ОЛОН ӨНГӨ: Одоо хэнд хариуцлага тооцох вэ!

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Дарга нь дарга нартаа хишиг хүртээсэнд хэн хариуцлага хүлээх вэ. Нийгмийн сүлжээнд бултаараа л дарга нарыг зүхэж байна. Гэтэл мэдээжийн хэрэг дарга лав биш. “Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй” жишгээр хандсан тогтолцооных нь нэг хэсгийг магтмаар. Тугал нь ард түмэн байсан бол шүү дээ. Эхийнх нь талаар яриад ч хэрэггүй. Сая төгрөг ч бай, 100 мянган төгрөг ч бай хүртэх ёстой шангаа хүртсэн хэрэг. Хандивын данснаас авсанд нь биш хандивын данснаас авсан гэдгийг нь ил болгосон хариуцлагагүй санхүүгийн ажилтан "хэрэгтэн" болж таарна. Хэн нэгэн том даргынх нь хамаатан садан бол ажилтайгаа үлдэж магадгүй.

Харин төрийн албаны шалгалтад өдөр шөнөгүй бэлдэж, хэн бүхэнд олдохгүй аз завшаан түшиж, төрийн албанд ажиллахаар ирсэн нэгэнд бол дэндүү харамсалтай. Тэр хүн ажилгүй боллоо гэсэн үг.

Эсвэл Орон нутгийн сонгууль угтаж, сөрөг хүчнийхэнд “амьд хэл” хүргэсэн хэн нэгэн чимээгүй сууж байхыг үгүйсгэхгүй. АН-ынхан цахим дүүрэн хашхирч байгаагийн цаана нэг учир байж болох юм. 

Ямартай ч дарга нараа урамшуулсан мөнгийг нийтэд дэлгэж, нууцлал алдсан санхүүгийн ажилтанд аль эрт хариуцлага тооцоод ажлаас нь халчихсан ч байж мэднэ. Өдий зэрэгт хүргэсэн том тогтолцоогоо халж, сэлгэж сэлбэхгүй бол ямар нэг зүйл дотроосоо бүр доороосоо задарвал илүү аюултай байдгийг ч тэд мэднэ. Харин нууцлал алдсан ажилтныг хэрвээ халсан бол дахин өөр газар ажил хийх боломжгүй болгочихсон байх вий гэж санаа зовно. Түүнийг хэн ч олж мэдэхгүй бас мэдээлэхгүй.

О.ГАНЖАРГАЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top