Монгол Балетын Хөгжил Сан олон нийтэд сонгодог бүжгийн урлагийг сурталчлах, сургалт зохион байгуулах, залуу боловсон хүчинг бэлтгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, балетын урлагийг хөгжүүлэх, олон улсын чанартай фестиваль, тоглолт, тэмцээн уралдааныг зохион байгуулах зорилгоор Д.Алтанхуягийн санаачилгаар байгуулагдсан.
Монголын Балетын Хөгжил Сан анх удаа Монголын үзэгчдэдээ зориулж, Ерөнхийлөгчийн ивээл дор, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн удирдлагаар "Night of ballet” фестивалийг зохион байгуулах гэж байна.
"Night of ballet " фестивальд Монгол, АНУ, Канад, Япон, Куба, Колумб, Англи, Аргентин, Өмнөд Африк гээд олон орны шилдэг балетчид урилгаар оролцох юм.
"Night of ballet” фестивалийн нээлт 2011 оны 6-р сарын 19-нд Оросын хөгжмийн зохиолч В.И.Чайковскийн алдарт бүтээл "Хунт нуур" бүжгэн жүжгээр эхлэх ба мөн сарын 24, 25-нд Гала тоглолтоор өндөрлөнө.
Фестивалийн хөгжмийн удирдаачаар АНУ-ын "New England Conservatory" хөгжмийн сургуулийн ахлах зөвлөх, удирдаач, мэргэжлийн симфони найрал хөгжимчдийн холбооны удирдаач, АНУ-ын "EL Sistema" байгууллагын захирал Марк Черчиль урилгаар оролцоно.
Гала тоглолтонд дэлхийн шилдэг балетчдын өөр өөрийн онцлогийг харуулсан орчин үеийн болон сонгодог бүжгэн жүжгүүд тоглогдоно.
Монголын үзэгчдэд балетын бүжгийн шилдгүүдийн тоглолтыг хүргэж, "Night of ballet” фестивалийг амжилттай зохион байгуулахад ерөнхий ивээн тэтгэгчээр "Алтжин" групп, хамтран зохион байгуулагчаар НЗДТГ, ДБЭТ, "Төгөлдөр сан", "Таван богд" групп, "Нүүдэл"ХХК, АПУ ХХК ажиллаж байна.
-Олон улсаас ирсэн балетчид Монголд хир удах вэ?
-Эхний ээлжинд “Хунт нуур”-ыг бүжиглэх бүжигчид ирсэн байгаа, гала тоглолтонд оролцогч бүжигчид хэд хоногийн дараа орж ирнэ. Сонгодог урлагт өдөр тутмын байнгын бэлтгэл сургуулилт байнга шаардлагатай байдаг. Тийм болохоор тодорхой хугацаанд хамт бэлтгэл сургуулилалтаа энд хангана. Энэ утгаараа ч хангалттай бэлтгэл хийх хугацаа гарч байгаа.
-Та эдгээр бүжигчидтэй хамтарч ажиллаад хэдэн жил болж байна?
-Заримтай нь би өөрөө саяхан хүсэлт тавьж ажиллаж байгаа. Зарим нь маш олон жил хамтарч ажиллаж байгаа. Ер нь янз янз. Японы бүжигчинтэй маш удаан хамтарч ажиллаж байна. Америкийн бүжигчин бол одоо нэрд гарч яваа. Яагаад вэ гэвэл Варнагийн тэмцээний 44 жилийн түүхэнд дөрөвхөн удаа олгогдож байсан "Хамгийн шилдэг бүжигчин"-ий медаль, диплом, олон улсын балетын шагналууд хүртсэн юм. Цаашдаа бид хамтарч ажиллах төлөвлөгөөтэй.
-Балетчдыг маш өндөр шалгуураар шалгаж авдаг байх?
-Шалгуур тайзан дээр явагддаг. Олон улсын том том театр болон компаниудад өөрийн шалгуур байдаг байх. Дэлхий нийтэд сонгодог урлагаар хичээллэдэг хэд байгаа билээ. Энэ бол маш их өрсөлдөөн байдаг. Хамт ажиллаж байгаа бүжигчид маань үнэхээр гайхалтай. Миний биширч хүндэлж явдаг, хайрладаг бүжигчид маань ирсэн.
-Үүний дараа та ямар уран бүтээл хийх вэ?
-Дуурийн театр 7-р сарын 3-нд дахин "Хунт нуур" тоглох саналыг өчигдөрхөн тавьсан. 7-р сарын 3-нд Дуурийн театрын хамт олонтойгоо хамтарч бүжиглэх болно. Мөн Японы үндэсний театр дээр бүжиглэнэ.
Эх сурвалж: Монголын нэг өдөр сонин
Сэтгэгдэл ( 0 )