Даваа гарагийн орой Австрийн Вена хотын төв хэсэгт зэвсэгт халдлага үйлдэгдэн, дөрвөн хүн амь үрэгдэж, 15 хүн шархаджээ. Хэргийн газарт цагдаагийнхан ажиллаж, оршин суугчдыг олон нийтийн газраас хол байхыг анхааруулж байна. Гэмт этгээдүүдийн нэгийг цагдаа нар буудан хороож, нэг нь баривчлагдсан хэдий ч өөр нэг этгээд оргон зайлсан аж. Австрийн канцлер Себастьян Курц энэхүү явдлыг “жигшүүрт террорист халдлага” хэмээн нэрлэсэн бол тус улсын Дотоод хэргийн сайд Карл Нехаммер мягмар гарагт хүүхдүүдээ сургуульд цэцэрлэгт нь хүргэж өгөхгүй байхыг эцэг эхчүүдэд уриалсан байна. Сүүлийн олон жилийн хугацаан дахь анхны террорист халдлага Австри улсад коронавирусээс үүдэлтэй хөл хориог тогтоохын өмнөхөн үйлдэгдсэн аж. Арваннэгдүгээр сарын 3-наас эхлэн тус улсад үйл ажиллагаа эрхэлж буй баар ресторанууд хаагдаж, оройн 20:00 цагаас өглөөний 6:00 цаг хүртэл хөл хорионы цагийг мөрдөхөөр болжээ.
Юу болов
Буун дуу гарсан тухай эхний сураг орон нутгийн цагаар оройн найман цагийн орчимд сонсогдсон бөгөөд Шведенплатц талбай дээрх еврейн сүмийн ойролцоо буун дуутай төстэй чимээ сонссон тухай хүмүүс мэдээлж эхэлжээ. Уг сүмээс холгүйхэн зургаан өөр байрлалд винтов буутай хэд хэдэн гэмт этгээдүүд ажиглагдсан тухай Вена хотын Цагдаагийн газраас мэдэгдэн, тусгай ажиллагааны үеэр нэг сэжигтэн цагдаагийнханд буудуулан, хэд хэдэн хүн шархадсаны дотор цагдаагийн нэг ажилтан орсон аж.
Олон нийтийн сүлжээ хуудсууд дээр тавигдсан бичлэгүүд дээр буун дуу сонсогдон, хүмүүс тал тал тийш сандран гүйлдэх нь дүрслэгджээ. “Салют буудаж буй мэт чимээ гарахыг бид сонссон. 20-30 удаа ийм чимээ сонсогдсоны дараа л жинхнээсээ буун дуу болохыг бид ойлгосон. Манай ресторантай зэргэлдээ орших гудамжинд цагдаа нар гүйлдэж, түргэн тусламжийн машинууд ар араасаа цувран зогсоод халдлагад өртсөн хүмүүсийг зөөвөрлөж байхыг бид харсан” хэмээн буудалцааны үеэр ойролцоох ресторанд байсан Крис гэгч өгүүлсэн байна. Зарим гэрчүүдийн өгүүлснээр, винтов буугаар зэвсэглэсэн үл мэдэх этгээдүүд баар рестораны үйлчлүүлэгчид болон гудамжаар явж буй хүмүүс рүү замбараагүй гал нээж байсан гэжээ.
Сэжигтнүүдийн эрэлд
Энэхүү аймшигт үйл явдлын дараа Австрийн нийслэл Вена хотноо террорист халдлагыг эсэргүүцсэн өргөн хүрээт тусгай ажиллагаа явагдаж эхэлжээ. Хотын төв хэсгээр хамгаалалтын постууд тавигдаж, хүмүүсийг олон нийтийн газрууд болон нийтийн тээврээр зорчихгүй байхыг цагдаагийнхан уриалсан байна. Мөн гэрчүүдийг олон нийтийн сүлжээнд зураг бичлэг оруулахгүй байхыг хүсээд, энэ нь цагдаагийн ажиллагаанд саад учруулан, энгийн номхон оршин суугчдад аюул тарьж болзошгүйг сэрэмжлүүлсэн аж.
Австрийн Дотоод хэргийн сайд Карл Нехаммерын өгүүлснээр, гэмт этгээдүүд сайн зэвсэглэсэн учраас маш аюултай бөгөөд халдлагын золиос бологчдын тоо цаашид үргэлжилж болзошгүй учраас эрх баригчдын зүгээс хилийн хяналтыг чангатгасан гэжээ. Цагдаа нарт буудуулан хөнөөгдсөн гэмт этгээд “Исламын улс” террорист бүлэглэлд хамааралтай байж болзошгүйг сайд мөн онцлон дурджээ.
