“Монгол кино” үйлдвэр Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмидын "Улаан тарианы хүүхнүүд " зохиолоор кино хийхээр өнгөрсөн оноос эхлэн бэлтгэжээ. Кинонд дайны дараах 1940-1960-аад оны түүхэн үйл явдлыг өгүүлэхээс гадна манай улсад өрнөсөн их бүтээн байгуулалтын ажлыг давхар харуулахаар зорьжээ. Манай улс 1946 онд хүн амын тооллого хийхэд 500 мянгад хүрэхээргүй хэр нь элдэв халдварт өвчин ялангуяа, нөхөн үржихүйн насныхны дунд бэлгийн замын халдварт өвчин тахлын хэмжээнд хүрч байсан юм. Тухайн үед үхэл, төрөлтөөсөө хоёр дахин их болж, бүр тусгаар тогтнолоо алдахуйц хэмжээнд тулж байсан гашуун түүхийг бүтэн жарны турш дарагдуулж байсныг олон нийтэд дэлгэн харуулснаараа энэ кино онцлогтой. Тухайн үед төрийн бодлого хүн амаа эрүүлжүүлэхэд чиглэгдэж, ЗХУ-аас 2000 эмчийг бүх аймаг суманд ажиллуулснаар хүн амаа эрүүлжүүлж чадсан нь бодит үнэн. Зураг авалтад тэр үеийн хүмүүсийн унаж байсан машин тэрэг, өмсч байсан хувцас хэрэглэлийг сэргээн засварлаж ашиглахаар бэлтгэж байна. Зураг авалтаа ирэх сараас эхлэхээр төлөвлөжээ. Монголын талын дүрийг сонгох ажлыг хэдийнэ эхэлжээ. Кинонд ОХУ-ын жүжигчдийг урилгаар тоглуулах юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )