"Хэцүү анги", "Тусгай салаа" олон ангит уран сайхны киногоороо үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө нэлээд уясан Монголын үндэсний олон нийтийн телевизийнхэн залуусыг "Амьдралд тавтай морилох"-ыг уриалаад багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөгийн нийгэмд залуус биеэ хэрхэн авч явж буйг адал явдал, сонирхолтой үйл явдлаар өгүүлэх энэ кино таван гол дүртэй. Дүр тус бүр 16 ангитай. Энэ өдрүүдэд киноны гол дүр Билгээгийн 16 анги өндөрлөж байна. Гэнэн цайлган, бүрэг ичимхий, хүнлэг залуугийн дүрийг жүжигчин Г.Эрхэмбаяр амилуулсан билээ. Түүнтэй ярилцлаа.
-"Амьдралд тавтай морил" олон ангит уран сайхны киноны Билгээгийн ертөнцөөр нэг хэсэгтээ аяллаа. Цаашид кино хэрхэн өрнөх бол гэдэг нэлээд сонирхол татаж байгаа шүү?
-Билгээгийн дүр удахгүй өндөрлөж, Ганаагийн сонирхолтой үйл явдлаар кино цааш өрнөнө. Бүхий л зүйлд, тэр тусмаа хайр сэтгэлд чин сэтгэлээсээ хандах Билгээ шиг монгол эр хүн одоо цагт ховор. Ийм залуус олон байгаасай гэж хүсдэг. Хэрэв Билгээгийн хайр сэтгэл бүтэмжгүй болвол тэр сэтгэлээр маш их унана. Өөрөөр хэлбэл, Билгээ шиг хүний хайр сэтгэл бүтэлгүйтлээ гэхэд зан ааш нь их эвдэрнэ. Мэдээж кино сайхнаар өндөрлөнө. Маралаа, Билгээ хоёр байр хөлсөлж амьдарснаар амьдрал сонирхолтойгоор өрнөнө дөө.
-Тайз, дэлгэцэнд голдуу хайр дурлалтайгаа учирсан дүр бүтээдэг Эрхэмбаяр амьдрал дээр Билгээтэй хэр төстэй вэ?
-Мэдээж өөр.
-Бүтээсэн дүрүүдээс чинь тантай хамгийн төстэй нь ямар дүр байв?
-"Надад өгөөгүй хайр" жүжгийн сохор залуугийн дүр их төстэй. Бусад нь бол тэс өөр.
-Энэ дүр тантай юугаараа адилхан байв?
-Дуу цөөтэй, өөртэйгөө ярилцдаг нь. Би ер нь нэг их олон юм яриад байдаггүй, дуу цөөтэй хүн.
-Бас их бодлогошрох дуртай байх, тийм үү?
-Ганцаараа байхдаа аливаа зүйлийн тухай эргэцүүлэн бодох дуртай.
-Энэ үедээ ихэвчлэн өнгөрснөө дүгнэдэг үү, эсвэл ирээдүйгээ мөрөөддөг үү?
-Өнгөрснөө дүгнэх тохиолдол мэдээж бий. Ихэвчлэн ирээдүйгээ зөгнөж, мөрөөддөг. Дүр бүтээх гэснээс би энэ үгийг хэлэхээс их эмээдэг юм.
-Яагаад?
-Манай театрт насаараа ажилласан Ардын жүжигчин хүн "Би өнгөрсөн хугацаанд гол, туслах нийлсэн 100 гаруй дүрд тогложээ. Тэднээс хоёр, гурав нь дүр болж дээ” гэж ярьж байсан удаатай. Кино, жүжгийн дүрд тоглох нэг өөр, харин түүнийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээнэ гэдэг бүр ч өөр хэрэг. Би ямар нэгэн клипэнд тоглочихоод "Би дүр бүтээгээд" гэж яривал тэнэг хэрэг болно.
-"Амьдралд тавтай морил" киноны Билгээ жүдо бөхөөр чамгүй амжилтанд хүрч алтан медалийн эзэн хүртэл болоод амждаг. Ингэхэд амьдрал дээр бөхөөр хичээллэдэг юм биш биз?
-Бөх сонирхдоггүй монгол эр хүн ховор байх. Сурагч байхдаа "Алдар" нийгэмлэгт чөлөөт бөхөөр хичээллэдэг байлаа. Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний 43 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртэж байсан.
-Маралаад дурласан даруухан залууг ээж нь хүүхэмсэг гэж ойлгоод байдаг. Ер нь амьдрал дээр Г.Эрхэмбаяр хэр хүүхэмсэг вэ?
-Эх хүн гэдэг үргэлж үр, хүүхдийнхээ төлөө санаа зовниж явдаг шүү дээ. Ээжийнхээ нүдэн дээр хиймэл хүүхэн тэвэрчихээд, өөр бүсгүйтэй хамт байгааг харсан эх хүн өөр юу гэж ойлгох вэ. Тэгэхээс аргагүй байсан. Амьдрал дээр сайхан бүсгүй хардаггүй эр хүн гэж байдаггүй байх. Би ч тэдний л нэг. Их дурламтгай. Гэхдээ амьдралынхаа зорилгоос хазайна гэж юу байх вэ.
