ОЛОН ӨНГӨ: Бидний ирээдүй...

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, хүүхдийн амьдрах, сурч боловсрох орчин бол эцэг эхчүүдийн хувьд хамгийн үнэтэй ирээдүй. Гэтэл тэднийхээ ирээдүйд санаа зовохгүй байгаа нь даанч учир дутагдалтай болж. Хэдхэн жилийн өмнө баригдаж байхаасаа эхлэн олон хүүхдийн, олон хүний амь насыг авч одсон Нисэх, Яармагийн замд гэхэд сүүлийн өдрүүдэд нэг хүүхдийн амь нас эрсдэж, хоёр ч хүүхэд гэмтлээ.

Хурдтай зорчдог энэ зам дээр хүүхдүүдийн байнга гүйлдэж явдаг сургуулийн ойролцоо ядах нь ээ хурд сааруулагч ч алга. Сонгуулийн сурталчилгааны самбарууд л энд тэндгүй хөглөрч, үргэлжилсэн урт самбарууд нь жолоочийн үзэгдэх орчныг хязгаарлаж байна. Уруу газарт нэг талдаа гурван эгнээгээр хурдтай явсан жолооч нараас гарцан дээр очоод нэг нь зам тавьж өгсөн ч нөгөө нь зам тавьж өгөөгүйн улмаас осол аваар гарч, түгжрэлээс урьтаж ажилдаа очих гэж яарахдаа, эргэлттэй уулзварыг хурдан туулах гэсэндээ нэгдүгээр эгнээнд биш хоёр, гуравдугаар эгнээ рүү шууд шилжихдээ ямар их эрсдэлтэй үйлдэл хийж буйгаа ухамсарладаг баймаар.

Нэг хэсэг сураг алдарсан “гудамжны” гэх хүнд тодотголтой хүүхдүүдтэй ч ойрд таарах боллоо. Хүүхэд бүрд байдаг нүдний гал цог нь унтарч, томчуудаас айж бэргэж, орцоор хоног төөрүүлж явах бяцхан хүү, охин амьдралын хатууг туулж явахаар ямар буруу зүйл хийсэн гэж. Томчууд алдаа, оноогоо өөрсдөө л үүрэх ёстой. Төрүүлсэн хүүхдээ хог шиг хаяж, гудамжинд амьдрахад хүргэчихээд юуг бодож сууна. Эрх нь зөрчигдөх нь ч цаашаа нөхцөлд эх орных нь ирээдүй болсон хүүхдүүд өсөж торниж байгааг хараад суух зориг зүрхтэй хүмүүс биднийг удирдана гэвэл сэтгэлд харуусал, гуниг дүүрч, өр зүрх эмтэрч байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top