АНУ-ын визийг хуурамчаар мэдүүлэх нь ихэсч байна хэмээн манай улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Консул Роберт Поп мэдэгдлээ. Тэрээр "Виз хуурамчаар мэдүүлж азаа турших нь маш ноцтой асуудал. Виз мэдүүлэгч нь буруу ташаа мэдээлэл өгөх, холбогдох баримтыг нуун дарагдуулах, эсвэл өөрийн нөхцөл байдлыг буруу танилцуулсан тохиолдолд АНУ-д нэвтрэх эрхээ бүрэн алдахаас гадна, зарим тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхэд хүрдэг. Виз олгоход баримт бичгийн бүрдүүлэлтээс илүү тухайн хүнд итгэж болох эсэх нь ихээхэн нөлөөлнө.
Консул нь виз олгох шийдвэрээ холбогдох баримт бичигт бус, харин тухайн хүнтэй хийсэн ярилцлага болон мэдүүлэгт тулгуурлан гаргадаг. Виз мэдүүлэгч нь өөрийг нь цагаачлах магадлалтай гэсэн Консулын төсөөллийг няцаахдаа АНУ-д байгаа өөрийн найз нөхөд, ах дүү төрөл садангаа нуух хэрэггүй. Нөгөө талаас бидэнд визний хуурамч болохыг нь илрүүлэхэд хялбар байдаг. Цаашдаа худал мэдүүлэг өгвөл АНУ-д аялал жуулчлал болон оюутны визээр очоод хууль бусаар ажил эрхэлсэн хүмүүсийн хувьд тухайн улсад насан туршдаа дахин зорчих эрхгүй болно. Тухайлбал, саяхан олны танил урлагийн хэд хэдэн хүн Консулд худал мэдүүлэг өгсөн, мөн АНУ-д хууль бусаар концерт тоглосон шалтгаанаар визийг нь цуцалж, дахин зорчих эрхийг нь хасаад байна. Иймд хэрэв та ямар нэгэн шалтгаанаар АНУ-д зорчих хүсэлтэй байгаа бол баримт бичгээ үнэн зөв бүрдүүлж, ярилцлагын асуултад шударга хариулах хэрэгтэй" гэлээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )