Нийслэлийн хэвтээ тэнхлэгийн гол зам дайран өнгөрдөг бас төмөр замын өртөөтэй, дулаан, цахилгааны найдвартай эх үүсвэр, томоохон зах, худалдааны төвүүд, сургууль, цэцэрлэг, амралт чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн гээд бүхий л дэд бүтэц Амгалан орчимд бий. Гэвч Амгаланд амьдардаг дийлэнх айл өрхийн амьжиргааны төвшин доогуур, ажилгүйдэл, архидалт ихтэй, тоосжилт, дуу чимээ, хөрсний бохирдолд нэрвэгдсэн, орчны тохижилтын ажил орхигдсон дүр зураг хэвээр байна. Иймд нөөц бололцоондоо тулгуурлан тав тухтай амьдрах орчин бүрдүүлэх санаачилгаа ажил хэрэг болгохоор БЗД-ийн ИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог буюу БЗД-ийн 10, 12 дугаар хороонд ШИНЭ намаас нэр дэвшигч Зулзагын Соднаранг танилцуулж байна.
З.Соднаран нь 1974 онд Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн. 1987-1996 онд жүдо бөхийн үндэсний шигшээ баг, “Харцага” клубийн тамирчин байсан Монголын эмэгтэй жүдочдын анхдагчдын нэг, спортын мастер цол, “Хөдөлмөрийн хүндэт” медальтай. Тэрбээр 1994-1996 онд Биеийн тамирын дээд сургуулийг төгсөж, тухайн цаг үеийн шаардлагаар 1996 оноос ганзагын наймаа хийсэн байдаг. Улмаар 2003-2009 онд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад амжилттай ажиллаж, хэрэгжүүлсэн төслөө дуусган ажлаа өгчээ. Түүнийг “Амгалан” зах дээр гэр ахуй барааны лангуу ажиллуулж байсныг Амгалангийн иргэд таних буй за.
З.Соднаран БЗД-ийн 10 дугаар хороонд 30 дахь жилдээ нөхөр, гурван хүүхдийн хамт амьдарч байна. 10 дугаар хороо, нэгдүгээр хэсэг, 34 тоот, худгийн арын гудамжинд амьдрах түүнийг тус хорооны иргэд “Дэлхийн зөн”-д ажиллаж байхдаа хийж, хэрэгжүүлсэн сайн үйлсийн ажлаар нь андахгүй. Гудамжинд явахад хүүхэд багачуудаас эхлээд азай буурай хүртэл түүнийг “Содоо” хэмээн дуудаж, ахуй амьдралаа ярьж байлаа. Учир нь З.Соднаран энэ хороондоо 30 жил амьдарсан хүний хувьд хорооны онцлогийг мэддэг, тулгарч буй асуудлыг ойлгодог, шийдэх арга замыг олсон иргэд дундаас тодорсон нэр дэвшигч юм. Ингээд БЗД-ийн ИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог, тус дүүргийн 10, 12 дугаар хороонд нэр дэвшигч З.Соднарантай ярилцсанаа хүргэе.
-Та Орон нутгийн сонгуулиар БЗД-ийн ИТХ-ын 12 дугаар тойрогт өрсөлдөж байгаа юм байна. Орон нутгийн сонгуульд нэр дэвших шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?
-“Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэсэн ардын үг бий. Түүнтэй адил би энэ хороондоо амьдарч байгаа учраас хорооныхоо иргэдийн төлөөлөл болж ажиллах сэтгэл зүрх надад байна. Би 2000 оноос хойш үе үеийн сонгуульд ажиглагч, хэсгийн хороонд ажиллалаа. Энэ хугацаанд нэр дэвших талаар ерөөсөө боддоггүй байлаа. Гэхдээ сонгууль болгоноор манай хороонд амьдардаггүй хүмүүс ирж дэвшчихээд сонгогдсоныхоо дараа алга болчихдог байсан. Тиймээс энэ хороонд амьдардаг, хүмүүсийнхээ амьдрал ахуй, орчин нөхцөлийг мэддэгийн хувьд нэр дэвших шийдвэр гаргасан. Сонгогдлоо гэхэд иргэд манай хашааны хаалгыг нүдээд надтай хариуцлага ярьж болно. Би энэ хороонд 30 жил амьдарсан. Дараагийн 30 жил ч амьдрах болно. Тиймээс би төр, иргэний гүүр болж, хорооныхоо иргэдийг төлөөлөн ажиллаж чадна.
-Таны дэвшиж байгаа БЗД-ийн ИТХ-ын 12 дугаар тойрог ямар онцлогтой вэ?
-Миний амьдарч байгаа тойрог, хороо маань шүү дээ. Ихэвчлэн дундаас доош орлоготой иргэдтэй, ахмад настан ихтэй. Хөгжлөөс хоцорсон газар гэхэд хилсдэхгүй. Энд хүүхдийн тоглоомын талбай ч байхгүй. Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх орчин бүрдүүлэх чиглэлээр ямар ч ажил хийгддэггүй. Нэг саад хийсэн ч шороо овоолоод хаячихсан. Засаг дарга гэж хүн юу хийдэг нь мэдэгддэггүй. Сонгууль дөхөнгүүт гэнэт гарч ирээд шарилжны аян зарлаж байгаа харагдсан. Нэг ч удаа иргэнийхээ төлөө санаа зовж, гэрт нь орж байхыг харсангүй. Энгийн ийм жишээг хараад би эмзэглэдэг. Тиймээс иргэдийнхээ төлөө ажиллах юм сан гэсэн чин хүслээр зориг шулуудаад байгаа минь энэ.
-Танай хорооны иргэдэд эн тэргүүнд тулгамдсан ямар асуудал байна вэ?
-Манайхан дэд бүтцээ хөгжүүлэхийг хамгийн ихээр хүсдэг. Дулаан, халуун устай холбох хэрэгтэй байна. Яг хажуугаар дулаан, халууны шугам явдаг, станц нь хаяанд байдаг ч холбогдож чаддаггүй. Мөн архидалт их байна. Шалтгаан нь ажлын байргүй, тогтмол орлогогүй. Мөнгө олдохгүй болохоор хулгай хийнэ. Нэгнийхээ усны тэргийг хулгайлаад зарчхаж байна. Тиймээс гудамж бүрийг камержуулмаар байна. Гэрэлтүүлгийг бүрэн хиймээр байна. Иргэдийг төрд төлөөлж байгаа хүмүүс яагаад энэ бүхнийг хийчихье гэж боддоггүй нь гайхалтай. Боломж байгаа шүү дээ. Иргэд гачигдалтай байх нь улс төр хийж, иргэдээр тохуурхахад л хэрэгтэй байх. Өөр ямар ч ашиггүй. Сонгууль болохоор иргэд намаар хуваагддаг, талцдаг. Миний хувьд хүмүүсийг ялгаварлаж ханддаггүй. Яагаад гэвэл тэр хүн өөрийнхөө үзэл бодлоор, би өөрийнхөө үзэл бодлоор улс төрийн сонголт хийсэн. Эцсийн бүлэгт бид нэг л орчин нөхцөлд амьдарч байгаа, нэг л агаар, нэг л хөрстэй хүмүүс. Бид хамтдаа байж чадвал аливаа асуудлыг шийдэж чадна.
-Таныхаар Амгалан орчимд хөгжлийн ямар гарц, шийдэл байна вэ?
-Амгалан нь дэд бүтэц хөгжих хамгийн боломжтой газар. Манайд дулааны эх үүсвэр, төв зам, төмөр зам ч байна. Гол нь зөв менежмент хэрэгтэй байна. “Ботаникийн цэцэрлэг” гэдэг том сайхан цэцэрлэгт хүрээлэн байна. Түүнийг тохижуулаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг сайхан орчин бүрдүүлж болно. Жанжин Д.Сүхбаатарын гэрийн буурь болох түүхэн дурсгалт газар байна. Энэ газрыг сайхан тохижуулаад хүмүүс амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар болгон хөгжүүлэх боломжтой. Ийм ажлыг хийхэд том хөрөнгө оруулалт, тусгай хууль хэрэггүй. Жаахан сэтгэл байхад хангалттай. Манай хорооныхон бүгд хүсэж байгаа ажлыг жижигхэн зохион байгуулалт хийгээд л ажил хэрэг болгох боломжтой шүү дээ.