“Энэ бол яах аргагүй террорист халдлага. Бурхны авралаар, бид Австрид ийм халдлагад өртөлгүй он удаан жил болсон. Гэмт этгээдүүд нэлээн хэдүүлээ байсан гэж бид таамаглаж байна. Харамсалтай нь, халдлагын үеэр хэд хэдэн хүн амь үрэгдэн, нэлээн олон хүмүүс шархдаж гэмтэхэд хүрлээ. Террорист сэжигтнүүдийг эрж хайхын тулд бид хэд хэдэн хэлтэс, тасгуудыг нэгтгээд байна. Гэмт этгээдүүд хөдөлгөөнд оршиж байгаа учраас эрлийн тусгай ажиллагааг зөвхөн Вена хотын газар нутгаар хязгаарлахыг би хүсэхгүй байгаа” хэмээн сайд өгүүлээд, ард иргэдийг орон гэрээсээ гарахгүй байхыг уриалсан байна.
Амь үрэгдэгсэд ба шархдагсад
Нэг сэжигтэн амь үрэгдсэн тухай Вена хотын түргэн тусламжийн албанаас мэдээлсэн бөгөөд уг этгээд хэн байсан талаар одоохондоо тодорхойгүй байгаа аж.
15 шархтан эмнэлгүүдэд хүргэгдсэнээс долоогийнх нь биеийн байдал маш хүнд байна. Мөн нэг явган зорчигч буудлагад өртөн амь үрэгдэж, шархадсаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн нэгэн бүсгүй мөн амьсгал хураажээ. Мягмар гарагийн өглөөгүүр дахин хоёр хүн эмнэлэгт таалал төгссөн тухай Нехаммер сайд мэдээлсэн байна.
“Жигшүүрт халдлага”
“Бид хүнд цаг хугацааг туулж байна. Бидний аюулгүй байдлын төлөө амь насаараа дэнчин тавин ажиллаж буй онцгой болон хүчний байгууллагын ажилтнууддаа талархал илэрхийлэхийг хүсэж байна. Энэхүү террорист харгис халдлагыг үйлдсэн этгээдүүдийг манай цагдаагийнхан олж илрүүлэн, хатуу арга хэмжээ авах болно” хэмээн Австрийн канцлер Себастьян Курц өөрийн твиттер хуудсанд бичжээ.
Вена хотод гарсан энэхүү харгис халдлага дэлхийн олон орны удирдагчдын эгдүүцлийг төрүүлээд байна. “Энэ бол хүний оршин тогтнохуйн үнэ цэнийг үлэмж бууруулан, амь насыг нь аюулд учруулж буй гутамшигт үйлдэл” хэмээн Еврокомиссын ерөнхийлөгч Шарль Мишель өгүүлсэн бол, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Энэ бол манай Европ. Хэнтэй тэрсэлдээд байгаагаа манай дайснууд мэдэж авах ёстой. Бид хэзээ ч бууж өгөхгүй” хэмээн мэдэгдээд, Франц улс австричуудын уй гашууг хуваалцаж буйг илэрхийлсэн аж.
Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте энэхүү эмгэнэлт явдлыг аймшигт үйлдэл байсан хэмээн онцлоод, Австри улстай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн бол, Германы Засгийн газрын зүгээс үзэн ядалтад бууж өгөхгүй байх зайлшгүй шаардлагын талаар мэдэгдэл гаргасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вена хотод болсон халдлагыг терроризмын ээлжит илэрхийлэл хэмээн нэрлээд, “Терроризмын эсрэг, ялангуяа хэт даврагч исламын терроризмтэй Австри, Франц улсууд болон бүхий л Европоороо хийж буй тэмцлийг АНУ дэмжиж байна. Гэмгүй хүмүүс рүү дайрч буй иймэрхүү халдлагуудыг таслан зогсоох ёстой” гэж тэрбээр өөрийн твиттер хуудсанд бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй Жо Байден уг үйл явдлыг аймшигт террорист дайралт гэж нэрлээд, “Бид үзэн ядалт, хүчирхийллийн эсрэг хамтын хүчээр тэмцэх ёстой” хэмээн мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Роберт О’Брайан Америкийн ард түмэн Вена хотын оршин суугчдын төлөө залбирч буйг илтгээд, “Иймэрхүү үзэн ядалт, хүчирхийллийг юу ч зөвтгөж чадахгүй. Терроризмын эсрэг хийж буй Австри, Франц, Европын тэмцлийг бид бүрнээ дэмжиж байна” хэмээн онцлон дурджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Гэмт этгээдүүдийг илчлэн баривчилж хамгийн хатуу шийтгэл ноогдуулах нь гарцаагүй.