Бээжинд цаазын ялтай хоригдож байгаа Х.Дамдингийн талаар хариу өгөөгүй байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 19


 

Хятадын шоронд одоогоор 30-аад Монгол хүн хоригдож байна. Хоёр орны ялтан солилцох гэрээ хийгдэх дөхөж байгаа гэнэ. Хоёр талаасаа гэрээний урьдчилсан нөхцлийг хангаад дуусч байгаа бололтой. Манай УИХ-аар ялтан солилцох гэрээ байгуулах асуудал эцэслэн шийдэгдэнэ. Хятадын тал ч хууль тогтоох дээд байгууллагаар мөн шийдэх юм байна. Үүний дараагаар ялтнуудаа солилцоно. Урьд нь гэрээ байгуулаагүй байхад манайхан тэнд байгаа ялтан тус бүрээр нь ярьж асуудлыг шийддэг байлаа. Гэрээ байгуулсан нөхцөлд ялтнуудыг бөөнөөр нь ярьж хэлэлцээд , хөнгөн ялтай хүмүүсийг эхний ээлжинд эх оронд нь ирүүлэх боломжтой ажээ. Хятадын хуулиар цаазын ял сонсоод байгаа Х.Дамдинг эх оронд нь ирүүлэх, түүнд ямар нэг хөнгөлөлт үзүүлэх боломжийн талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын эрх баригчдад хандан хүсэлт тавьсан юм. Гэвч Хятадууд тодорхой хариу өгөөгүй байна. Х.Дамдин хар тамхи, мансууруулах бодис худалдаалсан хэргээр ийнхүү яллагдах болжээ. Ер нь сүүлийн үед монголчууд Хятадын хар тамхины наймаачдын гар хөл болох нь ихэсч, ийм хэлбэрийн гэмт хэргийн тоо улам өсөх хандлагатай болоод байна. Байгалмаа гэдэг эмэгтэй найзынхаа хамт хар тамхины хэрэгт холбогдон хоригдож, өнгөрөгч өвөл түүний ар гэрийхэн очиж уулзсан гэдэг. Гэвч түүнтэй монголдоо байгаа шиг тав тухтай ярьж хөөрөх боломж олдоогүй. Бараа бараагаа харалцаад л салсан тухай гэрийнхэн нь эргэж ирээд ярьж байна лээ.  Хүний нутгийн шоронд бүү хэл наранд нь ч сэтгэл уужуу явах гэж юу байхав дээ. Тэгээд бүр ялтан хүнтэй уулзахаар очиход шүү. Хятадад сүүлийн хэдэн сарын байдлаар янз бүрийн гэмт хэрэгт холбогдсон 30-аад хүн бас мөрдөн шалгагдаж байгаа ажээ. Тэдний хэргийг шүүх хэрхэн шийдэх нь тодорхой бус байна. Зарим нь хүнд гэмт хэрэгтэй. Мэдээж, нөгөө л хар тамхи. Энэхүү аймшигтай барааг монголчууд зарим тохиолдолд хятадуудын шахалтаар тээвэрлэдэг бололтой. Ер нь хятадууд их үндэстэн гэдгээрээ түрүү барьж эх оронд маань орж ирээд ч биднийг зодож танхайрдаг болсон. Олон ч удаа монгол иргэд маань зодуулсан даа, тэдэнд. Манайханд ч бас гэм бий байх. Хэдэн бор төгрөг олох санаатай хил даван Хятадын нутгаар доншуулчилж яваа монголчууд нэг бол хар тамхи тээгч, эсвэл эмс охидыг  худалдаалаачид болон хувирч байгаа. Хонгконгт ч мөн адилхан. Тэнд байгаа Хятад иргэд манай монголчуудтай хамтран гэмт хэрэг үйлдэж байна. Одоо тэнд дөрвөн монгол залуу хар тамхины хэргээр шалгагдаж байгаа гэсэн. Хэргийг нь хэрхэн шийдэж буй талаар ямарч мэдээлэл алга байна. Ерөнхий сайд Хятадад айлчлахдаа Хонгконгт Консулын газраа албан ёсоор нээлээ. Ойрын үед тэндээс бодитой мэдээ ирэх байх гэж найдахаас. Тус Консулын газар нь Макаог давхар хариуцах юм  гэсэн. Тэнд манай охид бүсгүйчүүд ихэвчлэн бэлгийн мөлжлөгт өртдөг. Энэ нь тэдний саваагүй зан, хялбар аргаар мөнгө олох гэсэн нь ийнхүү  бусдын олз болгодог байна. Тэд ихэвчлэн  хүн худалдаалах гэмт хэргийн золиос бологсод юм. Ийм гэмт хэргийг хар тамхи мөнхөд дагалддаг. Тэгэхээр манай бүсгүйчүүд хар тамхины хэрэгт холбогдох бас нэг нөхцөл эндээс бүрддэг ажээ. Тиймээс Консулын газар нь тэдний эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээнэ. Ер нь урд хөршүүдийн алинд нь ч гэмт хэрэгтэн болоход өмгөөлөгчийг тухайн улсаас нь гаргаж өгдөг онцлогтой. Тухайлбал Хятадад хоригдож буй манай иргэд өмгөөлөгчөө өөрсдөө сонгож авах гэвэл дор хаяж 50 мянган доллар төлнө. Тийм их мөнгө манайханд яаж байхав.

            Хятадад хөнгөн хэлбэрийн гэмт хэргээр ял сонсож буй иргэдийн ихэнх нь хулгай, хил гаалиар хориотой бараа зөөсөн гэх хүмүүс. Мөн хүн амины хэрэгтэн ч бий. Нийтдээ тэнд ял сонсон хоригдож байгаа монголчууд 2-15 жилийн ялтай байгаа. Харин цаазын ялтай 2-3 хүн байна.

            Манай улс ялтан солилцохоор одоохондоо Өмнөд Солонгос, Казахстан, Орос, Канад улстай гэрээ хийсэн. Солонгост 15 хүн ял эдэлж байгаа гэнэ. Тэдний нэгийг нь өнгөрөгч өвөл эх оронд нь авчирсан бөгөөд бусдыг нь авчрах талаар ярилцаж байгаа ажээ. Цаашдаа Америк, Европын холбооны улсуудтай  ялтан солилцох гэрээ хийхээр яригдаж байна. Гэхдээ монголчууд хүний газар нэрээ, улс орноо, хууль, ёс зүйгээ сайтар бодож явууштай. Алийн болгон муусайн монголчууд хэмээн гадныханд ад үзэгдэх билээ дээ. Солонгосынхон гэхэд л сүүлийн үед манайханд тун таагүй ханддаг болсон. Тэнд байгаа монголчууд маань сав л хийвэл хулгай хийж, архидан согтуурч, зодоон хийдэг ажээ. Харин Европын соёл дунд орж очсон монголчууд арай өөр, томоотой байдаг гэнэ. Гэвч хаана, ямар орчинд байх нь гол биш болов уу. Хамгийн чухал нь хууль ёсыг дээдлэх явдал юм.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал     

     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top