-Хамтрагч тань нэлээд чадварлаг жүжиглэж байгаа харагдсан. Мэргэжлийн жүжигчин үү?
-Маралаа мэргэжлийнх нь сургуульд сурч байгаа. Хараахан жүжигчин болоогүй
байна. Ирээдүйд урлагт нэлээд сайн жүжигчин болж гарч ирэх болов уу гэж харж байгаа.
-Кино дуустал нэг дор байрлаж байгаа юу?
-Гэрээ мартсан Гэсэр гэдэг шиг л нөгөө дөрвөн өрөө байрандаа л амьдарч байгаа. Гэр бүлдээ анхаарахаа болилоо гэдэг шүүмжлэл их сонсч байна.
-Зураг авалт хэдий хүртэл үргэлжлэх вэ?
-Ирэх сарын 15 хүртэл үргэлжлэх юм.
-Таныг кинонд тоглосноосоо болоод театраас халагдсан гэж сонссон. Ер нь Улсын драмын театр залуу жүжигчдээ дэмжих тал дээр хэр ажилладаг вэ?
-Энэ киноноос болоод ажлаасаа гараагүй юм. Театрын зүгээс кинонд тоглох зөвшөөрөл өгсөн. Залуу хүмүүсийн хувьд өөрсдийгөө сорихоор шийдэж, Алтаншагай бид хоёр хамтарч хамтлаг байгуулсан. Түүнээс биш аагархаж, шаралхсандаа ажлаасаа гараагүй. Бид хамтлагийнхаа эхний хоёр жилийн төлөвлөгөөг гаргачихсан байгаа. Эхний ажлаа өнгөрсөн хүүхдийн баяраар "Зун зочилсон өвлийн өвгөн" нэртэйгээр толилуулсан. Хэдийгээр хүүхдүүдэд зориулсан боловч эцэг, эх нь тасалбар аваад хамт үзсэн. Бүтэн гурав хоног тоглосон ч үзэгчид тасраагүй. Бүр үзэгчдийн хүсэлтээр тоглолтоо хоёр хоног сунгаж тав хоног тоглоход хөл тавих зайгүй байсан нь бидэнд их урам өгсөн.
-Уран бүтээлийнхээ төлөвлөгөөг гаргачихсан гэлээ. Ингэхэд ямар төрөл, жанраар уран бүтээлээ туурвих бодолтой байна вэ?
-Шагай бид хоёрын хэн, хэн нь хошин урлагт тоглож байсан. Драмын жүжигт ч тэр. Гэхдээ манай хамтлаг хошин шог, драм аль алинаар нь уран бүтээл хийхгүй.
Инээдмийн жүжгээр дагнах бодолтой байгаа. Манайд энэ чиглэлийн уран бүтээл
дутагдалтай байдаг. Бидэнд ч ийм санал их ирсэн. Анхны киноны зураг авалтаа Шведэд хийх юм. "Амьдралд тавтай морил" киноны зураг авалт ирэх сарын 15-нд дуусах хүртэл би завгүй учраас Шагай маань ажлаа амжуулж яваа. Өчигдөр Швед рүү ниссэн.
-Улсын драмын эрдмийн театр, хошин урлагийнхан бүгд өөрийн гэсэн үзэгч, зрительтэй болчихсон. Тэднээс илүү уран бүтээл хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Сонирхуулахад, бид хоёр театрт өөрийн гэсэн орон зайтай байснаа театраас гарсан өдрөөс л мэдэрсэн. Зарим хүмүүс хошин урлаг бол нийтийнх. Драмыг элитийн хэмжээнд үзэх ёстой гэдэг ч юмуу, нэг сонин цензур тавиад байдаг. Үнэндээ үүнийг сайн ойлгодоггүй юм. Миний хувьд "Шинэ үе", "X түц", "Маск"-ынхантай бүгдэнтэй нь найз. Хамтарч уран бүтээл хийж байсан. Бүгд л өөр, өөрийн гэсэн авьяас чадалтай залуус. Хэн нэгнийгээ үгүйсгэхээс илүү уран бүтээлээрээ өрсөлдөнө шүү дээ. Цэвэр уран бүтээлийн өрсөлдөөн байна гэсэн үг. Харин уран бүтээлийг маань ард түмэн шүүнэ шүү дээ.
-Ингэхэд хамтлагтаа нэр өгч амжсан уу?
-Одоогоор гурван нэрнээс сонголтоо хийхээр ярилцаж байгаа.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Хамтлагийн тань шинэ уран бүтээлээр эргэн уулзъя?
-Тэгэлгүй яах вэ. Олон сайхан уран бүтээлээр уулзана гэдэгтээ итгэлтэй байна. Бид ирэх намраас Шенгений бүсийн орнуудаар аялан тоглолт хийнэ.Тэндээс "Хамтлаг дуучид, хошин шогийнхон ойр ойрхон ирдэг ч жүжиг огт тоглодоггүй. Тиймээс ирж тоглолтоо сонирхуулаач" гэсэн санал ирээд байгаа.
Эх сурвалж: Өөр мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )