Вукан Вучик: Нийтийн тээврийн хөгжилгүйгээр хотод АМЬДРАЛ САЙХАН БАЙХ боломжгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Оросын Зам тээврийн яам 2035 он гэхэд бүх замаа төлбөртэй, харин нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгох санал дэвшүүлсэн билээ. Тэгвэл тэдний энэхүү санааг Пенсильванийн Их сургуулийн профессор, хотын нийтийн тээврийн салбарын мэргэшсэн шинжээч Вукан Вучик шүүмжилсэн байна.

Профессор Вукан Вучиктэй ВВС-ийн Оросын албаны сурвалжлагч Сергей Козловский дэлгэрэнгүй ярилцлага хийснийг толилуулъя.


Би-би-си: Та Москва болон Оросын бусад хотуудад хэд хэдэн удаа зочилж байсан. Орос дахь нийтийн тээврийн хөгжилд ямар нэгэн эерэг өөрчлөлтүүд гарсан нь танд ажиглагдаж байв уу?

Вукан Вучик /В.В/: Би сүүлийн 15 жилийн хугацаанд Орост 11 удаа зочилсон. Хоёр жилийн өмнөх сүүлийн аяллынхаа дараа би Москвагийн тээврийг удирдах газрын дарга ноён Ликсутовт хүсэлтийнх нь дагуу 15 хуудас товч тайлан бичиж өгсөн юм. Түүнд би Москва хотод тааралдсан сайн ба саар зүйлсийг бүгдийг тоочсон.

2010 онд хотын эрх баригчид хөдөлгөөний талаарх янз бүрийн аргуудын бодлогоо өөрчилсөн нь үндсэн дэвшил болсон гэж би тооцож байна. 1990-1995 онд түгжрэлтэй холбоотой асуудлаар сэтгэл зовинох хэрэггүй гэж эрх баригчид ярьж байсан. Гэтэл хэдхэн жилийн дараа гэхэд л хот даяараа нам түгжирдэг болсон. 2013 оноос өмнө хэн дуртай нь хаа хүссэн газраа машинаа тавьдаг байлаа. Энэ бол аймшигтай эмх замбараагүй явдал байсан. Тухайн үед би болон бусад шинжээчид энэхүү замбараагүй явдлыг тэвчилгүй, машины зогсоолыг хянан зохицуулах зайлшгүй шаардлагатай хэмээн ярьж байсан билээ.

Дараа нь тэд гэрлэн дохиогүй авто замуудыг барьж байгуулж эхэлсэн. Хэд хэдэн өргөн чөлөөг хурдны зам болгон өөрчилж барихаар шийдсэн нь зарим тохиолдолд сайн, заримд нь саар үр дагавартай байсан. Лениний өргөн чөлөөг хурдны зам болгон хувиргахыг эсэргүүцсэн тайлангийн бэлтгэл ажилд би оролцож байсан юм. Тэд уг өргөн чөлөөг явган хүмүүс, зорчигчид олонтой хотын байгууламжууд дундуур гарах зургаан эгнээ бүхий хурдны зам болгохоор төлөвлөсөн байлаа. Би энэхүү төслийг шүүмжлэн, үүнийг хийлгэхгүй байхаар бусад шинжээчдийн хамтаар Москва хотын удирдлагуудыг ятгаж чадсан юм.

Ингээд 2010 онд хотын тээврийг удирдах газрын зүгээс хувийн тээврийн хэрэгсэлд давуутай байдал олголгүй, харин нийтийн тээврээ хөгжүүлэн явган зорчигчдод таатай нөхцөл үүсгэхээр шийдсэн нь нэг алхам урагшилсан сайн явдал болсон билээ.

2013 онд тэд төлбөртэй зогсоолын системийг нэвтрүүлснээр Москва хот дахь нөхцөл байдал иж бүрнээр өөрчлөгдсөн юм. Мөн хэд хэдэн гудамжийг автомашингүй, явган зорчигчдод зориулан өөрчилсөн нь маш үр дүнтэй ажил болсон.

Гэвч тэд хэд хэдэн алдаа гаргасан билээ. Москва хотын захирагч Лужков замын гэрлэн дохионууд хөдөлгөөнийг удаашруулж байгаа учраас гэрлэн дохиогүй гудамжууд бий болгох хэрэгтэй хэмээн өгүүлж, үүний дагуу тэд гэрлэн дохиогүй зам, уулзваруудыг барьж байгуулсан. Ингэснээр жолооч  нар томоохон уулзвар руу дөхөж ирэнгээ гэрлэн дохиогоор эргэхийн оронд 2-3 км өнгөрч, U хэлбэртэй эргэлт хийн буцаж давхих хэрэгтэй болсон. Энэ бол том алдаа байсан. Харин одоо тэд энэ хэвээрээ байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна.

Бас нэгэн алдаа нь: уулзварыг гэрлэн дохиогүй болгохын тулд нийтийн тээвэр зүүн гар тийш эргэхийн оронд баруун тийшээ эргэн, илүү 4 км замыг туулах ёстой болсон. Иймэрхүү схем 1930-аад онд АНУ-д туршигдаж байсан юм. Гэрлэн дохиогүй замууд нь зөвхөн зай талбай ихтэй, хөдөлгөөний нягтаршил багатай газруудад илүү тохиромжтой юм.

Нөгөө талаас, нийтийн тээвэрт зориулсан тусгай эгнээг бий болгож, бүх хаалгаар чөлөөтэй орох боломжтой болгосноор өмнө нь 70 хүн трамвайны урд хаалгаар орж суухын тулд найман минут хүлээгддэг байсан явдал арилсан. Энэ бол зөв шийдвэр.

Би-би-си:  Москвагийн эрх баригчид троллейбусуудаа цахилгаан автобусаар солихоор шийдсэн талаар та ямархуу бодолтой байна вэ?

В.В: Энэ бол том алдаа гэж би бодож байна. Олон хотын гудамжинд троллейбусууд алга болсон хэмээн Москвагийн эрх баригчид ярьж байна. Тийм, гэвч тэдгээрийг дизель автобусаар сольсон нь буруу шийдвэр. Троллейбусууд алга болсноор толгой дээгүүр сүлжилдэх цахилгааны олон утсууд алга болж, орчны үзэмж сайжирсан хэдий ч агаарын бохирдол болон дизель хөдөлгүүрийн бусад онцлогуудыг хэн ч тооцоолоогүй нь харамсалтай.

Одоо дэлхийн хотууд ар араасаа дизель автобусуудаа сольсоор байна. Москва хот троллейбусны олон шугамтайн ачаар илүү давуу байдлыг хадгалж байгаа. Тэгвэл яах гэж троллейбусуудаа дизель автобус болон цахилгаан автобусуудаар солих гээд байгаа юм бэ? Цахилгаан автобусууд хөгжсөөр байгаа хэдий ч тэд илүү үнэтэй, бас найдвар багатай. Бас тэд харьцангуй удаан, тэдний батарейг цэнэглэхэд ихээхэн цаг зарцуулагддаг.

Тэгвэл яавал илүү үр дүнтэй байх бол? Одоо шугамнаас эрчим хүч аваад явчихаар троллейбусууд олон бий, бас бие даасан явалтыг нэмэгдүүлсэн троллейбусууд тодорхой хугацаанд цахилгаан шугаманд холбогдохгүйгээр явах боломжтой болсон. Тэдгээр нь цахилгааны шугаманд холбогдсон үедээ хөдөлгүүртээ эрчим хүч аваад зогсохгүй, батарейгаа бас цэнэглэдэг учраас цахилгаанд холбогдолгүйгээр 5-10 км явж чаддаг. Тийм троллейбусууд Санкт-Петербургт ашиглагддаг байсан, мөн Цюрих хот гэхэд дизель автобусуудаа ийм троллейбусуудаар сольж байгаа.

Троллейбусуудаа алга болгох Москвагийн энэхүү шийдвэр дэлхийн олонх хотуудын баримталж буй бодлоготой зөрчилдөж байна. Одоо хэн нэгэнд троллейбус байгаа бол түүнийг хадгалж хамгаалахыг хичээж байгаа. Хэрэв троллейбусуудаа солихыг хүсэж байгаа бол зөвхөн сайжруулсан хувилбараар нь л солих нь зүйтэй. Одоо Москвад шаардлагатай тооны цахилгаан автобус байхгүйн улмаас  олон шугаманд явж байсан троллейбусуудаа дизель автобусаар сольсон. Дэлхийн олон хотууд дизель хөдөлгүүртэй нийтийн тээврийн хэрэгслээс татгалзан, троллейбусны хүслэн болоод буй энэ үед Москва яах гэж тийм шийдвэр гаргасныг би ойлгохгүй байна.

Би-би-си:  Оросын Засгийн газар 2035 он гэхэд бүх тээврийн хэрэгслүүдээ үнэ төлбөргүй, харин замуудаа төлбөртэй болгохыг хүсэж байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

В.В: Энэ бол гамшиг л болно. Үнэ төлбөргүй нийтийн тээвэр гэхээр сонсоход таатай нь мэдээж. Нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгосноор хүмүүс хувийн машинаа бага хэрэглэнэ хэмээх үзэл санаа хүмүүст тааламжтай санагдах хэдий ч яг бодит байдал дээр энэ нь худал болох магадлалтай. Нийтийн тээврийн төлбөр өндөр бус, харин боломжийн байхад л хангалттай. Гэтэл яагаад заавал түүнийг үнэ төлбөргүй болгох гэж? Хэрэв хүмүүсийг нийтийн тээврээр үйлчлүүлэх сэдэлжүүлэгтэй болгоё гэвэл хувийн машинтай харьцуулахад илүү хурдтайгаар зорчих боломжийг л бүрдүүлэх хэрэгтэй. Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлагатай ч түүнийг огт үнэ төлбөргүй болгох нь сайн шийдэл биш.

Нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгосон нэлээн хэдэн хотод сөрөг зүйлүүд ажиглагдсан. Үнэгүй гэх ойлголт нь хүмүүсийн биеэ авч явах байдалд өөрчлөлт оруулж, зарим нь бүр унтахын тулд автобусанд суух жишээний. Нийтийн тээвэр эрхэлдэг компаниуд зорчигчдын тооноос үл хамааран улсаас мөнгө авах учраас ажлын бүтээмжээ сайжруулах эрмэлзэл бага болно. Хотын төсөвт хахаж цацсан сул мөнгө байхгүй нь мэдээж. Нийтийн тээвэрт зарцуулагдах мөнгө нь хомсдоод эхлэхээр автобусны тоогоо багасгаж, ингэснээр үйлчилгээний чанар бүр муудна.

Жижиг хотууд болон тусгай чиглэлүүдэд үнэ төлбөргүй байж болох хэдий ч томоохон хотуудад энэ нь үр ашиггүй. Эстонийн Таллин хот 2013 онд зөвхөн тус хотын оршин суугчдад нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгосон бөгөөд зорчигчдын тоо бага хэмжээгээр л нэмэгджээ.  2018 оны долоодугаар сард тус улсын 15 аймгийн 11 нь энэ системийг нэвтрүүлсэн байна. Таллин хотын захирагчийн өгүүлснээр, жилд нийтийн тээврээс 4,5 сая еврогийн орлого орж, харин нийтийн тээвэрт зарцуулсан мөнгө 70 сая евро болсноор дутагдалтай төсвөө хотын оршин суугчдын татвараас нөхсөн аж.

Би-би-си:  Цар тахлын тухай ярианд шилжицгээе. Хорио цээрийн дэглэмийн үед ихэнх хүмүүс нийтийн тээврээр зорчих боломжгүй болсон. Хүмүүсийг хувийн машинаасаа татгалзахыг ятгаж байтал шинэ төрлийн халдварт тахал гарч ирвэл яах бол?

В.В: Коронавирустэй холбоотой өнөөгийн нөхцөл байдал үнэхээр нийтийн тээврийн эсрэг хандлага төрүүлж, хүмүүс хувийн машинаараа зорчихыг илүүтэй эрхэмлэж байгаа нь харамсалтай зүйл. Би “Амьдрахад таатай хот дахь тээврийн хэрэгсэл” хэмээх номондоо хэрэв сайн нийтийн тээвэр үгүй бол тухайн хотод амьдрал аятайхан байх боломжгүй хэмээн бичсэн. Энэ нь ялангуяа нэг сая, таван сая түүнээс дээш оршин суугчидтай хотод хамаарах бөгөөд тухайн хотууд маш сайн нийтийн тээвэртэй байх ёстой.

Хэрэв энэхүү нөхцөл байдлыг ямар нэгэн хэлбэрээр шийдэхгүй л юм бол зөвхөн нийтийн тээвэр, эсвэл хувийн машинаар зорчих асуудлаас илүүтэй бүр  хүндхэн асуудлууд бидэнд тулгарах болно. Хүмүүсийг нэгтгэхийн оронд тэдний хоорондох харилцааг багасгасан тийм нийгэм бий болж, бидний соёл иргэншил аюулд учрах магадлалтай. Бид коронавирустэй холбоотой асуудлыг зөвхөн тээврийн хэрэгслээр хязгаарлаж болохгүй. Бид вакцин бүтээж, хүмүүсийг хуучны хэвийн амьдралдаа буцахад нь туслах ёстой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top