Г.Долгормаа: Рентген шинжилгээнд 0-5 насны хүүхдийг ойрхон давтамжтай хамруулахаас зайлсхий

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Цөмийн технологи-Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сарын аяныг өрнүүлж байгаа билээ. Энэ хүрээнд хийгдэж байгаа ажил болон цацрагийн үүсгүүртэй холбоотой тусгай зөвшөөрөл, түүнийг тойрсон асуудлаар цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Г.Долгормаатай ярилцлаа.


-Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгодог. Манай улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий хэдэн байгууллага байдаг вэ?

-Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу цөмийн төхөөрөмж, цөмийн бодистой холбоотой тусгай зөвшөөрлийг Цөмийн энергийн комисс, цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг манай байгууллага олгодог юм. Энэ оны 9 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй 471 аж ахуйн нэгж байна. Эдгээр байгууллагууд 1481 ширхэг цацрагийн үүсгүүрийг ашиглаж байна.

-Энэ 500 орчим байгууллагыг салбараар нь ангилан хэлэх боломж байх уу. Эрүүл мэндийн салбар дахь үүсгүүрийн тоо хамгийн их байх гэж бодож байна?

-Цөмийн технологи нь олон салбарын судалгаа иновацид түлхүү ашиглагдах  болсон. Таны хэлсэнчлэн эрүүл мэндийн салбар нь цөмийн технологийг хамгийн өргөн ашигладаг буюу 340 байгууллага 900 орчим цацрагийн үүсгүүрийг ашиглаж байна. Мөн аюулгүй үзлэгийн хяналт, судалгаа шинжилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, геологи хайгуулын судалгаанд цацрагийн үүсгүүр, ионжуулагч цацраг гаргагч багаж хэрэгслийг ашиглаж байна.

-Цацрагийн үүсгүүр, ионжуулагч цацраг зэрэг мэргэжлийн бус хүнд хол сонсогдох нэр томьёо олон байна л даа. Үүн дээр товчхон тайлбар өгөхгүй юу?

-Энгийн үгээр тайлбарлах гээд оролдъё, эрүүл мэндийн салбараар жишээлээд. Хүний биеийг гаднаас нь хараад ямар нэг эрхтэн, тухайлбал уушиг нь өвчилсөн, яс нь гэмтсэн гэдгийг шууд оношлох боломжгүй. Харин хүний биеийг нэвтэлдэг, ачаалал багатай цацраг идэвхт бодисыг ашиглан эд эрхтэний дүрслэлийг харж, зургийг авч, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны болон байршлын  оношилгоо эмчилгээг хийх боломжтой юм.

Геофизикийн судалгаанд гамма цацрагийн нэвтлэх чадвар болон сарних үзэгдлийг ашиглан чулуулгийн нягт, элментийн агуулгыг тодорхойлдог. Аж үйлдвэрийн салбарт хүний нүдээр харах боломжгүй тоног төхөөрөмж, металл хийц, материалын дотоод гэмтэл, согог, эвдрэлийг шалгахад энэхүү технологийн ашиглаж байна.

Цөмийн энергийн тухай хуулинд “цацрагийн үүсгүүр” гэж цөмийн төхөөрөмжөөс бусад цацрагийн шарлага үүсгэгч цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацраг гаргагч аливаа багаж хэрэгслийг, “ионжуулагч цацраг” гэж шууд болон шууд бус замаар бодис, биологийн биет дотор хос ион үүсгэх цацрагийг, “шарлага” гэж цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн үүсгүүрээс хүнд үзүүлэх нөлөөллийг хэлнэ гэж тайлбарласан байдаг.

-Шарлага хүний биед ямар нөлөө үзүүлэх үү?

