Худгийн уснаас гэдэсний савханцар бактери илэрчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 27

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн лаборатори нь сүүлийн гурван жил дарааллан гэр хорооллын айл өрхийн худгийн усыг хими, нян судлалын шинжилгээнд хамруулан ажиллаж байна.

Энэ жил гэр хорооллын 40 айлаас 40 усны дээж авч 300 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд химийн шинжилгээний 95%, нян судлалын шинжилгээний 20% нь эрүүл ахуй стандартын шаардлага хангаагүй дүн гарчээ.

Тухайлбал, Шинжилгээнд хамруулсан худгийн усанд фторын агууламж их, бага, төмөр, хатуулаг кальци, магни, аммони зөвшөөрөгдөх хэмжээнээс их, нянгийн бохирдолттой гэдэсний савханцар бактериар бохирлогдсон байжээ.

 Гэр хорооллын худгийн усны гүний түвшин нүхэн жорлонгийн түвшинтэй ойролцоо байдаг бөгөөд ахуйн бохир усыг хөрсөнд шууд асгадгаас шалтгаалан өнгөн хөрс бохирдож хүн амыг өвчлүүлэх шалтгаан болдог. Ус нь нян бактерийг өсгөн үржүүлэх таатай орчин болдог тул усыг удаан хугацаагаар хадгалахгүй байх, ус агуулах савыг угааж ариутгах, усыг тогтмол буцалгаж, шүүж хэрэглэн гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалж Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай.

Иймд өнгөн хөрсний усыг ундны усны зориулалтаар хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд хэрэглэсэн мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн зарцуулалтад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Сүхбаатар сумын хувийн хэвшлийн хоёр эмнэлэг, нэг эмийн санд хийхэд бүртгэл үнэн зөв бүртгэгдээгүй, эм био бэлдмэл эмнэлгийн хэрэгслийн хадгалалтын горим зөрчсөн нийтлэг зөрчил дутагдал илэрчээ. Илэрсэн зөрчил дутагдал болон дотоод хяналтын дүнгээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллаагүй холбогдох мэргэжилтнүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар хариуцлагын арга хэмжээ авсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 27

medeej shdee il zadgai baaj sheedeg uls um chin

0  |  0
Top