Мөн хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбай бүхий сургалт, хөгжлийн цогцолбортой болмоор байна. Яагаад хотын төвийн хүүхдүүд сайхан орчинд өсөж болдог, захын хорооллын хүүхдүүд шороон дунд өсөх учиртай гэж. Энэ бүхнийг би ганцаараа хийчхэж чадахгүй байж мэднэ. Гэхдээ нийслэлийн ИТХ, УИХ-ын гишүүдтэйгээ хамтраад шаардлагатай ажлыг санаачлан хамтын хүчээр хэрэгжүүлж чадна. Жирийн амьдрал дунд байдаг, жирийн ардын хүүхэд иргэдийг төлөөлснөөр илүү амжилт гарна гэдэгт би итгэдэг. Хэн нэгэн мөнгөтэй хүн дээшээ гарлаа гэхэд сонгууль боллоо, маргааш нь биднийг мартана. Гэтэл бидний амьдрал хүн хэвээр үлдэнэ шүү дээ. Дараагийн сонгуулиар өнөөх хүмүүс дахиад л хүрч ирээд худлаа зүйлсээ ярина. Иргэд ядуу, гачигдалтай хэвээр л байна. Үүнийг өөрчилье л дөө.
-Танд төр, иргэний гүүр болж ажиллах чин хүсэл байгаа юм байна. Иргэд таныг ямар учраас сонгоно гэж найдаж байна?
-Би олон улсын байгууллагад ажилласан туршлагадаа найдаж байна. Мөн тухайн хороондоо, иргэдийнхээ дунд амьдарч байгаа. Тоймтой хэдэн ажлыг барьж аваад тултал нь хийх чин хүсэл, хичээл зүтгэл байна. Миний аав, ээж жолооч хүмүүс байсан. “Зил 130” машинтайгаа худгийн ус түгээдэг байлаа. Аав, ээж хоёр минь надад хөдөлмөрч байхыг заасан. Гэхдээ аав, ээж хоёрын маань үеэс бидний амьдарч буй орчин төдийлөн сайжирсангүй. Ажилчин хүн яагаад дүүргийн иргэдийн хуралд ажиллаад бусдын төлөө ажиллаж болдоггүй юм гэсэн бодол надад байдаг. Аливаа юм багаас эхэлдэг. Олон улсын байгууллагад ажиллаж байхдаа би хүмүүст гэр олгодог байлаа. Зарим хүмүүст төслийн байшин бариулж байсан. Тэр байшинд хүмүүс одоо ч амьдарч байгаа. Хүүхэд хөгжлийн асуудлаар хороотой хамтран олон ажил хийсэн. Хүмүүст ажлын байр олгох юм сан, итгэл өгөх юм сан гэж хичээж ирлээ. Энэ бүх ажлаа илүү далайцтай бодлогын төвшинд хиймээр байна. Тиймээс орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн юм.
-Та хорооны иргэд намчирхаж, хуваагддаг тухай хэлсэн. Ийм нөхцөлд гуравдагч хүчнээс нэр дэвшиж, хүлээн зөвшөөрөгдөх боломж байна уу?
-Иргэдэд хандаж хэлэхэд амьдралаас гарч ирсэн хүнийг сонгосон нь зөв гэж зөвлөх байна. ШИНЭ намын улс төрийн бодлого иргэдийн төлөө байдаг. Би энэ намын Төв зөвлөлийн гишүүн, БЗД-ийн тэргүүлэгч, 10 дугаар хорооны Намын иргэний зөвлөлийн даргаар ажилладаг. Тиймээс БЗД-ийн 10, 12 дугаар хорооны иргэдийнхээ мэргэн сонголтод өөрийн нэрийг дэвшүүлж байна. Амгалан сайхан хорооны маань иргэдийн аж амьдрал амгалан сайхан болох болтугай.