Шарлагын тун, шарлагад өртсөн хугацаа, байдал, цацрагийн элементийн төрлөөсөө шалтгаалан цацраг туяа бие организмд харилцан адилгүй нөлөөлдөг

-Ажиглахад, манайхан эмчийн зааваргүйгээр дур мэдэн рентген зураг авахуулах, СТ буюу компьютерт томограф хийлгэх нь элбэг харагддаг. Хэрэв шарлагын тун хэтэрвэл хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Манай байгууллага цацрагийн үүсгүүрийг улсын хилээр нэвтрүүлэхээс эхлээд ашиглах, хадгалах, тээвэрлэх, ашиглалтаас гаргах гээд бүхий л үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж ажилладаг. Энэ хүрээндээ эмнэлгийн байгууллагуудад хувийн хамгаалах хэрэгслийг тогтмол, зөв хэрэглэхийг зөвлөдөг.

Иргэн та шүдний зураг авахуулсан ч хувийн хамгаалах хэрэгслийг өмсөж, эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй

Рентген зураг авахуулж оношилгоо хийлгэх, хавдрын туяа эмчилгээ, цөмийн онош зүйн оношилгоо, эмчилгээ зэрэг нь бүгд л цөмийн технологид суурилсан байдаг. Эдгээр үйлчилгээг авснаар өдөрт хэчнээн хүн эрт оношлуулж, эмчлүүлж байгааг таах аргагүй. Цөмийн технологид суурилсан үйлчилгээний дэвшилтэт чанар, давуу тал маш их.

Гэхдээ тунг нь хэтрүүлээд байж болохгүй л дээ. Шаардлагагүй тохиолдолд үйлчлүүлэгчийг рентген  шинжилгээнд оруулах, давтан зураг авах, ялангуяа 0-5 насны хүүхдийг ойрхон давтамжтай хамруулах дутагдлууд гарч байна

-Хүний жилд авах шарлагын тунг тогтоосон хэмжээ байдаг уу?

-Цацрагтай ажиллагсдын 5 жилийн туршид авах цацрагийн тунгийн хязгаар 100 мЗв-ээс ихгүй байх ба дурын 1 жилд авч болох тунгийн хязгаар 50 мЗв-ээс хэтрэхгүй, харин хүн амын хувьд авч болох  цацрагийн тунгийн үндсэн хязгаар нь жилд 1мЗв-ээс хэтрэхгүй байхаар цацрагийн аюулгүйн нормд тусгаж өгсөн байдаг.

-Би ярианыхаа сэдвээс жаахан хазайчихлаа. Тусгай зөвшөөрөл авахад ямар бичиг, баримт бүрдүүлэх шаардлагатай байдаг вэ?

-“Цөмийн энергийн тухай” хуулийн 17, 19 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавигдах шаардлагууд тодорхой тусгагдсан. Түүнээс гадна тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргахад шаардлагатай баримт материалын жагсаалт, өргөдлийн маягт, хэрэглэгчдэд зориулсан гарын авлага зэрэг мэдээ, мэдээллийг нэгтгэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын /inspection.gov.mn/ вебсайтын хэрэглэгчийн булан, төрийн үйлчилгээ хэсэгт байршуулсан байгаа.

-Тусгай зөвшөөрлийг хэдэн жилээр сунгуулах боломжтой вэ?

-Цацрагийн аюулгүй байдлын соёлыг хэвшүүлсэн, шаардлагыг хангасан, боловсон хүчний мэргэшлийн бэлтгэл бүрэн хангагдсан тохиолдолд гурав хүртэлх жилийн хугацаагаар сунгадаг.

-Улсын тэмдэгтийн хураамжийг бууруулсан тухайд?

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргын хамтарсан тушаалаар “Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход санал авах, санал өгөх журам”-ыг шинэчлэн баталсан. Уг журмын 4.4-т рентген аппарат, тоног төхөөрөмжийн  ангиллыг шинэчлэн баталж, 200кВ ба түүнээс бага хүчдэл үүсгэх рентген аппарат тоног төхөөрөмжүүдийг нэгдүгээр, түүнээс их хүчдэл үүсгэх рентген аппарат төхөөрөмжүүдийг хоёрдугаар ангилалд хамруулахаар зохицуулсан.

Үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ дунджаар хоёр дахин буурч байна. Тухайлбал, компьютерт томограф, ангиографи, шүдний дэлгэмэл зургийн рентген аппаратын улсын тэмдэгтийн хураамж 300000 төгрөг байсан бол дээрх журмын зохицуулалтаар 100000 төгрөг болж буурсан

Энэхүү рентген аппарат, тоног төхөөрөмжийн ангиллыг шинэчлэн баталснаар Монгол улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр зүйлийн 1.18-д “Төрийн үйлчилгээний шимтгэл, төлбөрийн хэмжээг бууруулна” гэсэн заалтын хэрэгжилтийг хангаж, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаагаараа онцлог юм.

-Цацрагийн үүсгүүр хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагуудын түгээмэл гаргадаг алдаа юу байна. Хяналт шалгалтын явцад ямар зөрчил их илэрдэг вэ. Цаашид юун дээр анхаарвал зохих вэ?

-Хуулийн мэдлэг дутмагаас шалтгаалж рентген аппаратыг импортын тусгай зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлэх, тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд ирүүлэхгүй байх, тусгай зөвшөөрлийн баримт материалыг дутуу ирүүлэх зэрэг алдаа дутагдал цөөнгүй байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр асуудлыг шийдвэрлэхээр мэргэжил арга зүйн зөвлөгөө тогтмол өгч, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажилладаг.

Хяналт шалгалтаар ч зөрчил илэрдэг, ноцтойд тооцогдох нь ч бий. Эрхлэх үйл ажиллагаанд нь тохироогүй өөр төрлийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын бичиг баримтыг хуулбарлах, рентген кабинетыг буруу зохион байгуулах, шаардлага хангаагүй хамгаалалт хийх зэрэг асуудлууд цөөнгүй гарч байна

Ямар төрлийн цацрагийн үүсгүүр ашиглаж, ямар хэлбэрийн ажил үйлчилгээ явуулах гэж байгаагаас хамаарч түүнд тавигдах цацрагийн аюулгүйн шаардлагууд өөр өөр байдаг. Үүнийг цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буй хүмүүс, хэрэглэгчид маань сайн анхаарах хэрэгтэй.

Сарын аяны хүрээнд эдгээр асуудал дээр анхаарал хандуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх 265645 утсыг ажиллуулж байна. Мөн цахим болон танхимын сургалтыг зохион байгуулж, мэдээлэл, зөвлөгөөг өгч байна.

Түүнчлэн үйлдвэрлэгч нь тодорхой бус, удаан хугацаанд ашигласан /10-аас дээш жилийн насжилттай/, зураг дүрсийн чанарын шаардлага хангаагүй, туяаны алдагдалтай аппарат, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх шаардлага тавигдаж байгааг анхаарах нь зүйтэй

-Мэргэжлийн хяналтын байгууллага тусгай зөвшөөрлийн баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авах системийг туршиж эхэлсэн. Энэ талаар та товч мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Дижитал шилжилт” хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагын үйлчилгээг цахимжуулах бодлого, стратегийг боловсруулж, шат дараалсан арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг хялбаршуулах, шуурхай хүргэх, үйлчилгээний ил тод байдлыг хангах, ажлын байрыг автоматжуулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зэрэг зорилтыг хэрэгжүүлэхээр “www.igov.mn цахим систем”-ийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангасан.

Тус системийг “Хур” төрийн мэдээлэл солилцооны систем, “Дан” танилт нэвтрэлтийн нэгдсэн системүүдтэй холбосон бөгөөд Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газраас олгож байгаа гурван төрлийн 11 зөвшөөрөл, Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас олгож байгаа 4 төрлийн 13 үйлчилгээг цахимаар аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж эхлээд байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top