Нийслэлийн хэмжээнд энэ сарын 02-ны байдлаар, амбулаторийн 87.707 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3945 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.3 хувь, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 0.5 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Нийт өвчлөгсдийн 36.4 хувийг 0-1 нас, 26.5 хувийг 2-4 нас, 15.7 хувийг 5-9 нас, 8.8 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 901 дуудлага ирснээс 40.0 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Мөн энэ сарын 03-ны байдлаар, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 1123 орон дээр 667 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 99 буюу 20.0 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд байгаагаас 91.9 хувь нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 15 буюу 19.2 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм.
Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )