Д.Зоригтсайхан: Би Япон юмуу, Америкт очоод тэмцээнд оролцож үзэх юмсан гэж боддог

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

Сүүлийн үед автомашины спортыг сонирхох  залуус олширсон. Ирээдүйд уг спортоор эх орныхоо нэрийг дэлхий дахинд гаргах их үйлсийг өвөртлөн,  үүнийхээ төлөө өөрийгөө бэлтгэж  яваа, “V6” клубыг үүсгэн байгуулагчдын нэг, “Монголын Дрифт кинг ” тэмцээний хошой аварга, тамирчин Зоригтсайхантай уралдаан, тэмцээнийх нь талаар ярилцлаа.

-Та өөрийгөө манай уншигчидад танилцуулахгүй юу?

-Би V6 клубын үүсгэн байгуулагчийн нэг, тамирчин Зоригтсайхан. Ховд аймгийн Жаргалант суманд  төрөөд удаагүй Улаанбаатарт ирсэн. Ер нь Улаанбаатарт л өссөн дөө.

-Энэ спортоор хэддэх жилдээ хичээллэж байна?

-Энэ спортоор 4-5 жил хичээллэж байна.

-Анх хэдэн онд автомашины уралдаанд орж, ямар амжилт гаргаж байсан бэ?

-2008 онд автомашины тэмцээнд ороод хоёрдугаар байранд орж байсан. Түүнээс хойш жил болгон нэгдүгээр байранд орж байна.

-Хамгийн сүүлд  ямар тэмцээнд оролцов?

-Хамгийн “Монголын Дрифт кинг-2011” тэмцээний  аварга шалгаруулах тэмцээнд ороод тэргүүн байрыг эзэллээ. Түрүү жил 2010 оны дрифтд тэргүүн байранд орж байсан. Ингээд жил дараалан тэргүүн эзэлж байна.

-Олон улсын чанартай тэмцээнд оролцдог уу?

-Олон улсын чанартай тэмцээнд энэ зун оролцох гэж байгаа. Мөн Хятадад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байна. Дараа нь найман сард Оросын Холбооны улс руу бас тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа.

-Тамирчин хүн бүр аливаа тэмцээнд орохдоо ямар нэг тактикийг барьдаг. Таны хувьд ямар  тактик барьдаг вэ?

-Миний хувьд хамгийн нэгдүгээрт аюулгүй байдал болон хувийн бэлтгэлээ сайн хангадаг.

-Энэ спортоор хичээллэсэн тань таны багын сонирхол уу? Аль эсвэл энэ спортоор амжилт гаргасан тамирчдыг хараад үүнийг сонгосон уу?

-Энэ багынх. Би багаасаа спорт загварын машин ч юм уу, спортын тоглоомоор их тоглох дуртай. Багаасаа л ийм тамирчин болох юмсан, энэ спортоор хичээллэх юмсан гэж мөрөөддөг бэайсан. Тэрхүү мөрөөдлөө бага ч гэсэн биелүүлж явж байгаа юмаа.

-Автомашины спорт  бол амь насанд аюултай спорт. Энэ спортыг сонгоход гэр бүлийнхэн тань хүлээн зөвшөөрч байсан уу?

-Анх хүлээн зөвшөөрөхгүй хэцүү байсан. Ойлгохоосоо ойлгохгүй нь их. Ойлгохгүй нь гэр бүл маань эрүүл мэнд, аюулгүй байдлыг маань түрүүнд  тавьж байсан. Тэгээд сүүлд нь  энэ спортдоо амжилт гаргаж ирээд манай гэр бүл маань түлхүү ойлгодог дэмждэг болсон.

Автомашины уралдааныг минут секундээр  хэмждэг үү аль эсвэл түрүүлж ирсэнээр нь болдог уу?

-Секунд минут. Нэг секунд ч гэсэн алдах юм бол асар их өөрчлөлт гардаг. Секунд долиор алдаж болохгүй. Тийм болохоор бүх юман дээр нарийн нягт байх хэрэгтэй.

-Энэ удаагийн тэмцээнд өмнөх амжилтаа баталсан уу?

-Би хошой аварга болсон. Баталсан гэж болно. Миний энэ тэмцээнд аварга болсон бол юу ч биш. Үүнээс илүү зөндөө олон юм төлөвлөж байгаа. Гадаад дотоодод олон уралдаан тэмцээн байгаа. Монголдоо гэлтгүй гадаадад оролцоод түрүүлэхийг хэн байг гэхэв тэ. Тэрийг л хүлээж  бэлдэж байна даа.

-Секунд долиор хэмждэг гэсэн. Энэ удаагийн тэмцээнд өмнөх тэмцээнд ирсэн минутаасаа илүү хурдалж чадсан уу?

-Ер яг тийм нарийн бол хэмжээгүй. Гэхдээ түрүү жилийнхээс нилээн гайгүй оролцсон.

-Одоогоор ямар нэгэн байгууллагад харьяалагдаж байгаа юу?

-Одоохондоо ямар нэг байгууллагад харьяалагдаагүй байна. Удахгүй харьяалагдах байх гэж бодож байгаа. Хэсэг компаниудад би өргөдлөө өгсөн байгаа. Удахгүй нэг компаний нэрэн доор явах байх.

-Өмнөө  тавьж байгаа хамгийн том зорилго тань ямар зорилго байна?

-Би Япон юмуу Америкт очоод тэмцээнд оролцож үзэх юмсан гэж боддог. Энэ миний хамгийн том төлөвлөгөө.

-Одоо ямар сургуульд сурч байна?

-Одоо Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн сургуулийн гуравдугаар курсын оюутан.

-Ирэх онд болох Монголын Дрифт кингийн тэмцээний талаар ярихгүй юу?

-2012 оны Дрифт кингийн аварга шалгаруулах тэмцээн бол нилээн өндөр хэмжээнд болно. Бид нар одооноос эхлэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгээд дрифт кингийн зам барих талаар төлөвлөгөөндөө тусгасан. Энэхүү спортын хороонд дрифт кингийн спортыг спортын төрөлд оруулахаар бид зүтгэж байна. Дараа жилийн дрифт кингийн тэмцээнд энгийн хөдөлгүүртэй машин орж чадахгүй. Хүний үзүүлэлт бүх юмыг нилээн  шаардсан тэмцээн болно. Дараа жилийн тэмцээнийг автомашин сонирхогч маань тэсэн ядан хүлээж байгаарай гэж хэлье.

-Ирээдүйд автомашины спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд багачууд, дүү нартаа хандаж юу гэж хэлмээр байна?

-Хамгийн гол нь бид нарыг хараад хамаагүй дуурайж болохгүй. Аюултай, осолтой спорт. Амь нас болон эд хөрөнгөөр хохирч болзошгүй. Тийм учраас аюулгүй байдлыг сайн хангаад, өөрийгөө тодорхой хэмжээний бэлдсэн цагт хүмүүст үзүүштэй уралдаан тэмцээнд орох хэрэгтэй. Хамгийн гол нь аюулгүй байдал гэж хэлмээр байна.

Ярилцлага өгсөнд  баярлалаа. Цаашдын  уралдаан тэмцээнд тань амжилт хүсье.

 -Баярлалаа танай сайтын хамт олонд ч гэсэн ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

Д.Мөнхзул

Zindaa.mn Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top