Манай улсын эрчимт эмчилгээний чадамж нэг шат ахилаа

2020 оны 08 сарын 25

Шинэ Коронавирусын халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уушги, зүрх орлуулагч ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппаратыг Эрүүл Мэндийн Яамны захиалгаар УОК-ын санхүүжилтээр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт өнөөдөр /2020.07.28/ хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Дэлхий даяар тархаад буй Коронавирусын халдварыг дотооддоо алдахгүйн төлөө Эрүүл мэндийн яам өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Хэрэв халдвар гарсан тохиолдолд бэлэн байдлыг хангасан байх нь нэн чухал учраас бид яаралтай авах арга хэмжээнд бэлтгэж, энэхүү уушги, зүрх орлуулагч ECMO аппартыг өнөөдөр УНТЭ-т хүлээлгэн өгч байна.

Шинэ төрлийн Коронавирусын халдвар нь хамгийн түрүүнд уушгийг гэмтээдэг. Ингэснээр хийн солилцоо хийгдэж чадахгүй болж, тухайн хүн хүчилтөрөгч амьсгалын дутагдалд ордог. Харин шинээр нэвтрүүлж буй уушги, зүрх орлуулагч ECMO аппаратаар хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүйгээр уушгины үйл ажиллагааг сэргээх боломжтой болгож байна. Нөгөөтэйгүүр манай улсын эрчимт эмчилгээ нэг шат ахиж байгаа юм. Уг аппаратыг УНТЭ-т суурилуулж, ашиглалт, аюулгүй ажиллагаа болон эмч, мэргэжилтнүүдийг сургах сургалтууд өнөөдрөөс хийгдэж эхэлж байна. Цаашид манай улсад зүрхний өвчтөнийг мэс засалд бэлдэх, тоног төхөөрөмж хүлээгдэж буй үед тухайн өвчтөнийг хүчилтөрөгчөөр хангаж, зүрхний үйл ажиллагааг дэмжих боломжууд бий болж байна. Түүнчлэн эрхтэн шилжүүлэх суулгах мэс засалд донор хүлээгдэж байгаа өвчтөнүүд донор нь гарч ирэх хүртэлх хугацаанд дэмжлэг үзүүлэх боломжоор хангагдаж байгаа юм” гэлээ.

УНТЭ-ийн Эмнэлгийн техникийн албаны дарга С.УЧРАЛ: УНТЭ-д суурилуулж буй ECMO аппаратын ашиглалт, аюулгүй ажиллагаа болон холбогдох мэргэжилтнүүдийг сургах сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтад Эрчимт эмчилгээний, зүрхний, уушгины болон эрхтэн шилжүүлэлтийн эмч нараас гадна инженер техникийн ажилчид зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, ОНОЛ, ПРАКТИК хосолсон сургалтанд хоёр өдрийн турш хамрагдаж байна. Сургалтыг онлайнаар БНХАУ-ын эмч, мэргэжилтнүүд хийж байгаа бөгөөд сургалт аппарат хэрэгслүүдийг угсрах, суурилуулах зэрэг ажлыг хэрхэн гүйцэтгэх, ашиглах талаар үргэлжилж байна.

УНТЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Д.ЭРДЭМБИЛЭГ: Зүрхний шигдээс өвчний үед зүрхний үндсэн үйл ажиллагаа алдагдсанаас болж амьсгал, зүрх судасны дутагдал үүсдэг. Энэ үед зүрхний булчингийн судсыг тодорхой хугацааны турш онгойлгохоос гадна, зүрхний үндсэн шахуургын үүрэг гүйцэтгэж, зүрхний агших чадварыг сэргээж хэвийн үйл ажиллагааг энэхүү ECMO аппаратаар орлуулах боломжийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссоос бүрдүүлж өгсөнд талархалтай байна. Бид уушгины хатгалгаа өвчний хүндрэлийн улмаас өвчтөн амьсгалын аппаратанд орсон хэдий ч үр дүнгүй байгаа тохиолдолд энэхүү ECMO буюу уушги орлуулагч аппаратыг тусламжтайгаар уушги хатуурахгүй, сэргэх боломжтой болж байна гэсэн үг.

Эх сурвалж: ЭМЯ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top