Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа

2020 оны 10 сарын 17

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчдийнх нь хамтаар өчигдөр /2020.10.16/ хүлээн авч уулзлаа.

“КОВИД-19” цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгааг ноён Тапан Мишра уулзалтын эхэнд онцлоод НҮБ-ын зүгээс энэ тал дээр тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирснийг тэмдэглэв. Цаашид эдийн засгийг сэргээх болон бусад чиглэлээр  Монгол улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, НҮБ-ын шинэчлэлийн үйл явц, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичиг зэрэг асуудлаар харилцан мэдээлэл солилцож, ЗГХЭГ-тай ойрын үед хамтарч ажиллах боломжуудын талаар талууд ярилцлаа. 

Мөн Засгийн газраас санаачлан Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд төлөвлөхөд онцгой анхаарч “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулсанд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд ноён Тапан Мишра талархал илэрхийлсэн.   

Монгол Улсад олон жилийн туршид нааштай хандаж, ялангуяа шилжилтийн үед нийгмийн бүхий л салбарт хамтарч ажиллаж, тусалж, дэмжиж байдагт НҮБ-д талархаж явдгаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ онцолсон. Тэрбээр НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар болон төрөлжсөн байгууллагуудтай ЗГХЭГ-ын хувьд цаашид хоёр чиглэлд түлхүү хамтарч ажиллах хүсэлтэй байна гээд төрийн үйлчилгээг цахимжуулах “E Mongolia”-ийн техникийн шилжилтийг хийхэд, мөн төрийн албыг чадавхижуулах тал дээр идэвхитэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг үндэсний түвшинд хангахад шаардлагатай санхүүжилтийг цогцоор шийдвэрлэх зорилгоор Олон талт түншлэгчдийн платформыг байгуулах чиглэлээр хамтран ажиллахад талууд санал нэгдсэн.

Энэ онд тэмдэглэж байгаа НҮБ байгуулагдсаны 75 жилийн ойн хэлэлцүүлгийг гишүүн улс орон бүрт зохион байгуулж байгаа аж. Энэ хүрээнд Монголд нийтдээ 12 уулзалт, арга хэмжээг зохион байгуулаад байгааг ноён Тапан Мишра онцолсон. Мөн Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсэн орсны 60 жилийн ой ирэх жил тохиох учраас ЗГХЭГ-ын зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа Л.Оюун-Эрдэнэ сайд энэ үеэр илэрхийлсэн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top