ОЛОН ӨНГӨ: Ягаан сандал

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

Гурван ч удаа нэгэн бүсгүйтэй нэг газар таарав. Тэр бүсгүй өөрийнхөө суух ёстой сандлаа мэддэг. Цүдгэр гэдсээ хүмүүсээс хамгаалан, өндгөө дарах шувуу шиг л нугдайн суудаг. Олны хөлөөс, болгоомжгүй нэгнээс, автобусны хүчтэй тоормосноос бүсгүйг ягаан сандал л авардаг. Гэвч тэр сандал нийтийн тээврийн автобусанд  хоёрхон байдаг нь харамсалтай.

Аз таарч суудал олдвол давхар биетэй эмэгтэйчүүд өөрийн тэмдэгт сандал дээрээ олзуурхан сууна. Олдохгүй бол бондойгоод л, гүрийгээд л зогсоод байхаас өөр аргагүй. Замын түгжрэлийн уртыг хэлэх үү, хэдэн ч минут, хэдэн ч цаг чилтэл зогсоож мэднэ. Хөөрхий, хэвлийдээ амьдрал тээж яваа бүсгүйчүүд маань ажилдаа ядраад түгжрэлд эвтэйхэн тухлаад амарч суухыг эрмэлзэнэ.

Хүмүүсийн зарим нь найр тавин суудлаа өгч байхад зарим нь харсан ч хараагүй юм шиг л нүүр буруулдаг. Давхар биетэй байхад хөл хавагнаад, нуруу чилээд, нойр  хүрээд мөн ч их ядардаг даа. Сүүлийн үед төрөлт нэмэгдсэнтэй холбогдуулж нийтийн тээврийн автобусны ягаан сандлыг нэммээр санагдлаа. Тэгвэл бага сартай жирэмсэн эмэгтэйчүүд ч хүнээс сандал царайчлахгүй ягаахан сандал дээрээ тухтайхан явах боломжтой болно. Манай хөгшчүүд их “дээрэлхүү”, залуусыг суудлаас нь хөөгөөд л босгож байгаа харагддаг юм.

Эхний 3- 4 сардаа ураг зулбах, амьгүй болох өндөр эрсдэлтэй байдаг тул хоёр зураастай учирсан л бол та хорьтой ч байсан хамаагүй, ягаан сандал дээрээ яаж ч байсан гүрийгээд л суугаад байдаг юм шүү.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ооо(66.181.161.27) 2020 оны 09 сарын 23

ер нь энэ сандал дээр энгийн хүмүүс автобус пиг байсан ч сууж баймааргүй бна.\n

0  |  0
Top