Г.Бурмаа: Өрхийн эмнэлгүүдэд энэ сарыг дуустал А аминдэм олгоно

Админ | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

“Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгаагаар манай улсын 6-59 сартай хүүхдийн 9.5 хувь А аминдэм дутагдалтай, 60.1 хувь А аминдэмийн нөөц багатай буюу дутагдалд өртөх эрсдэлтэй хэмээн гарчээ. Тиймээс дутагдлаас сэргийлэх зорилгоор өндөр тунт А аминдэмийг өрхийн эмнэлгүүдээр дамжуулан зургаан сартайгаас таван настай хүүхдэд жилд хоёр удаа үнэгүй олгодог. Өнгөрсөн долоо хоногоос А аминдэмийг Өрхийн эрүүл мэндийн төвүүд олгож эхэлсэн байна. А аминдэм, томуугийн вакцин, эмийн хөнгөлөлт хэрхэн явагдаж байгаа талаар “Энэрэнгүй үйлс” ӨЭМТ-ийн эмч Г.Бурмаагаас тодрууллаа.

-Өрхийн эмнэлгүүдэд А аминдэмийг хэзээнээс олгож эхэлсэн бэ?

-Аравдугаар сарын 10-наас зургаан сартайгаас таван нас хүртэлх хүүхдүүдэд А аминдэмийг өгч байна. Зургаан сартайгаас нэг нас хүртэлх хүүхэд 100 000 нэгжтэй, нэгээс таван нас хүртэлх хүүхэд 200 000 нэгжтэй А аминдэмийг ууна. Харин зургаа хүртэлх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авна.

-Өндөрт тунтай А аминдэм гэж байна. Хүүхдэд ямар ашиг тустай вэ?

-А аминдэмийг аравдугаар сард нэг удаа, тавдугаар сард нэг удаа хүүхдэдээ уулгана. Харьяа өрхийн эмнэлэгтээ хүүхдийн ягаан дэвтэртэйгээ ирээд үнэ төлбөргүй жилд хоёр удаа хамрагдана. А аминдэм нь нүдний хараа сайжруулах, дархлааг дэмжих, улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

-А аминдэмийг уухдаа аминдэмийн илүүдэл байна уу, дутагдал байна уу гэдгээ заавал тодорхойлуулах шаардлагатай юу?

-Эцэг, эхчүүд дур мэдэн төрөл бүрийн аминдэмийг хүүхдэдээ өгч болохгүй. Хүүхдийн биед байх аминдэм Д, кальцийн хэмжээг цусны шинжилгээгээр гаргах боломжтой. Шинжилгээнд үндэслэж, эмчийн зөвлөгөө, жорын дагуу шаардлагатай аминдэмээ хэрэглээрэй.

-Аравдугаар сарын эхнээс томуугийн вакциныг хүүхдүүдэд хийгээд дууссан. Одоо ямар хүмүүст хийж байгаа вэ?

-Томуугийн вакциныг ахмадуудад хийгээд бас дууссан. Одоогоор цэцэрлэгт хамрагдаж чадаагүй үлдсэн хүүхдүүдэд дархлаажуулалт үргэлжилж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийж байгаа. Хэвтрийн ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд энэ долоо хоногт томуугийн вакцин хийгдэж байна.

-Өрхийн эмнэлэгт хийж байгаа томуугийн вакциныг аль улсад үйлдвэрлэсэн бэ. Ямар улсад үйлдэрлэсэн гэдгээс шалтгаалж чанартай, чанаргүй гэсэн асуудлыг иргэд ярих юм?

-Солонгос болон Бразил улсад үйлдвэрлэсэн вакцин хийж байгаа. Солонгос вакциныг цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хийж байна. Сургуулийн насныхан болон ахмадуудад Бразил вакцин хийж байгаа. Солонгос, Бразил вакцин ялгаагүй ямар нэг гаж нөлөө байхгүй.

-Томуугийн вакцин нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Хамгийн чухал нь томуугийн вирусний улмаас үүсэх хүндрэлээс сэргийлнэ.

-Өрхийн эмнэлгээс үзүүлдэг бас нэг үйлчилгээ нь эмийн хөнгөлөлт бичиж өгдөг. Эмийн хөнгөлөлтийг хэзээ бичдэг юм бэ?

-Сар болгоны 1-нээс эмийн сангууд эмийн хөнгөлөлтийг олгож эхэлдэг. Өрхийн эмнэлэг дээр сарын сүүлээр буюу тухайн сарын 28-наас голдуу эхлээд хөнгөлөлтийн эмийн жорыг бичдэг. Жор бичсэнээс хойш долоо хоногийн дотор эмээ авах ёстой.

-Хөнгөлөлттэй эм авахаар эмийн сан, өрхийн эмнэлэгт хандахад олгох хугацаа дууссан, эм дууссан гэдэг асуудалтай их тулгардаг. Эмийн хөнгөлөлтийг сард хэдэн хоногт нь өгдөг юм бэ?

-Хөнгөлөлттэй эм олгох хугацааны тухайд иргэд тэр дундаа ахмадууд жаахан бухимдалтай байдаг. Гэхдээ ирэх сарын 1-нээс бүх эмийн сан, бүх эмч нар хөнгөлөлтийн эмийн жор бичиж олгодог болно гээд байгаа. Удахгүй хэрэгжинэ байх.

-Өрхийн эмнэлэг нэг хүнд хэдэн удаа эмийн хөнгөлөлтийг бичиж өгөх эрхтэй байдаг вэ?

-Дээд тал нь нэг хүнд гурван эм бичиж өгдөг. Бүх ахмадууд эмийн хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй. Эмийн хөнгөлөлт бичих хугацаа болохоор зөвхөн эмийн жор бичүүлэх гэсэн 40-50 хүнд өдөрт үйлчилдэг.

-Өрхийн эмнэлэгт хүүхдүүдэд А аминдэмээс гадна бичил тэжээл, Д аминдэм өгдөг бил үү?

-Өмнө нь олон найрлагат бичил тэжээл, Д аминдэмийг хүүхдүүдэд өгдөг байсан бол одоо А витаминаар үйлчилж байна.

-А аминдэмийг хэзээг хүртэл олгож байгаа вэ?

-Ямартаа ч аравдугаар сарыг дуустал А аминдэм өгч байна.

М.ТУЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top