӨД БАЙНА

Өнөөдөр Монгол улсын эрүүл мэндийн салбар зөвхөн бөөр, элэг шилжүүлэн суулгадаггүй, чөмөг, ясны, цөсний үүдэл эс шилжүүлэн суулгах, цаашлаад нүдний гээд олон олон чиглэлээр үйл ажиллагаагаа тэлж байна. Энэ бүх үйл ажиллагааг тэргүүлж, санаачилж, бусад эмнэлэг, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсдаа мэргэжил, арга зүйгээр хангаж, хамтарч ажилладаг танай багийн хамт олон бол үнэхээр гавьяатай хүмүүс. Энэ гавьяаг нь ЭМЯ өндрөөр үнэлж, Төрийн шагналд нэр дэвшүүлээд байна. Цаашид энэ үйл ажиллагааг улам өргөжүүлэх, сайжруулах, олон улсын түвшинд улам ойртуулах шаардлага бидэнд байгаа. Ийм ч учраас Монгол улсын Засгийн газрын ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсөвт эд эрхтэн шилжүүлэн суулгах цогц төв байгуулахаар тусгаж, төсөв мөнгийг нь тооцоолж шийдвэрлүүлээд, зураг төслийг нь мөрийн хөтөлбөрт оруулсан байгаа. Донорын тухай хуулийг ч өөрчлөн боловсруулах саналаа өгөөд байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АСАН С.ЛАМБАА: МАШ БАГА ХУГАЦААНД ЭНЭ АЖИЛ ӨРНӨСӨН

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх Сэргэлэн багш, Батчулуун хоёр надад танилцуулж байсан. Дараа нь элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонтой уулзсан. Ингээд дүрэм журмаа боловсруулах, багаа бүрдүүлэх үүрэг даалгаврыг өгсөн. Маш бага хугацаанд энэ ажил өрнөсөн. Сайдын тушаалаар 20 хүний бүрэлдэхүүнтэй анхны багийг бүрдүүлж байсан түүхтэй. 2010 оны долоодугаар сарын 25-нд нэг өдрийн ажлын айлчлалаар БНСУ-д очиж, 11.00 цагт БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдтай уулзаад, 14.00 цагт АСАН анагаах ухааны төвийн удирдлагуудтай уулзаж, 16.00 цагт гарын үсэг зураад, оройны онгоцоор буцаж ирсэн түүхтэй. Эрүүл мэндийн сайд болоод би “Эрүүл мэндийн салбарын технологийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэнэ” гэсэн үндсэн ганцхан зорилго тавьсан.. Тийм учраас элэг шилжүүлэн суулгах тухай асуудал ороод ирэхээр хамгийн түрүүнд барьж авсан. Төсөв муутай, зардал байхгүй, иргэд төлбөрөө төлж чадахгүйгээс бөөр шилжүүлэн суулгах асуудал нэлээд зогсонги байдалд орсон байлаа. Тиймээс мэс заслын төлбөрийн 70 хувийг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргадаг болсон. Ингэснээр иргэд гурван сая төгрөг төлдөг болж, бөөр шилжүүлэн суулгах мэс засал босч ирсэн юм. 2016 онд Эрүүл мэндийн даатгалын хуулийг шинэчлэн батлуулсан. Энэ хуулиар өндөр өртөгтэй оношлогооны асуудлыг Эрүүл мэндийн даатгалд хамруулахаар шийдвэрлэсэн. Энэ ажлыг А.Цогцэцэг сайд маш сайн хийсэн. Үүн шиг сайдууд өмнөх үйл хэргээ үргэлжлүүлж, залгамж холбоотой ажиллах ёстой. Би үүнд маш их талархдаг.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АСАН А.ЦОГЦЭЦЭГ: ЖИЛД ГУРВАН ХАГАЛГАА ХИЙГДДЭГ БАЙСАН БОЛ
ЖИЛДЭЭ 40 ХАГАЛГАА ХИЙХ САНХҮҮЖИЛТИЙГ ГАРГАЖ ӨГСӨН

2017 оны гуравдугаар сарын 22-ны Засгийн газрын тогтоолоор эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны зардал болох 4.8 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргуулж, төр хариуцаж байх түүхэн шийдвэрийг гаргасан. Энэ өдрийг хүртэл эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа, ялангуяа элэг шилжүүлэн суулгах хагалгаа 30 орчим хагалгаа хийгдсэн байсан. Жилд гурван хагалгаа хийгддэг байсан бол хоёр жилийн дотор жилдээ 40 хагалгаа хийх санхүүжилтийг гаргаж өгсөн. Мөн бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс хариуцуулах болсон. Төр хариуцаж байгаагийн гол учир нь төр Үндсэн хуулиараа иргэдийнхээ эрүүл мэндийг хариуцах ёстой. Даатгал бол нийтийн өмч, нийтийн хөрөнгө гэсэн үг. Ингээд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа элэгний хорт хавдар, элэгний хатууралд хүргээд байгаа С вирусын тархалтыг зогсоох, энэ тархалтыг зогсоохын тулд улсаас 100 хувь хариуцаж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

О.ЭНХЖАВХЛАН, Ц.ОЮУНБИЛЭГ
 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бб(192.82.66.172) 2020 оны 08 сарын 25

су.хү

0  |  0
ннн(192.82.66.172) 2020 оны 08 сарын 25

ёсүмхинчмүугбхнз

0  |  0
path(129.205.113.207) 2020 оны 08 сарын 25

Энэ захиаг уншсан хүн бүр миний нэрийг Луис гэдэг. Би хүсч байна\nманай баян болохыг дэлхий нийтэд гэрчлэх зорилгоор ашиглах болно\nминий бөөрийг Fortis эмнэлэгт зарах гэж\n Өмнө нь би олон хүний ​​араас бөөрөө зарах гэж хайж байсан\nнамайг танилцуулж буй гол найзтайгаа уулзах хүртэл ядуу амьдарч буй жилүүд\nfortis эмнэлэгт хүргэхийн тулд бид үнэ тохиролцож, тэд миний худалдаж авахаар тохиролцсон\nбөөр нь $ 520,000-ийн үнэтэй байгаа ба тэд надад тэр мөнгөө төлнө гэж мэдэгдсэн\nүйлдлээс нь өмнө хагас төлбөр хийж,\nүйл ажиллагааны дараа тэд надад үлдэгдэл бэлэн мөнгө өгнө, би\nмаш эрүүл саруул болж амьд

0  |  0
Мөнхөө мөнхөө(202.126.90.38) 2020 оны 08 сарын 24

Үнэхээр Улсын баатар хүн мөн . Баярлаж явдаг шүү тандаа. Аавыг минь үнэхээр аварсан . Аав минь Сэргэлэн эмч Эрдэнээ эмч хоёрыг бурхан шиг санаж шүтэж суудаг хүн дээ

0  |  0
irgen(66.181.183.76) 2020 оны 08 сарын 24

het hudlaa udur bur shaham yarih zuil bish shuu.Endegdel ihtei baigaa.

0  |  0
irgen(66.181.183.76) 2020 оны 08 сарын 24

het hudlaa udur bur shaham yarih zuil bish shuu.Endegdel ihtei baigaa.

0  |  0
irgen(66.181.183.76) 2020 оны 08 сарын 24

het hudlaa udur bur shaham yarih zuil bish shuu.Endegdel ihtei baigaa.

0  |  0
Дорж(150.129.142.29) 2020 оны 08 сарын 24

Худлаа шүү, хагалгааны дараах эмчилгээ маш муу, олон хүн бурханы оронд явсан. Манайх төгс хийдэг байсан бол яах гэж гадаад яваад байдаг юм?

0  |  0
Top