ОЛОН ӨНГӨ: Автобус үнэтэй болохоор үйлчлүүлэхгүй байгаа юм биш

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 06

Улаанбаатарчуудын уур бухимдлыг ойрын үед дээд цэгт нь хүргэж байгаа ганц асуудал замын түгжрэл болоод байна. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нь хүртэл “Түгжрэл дан ганц иргэдийн зовлон биш. Дарга нар ч түгжирдэг” хэмээн ярьж “дарга” бол иргэн биш гэдгийг сануулах хэмжээнд хүртэл түгжирцгээж байна. Мөн хүн бүр машинтай байгаа нь түгжрэлийн гол буруу мэтээр ярих хүмүүс байгаа бол нийтийн тээврийг үнэгүй болгоно хэмээн попрох нэр дэвшигч ч гарсан.

Гэвч хүүхдээ дагуулаад сургууль, цэцэрлэг рүү нь алхах гэхээр энд, тэнд эвдэрсэн зам, ухсан нүхэнд унаж үхчих гээд, хаанаас ч хамаагүй гарч ирдэг ойворгон зантай машинтангууд дайрч алчих гээд, “Аз жаргалтай хот”-ын алхам тутам таарах цас, борооны усанд урсчих гээд байгаа учраас л хүмүүс өөрийн машинтайгаа замын хөдөлгөөнд оролцохыг илүүд үзээд байгаа хэрэг. Мөн нийслэлийн нийтийн тээвэр үнэтэй байгаа болохоор суухгүй байгаа юм биш.

Хүүхэд суугаад явчих суудалгүй, хүмүүсийн хөлд дарагдчих гээд байгаа болохоор суухгүй, үр хүүхдээ зорчуулахгүй байгаа юм. Нийтийн тээвэр нь хэтэрхий бохир, хүйтэн, хэзээ мөдгүй шатаж мэдэхээр хуучин байгаа болохоор иргэд үйлчлүүлэхийг хүсэхгүй байгаа юм шүү дээ. Тиймээс нийтийн тээврээ үнэгүй болгоно гэж солгойрч суухаар чанар, хүртээмжийг нь маш яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top