ОЛОН ӨНГӨ: Учир нь үл олдох сонгуулиуд үргэлжилсээр

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Цар тахлыг мартагнуулж өрнөсөн УИХ-ын сонгуулийн учрыг олоогүй сууж байхад дараагийн сонгуулийн уухай түрээд ирэв. Найм дахь удаагийн сонгуулийн босгон дээр ирэхэд сонгогчид олон зүйл дээр өөрчлөгдсөн нь ажиглагдаж байгаа ч нэр дэвшигчид огт өөрчлөгдөөгүй нь ил харагдана. Ирэх сарын 15-ны өдөр Орон нутгийн сонгууль болно.

Бидний мэдэж байгаагаар УИХ-ын сонгуульд унасан цөөнгүй нөхөд Нийслэл, дүүргийн Иргэдийн хуралд нэр дэвшихээр гулсан иржээ. “Лам олдохгүй бол буцахдаа гэлэн гуайгаа зална” гэдэг шиг УИХ-ын сонгуульд санаархаад ч санал зулгааж чадаагүй нөхөд нийслэл, дүүрэг рүү уруудаж байна. Үнэхээр учрыг нь олохгүй сонгууль гээч нь болох нь. Нийгмийн хандлага, түүнд тулгуурласан судалгаа энэ тэр гэж байдаггүй бололтой. Цахим орчинд дайн зарлачихаад л сонгуульд өрсөлддөг болжээ.

Бас нэг учир нь олдохгүй зүйл бий. Энэ удаагийн сонгуульд АН, МАХН, ШИНЭН нэгдэн оролцохоор болсон. Угтаа бол эрх баригч МАН-ын саналыг МАХН хуваах учиртай ч АН өөртөө нэгтгэсэн нь алдаа болж таарна. Ж.Батзандан нарын ШИНЭН анхнаасаа газар авахгүй нам байсан. Тиймээс шоучдын энэ нэгдлийг нам гэж үзэхэд хэцүү. Үзэл баримтлал, угшил угсаа гээд бүхий л зүйлээрээ тэс өөр АН-ыг сонгосон нь МАХН-ын гишүүд дэмжигчдэд огт таалагдахгүй байгааг нийгмийн уур амьсгалаас харж болно. Харин гуравдагчдын орон зайд шинээр тодорч байгаа ХҮН-ынханд том боломж гарч ирж байна. Гэтэл ХҮН-аас УИХ-ын сонгуульд унасан “бөхчүүд” зодог шуудгаа бүслээд давшиж байгаа нь бас л учир утгагүй зүйл.

Эрх баригч нам дотор ч учир нь олдохгүй зүйл байна. Учир нь тэд НИТХ-д нэр дэвшигч 45 хүний ердөө ес нь хуучин дүр бол бусад нь шинээр хотын парламентад санаархагчид. Энэ ч бас том эрсдэл. Хэн ч танихгүй нөхдийг АН, МАХН, ШИНЭН гэсэн шалихгүй ч гэсэн танил болсон дүрүүдтэй зэрэгцүүлээд явбал ямар амжилт авчрах вэ гээд бодох асуудал бий. Ерөөсөө энэ жилийн сонгуулийн учрыг олохгүй сууна. Айсуй 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн учрыг бүр олохгүй байж таарна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top