Монгол Улсын Засгийн газраас нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, хүн ардаа өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулахаар “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг шат дараатай шинээр байгуулж байна. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвд шинээр “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг энэ сарын 15-нд ашиглалтад оруулах аж. Тус дэмжих төвийг УНТЭ-ийн Эрүүл мэндийг дэмжих төвийн жишгээр үлгэрлэн зохион байгуулж, эмч мэргэжилтнүүдээ сургах, чадавхжуулах ажлуудыг хийжээ.
ЭМЯ-наас Өвөрхангай аймагт шинээр ашиглалтад орж буй Эрүүл мэндийг дэмжих төвд шаардлагатай тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, зураг төсөл гээд бүх талын дэмжлэгийг үзүүлж байгаа аж. Энэхүү дэмжих төв нь ашиглалтад орсноор Өвөрхангай аймгийн төдийгүй Бүсийн 250 орчим мянган иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө, мэдээлэл зэрэг олон талын үйлчилгээг үзүүлэх юм.
ЭМЯ-наас таван том цогц ажлын хүрээнд нотолгоо, шинэ технологид суурилсан эрүүл мэндийг дэмжих төвүүдийг байгуулах ажлууд орон нутаг, дүүргүүдэд үргэлжилсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )