Дүн өвлийн хүйтнээр аав минь л босож гал түлдэгсэн. Үд хүртэл унтаж эцэг, эхийнхээ хайранд жаргаж өссөн юм болохоороо бусдыг хайраар дутаахгүй байх сан гэж хэрдээ л чармайдаг. Одоо бодоход энэ сэтгэл минь намайг их зүйлд сургажээ. Уучилж, бэрхшээлийг дааж, айлын хүүхдийг өмгөөлж, алдааг өөрөөсөө л хайж, сайхнаар ойлгож, саараас холуур явах минь угтаа аав, ээжийн минь хааяахан хэлдэг хатуу үгс, бяцхан үйлдлүүдээс нь эхтэй юм байна. Аав минь өвөл болгон өөртөө шинэ хувцас, гутал авдаггүй. Харин бүхнээс урьтаад түлээ, нүүрсээ л базаана.
Буулгаж хураасан түлшээ өглөө болгон ажилдаа явахаасаа өмнө хоёр төмөр хувиндаа хуваарилж хийгээд үлдээнэ. Орой болгон ажлаа тараад яарсаар ирээд галаа түлнэ. Манайх гэдэг айл Завхан нутгаас хотод ирж суурьшихаасаа өмнө мод, аргалаа л түлдэг байсан бол хот газарт ирээд нүүрс гэгчийг түлж сурах гэж хэдэнтээ л будилсан. Хэсэгтээ модны үртэс ч түлж байв. Одоо бол улаанбаатарчууд сайжруулсан түлшээ түлнэ. Он цагийн энэ урсгал дунд би нэг ч удаа гэртээ даарч үзээгүй нь аавын минь халуун дулаан сэтгэлээс эхтэй.
Харин нэг удаа нүүрс түлэх гэж оролдоод асахгүй болохоор нь аавыгаа ажлаасаа ирэхийг хүлээгээд "Яасан оройтож ирдэг юм, гал унтраад даарах дөхлөө" гэж сандарч ирсэн аавыгаа зэмлэж байснаа л санах юм. Асааж буй гал шигээ үргэлжийн халуун дулаан аавын минь сэтгэл он цагийн уртад ч элэгдээгүй нь сайхан. Элэгдэж бөхийдөггүй ийм их хайр энэ хорвоогоор дүүрэн л байгаасай гэж сэтгэлдээ залбирдаг.
Сэтгэгдэл ( 0 )