О.Пүрэвдулам: Бид дөрөв мэргэжлийн дуучид биш ч, үнэхээр их хичээнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

Монголын загварын ертөнцөд хэдийнэ өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг тодорхойлж чадсан моделийн нэг бол О.Пүрэвдулам. Загварынхан хоорондоо Пүүжээ хэмээн ярихдаа аль нь хэмээн тодруулах нь ч бий. Харин загвар өмсөгч О.Пүүжээ маань саяхнаас хөгжмийн ертөнцөд хөл тавьжээ.Тэрээр охидын хамтлагийн орон зайд шинэ өнгө аясыг гаргаж ирэхийг зорьсон "С.А.Т.W.А.L.К" хэмээх нэртэй хамтлагийн дуучин болоод байгаа аж. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Баярлалаа, танд ч бас.

-Ярилцлагаа өөрийн тань загварын ертөнцөд хөл тавьсан үеэс эхэлье гэж бодлоо?

-Миний хувьд загварын ертөнцөд хөл тавиад найман жил болох гэж байна. Хамгийн анх 14 настайдаа "Гоёл" наадамд тэнцэн оролцож байсан. Түүнээс хойш загварын ертөнцөд тасралтгүй ажиллаж байна.

-14 настайдаа “Гоёл"-д тэнцэж байсан гэхээр гайхалтай сонсогдож байна. Их өндөр босготой наадам шүү дээ?

-Тухайн үед өөр нэг тэмцээнээс "Гоёл" наадамд оролцох загвар өмсөгчдийг шалгаруулж авч байсан юм. Тэр шалгаруулалтаас таван модель тэнцэж байлаа. Тэдний нэг нь би. Харин бусад охидын дунд одоогийн топ модель Сэлэнгэ, загвар өмсөгч Хонгорзул нар байсан юм.

-Ер нь яагаад загварын ертөнцөд татагдах болов?

-Ерөнхийдөө охид бүр загвар өмсөгч болохыг хүсдэг шүү дээ. Гэхдээ миний хувьд модель болно гэсэн бодолгүй байсан юм. Харин сургуулийнхаа тэмцээнд санаандгүй оролцсоноос хойш загварт татагдах болсон. Их сонирхолтой санагдаж эхэлсэн шүү. Бас ээж минь надад их нөлөөлсөн. Яваандаа олон тэмцээн уралдаанд оролцоод амжилт гаргаад эхлэхээр маш их урамшсан. Тэгээд л мэргэшил болгоод одоог хүртэл ажиллажбайна.

-Чамгүй олон амжилт гаргасан юм билээ шүү?

-Өнгөрсөн найман жилийн хугацаанд оролцож байсан тэмцээн бүртээ тодорхой хэмжээний амжилт гаргасан. Ерөнхийдөө загвар өмсөгчид хоёр чиглэлээр ажилладаг шүү дээ. Миний хувьд fashion, фото хоёр чиглэлээ хослуулж явдаг. Гэхдээ фото чиглэлээрээ түлхүү ажиллаж, олон компанийн сурталчилгааны ажилд хамтарч ажилласан. Мөн жил бүр “Гоёл", "Хаврын гоёл" наадмуудад тасралтгүй оролцож байлаа. Азийн орнуудын хэмжээнд зохиогддог хэд хэдэн тэмцээнээс шагнал хүртсэн.

-Таны бодлоор загвар өмсөгч хүн бусдаас юугаараа ялгарч, басхүү бусдад юугаараа үлгэр дууриалал болж байх ёстой юм бол?

-Хүмүүс аливаа зүйл сурахын тулд маш их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байдаг шиг модель хүн ч мөн адил маш их хөдөлмөрлөх шаардлагатай байдаг. Бас өмнөх үеийн сайн, шилдгүүдээсээ их зүйлийг суралцах хэрэгтэй байдаг. Мэдээж загвар өмсөгч хүн учраас мэдрэмжтэй, чадвартай байх хэрэгтэй. Чадвараараа л бусдаас ялгардаг байх. Харин моделиудын хувьд охид, бүсгүйчүүддээ гоо сайхны үлгэр жишээ байх ёстой. Биеэ авч яваа байдал, хүнтэй харьцах харилцаагаараа бусдад үлгэр дууриалал үзүүлэх ёстой юм болов уу.

-Загварын тайзнаа гараад найман жил болж байна гэдэг чамлахааргүй их хугацаа. Тиймээс загвар хэмээх энэ гэр бүл дотор амьдраад, халуун тогоонд нь буцалж буй хүний хувьд Монголын загварын хөгжлийг хэрхэн дүгнэдэг вэ?

-Анх гарч ирж байсан үеэс хойш хэд хэдэн загварын үе өнгөрсөн гэж хэлж болно. Ерөнхийдөө манай загварын ертөнц сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа гэж боддог. Сүүлийн үед зохиогдож буй компаниудын "Fashion show" зэргийг хараад байхад ч тэр хөгжиж байгаа нь илт. Бас загвар өмсөгчдийн тоо эрс нэмэгдэж байна. Олонх моделиуд өөрсдийн мэдлэг боловсролд анхаарч, өөрийгөө бүх талаар нь хөгжүүлдэг болсон нь авууштай. Загварын ертөнц гэдэг бол зөвхөн загвар өмсөгчдийн тухай ярих биш. Дизайнеруудын хувьд ч гэсэн маш их сайжирч байгаа гэж боддог. Бүгд л дор бүрнээ хичээж, хөдөлмөрлөж байна.

-Ирэх жилийн "Гоёл" наадмаас "Топ модель" өргөмжлөл авах зорилго бий биз?

-Мэдээж загвар өмсөгч хүн болсных модель бүр "Гоёл" наадмын топыг авахыг зорьдог байх. Ерөнхийдөө хүн бүхэн л оролцож буй уралдаан тэмцээндээ амжилт гаргахыг хүсдэг шүү дээ. Миний хувьд энэ наадамд долоо дахь удаагаа оролцсон. Гэхдээ би топ авна ч гэдэг юмуу, ингэнэ тэгнэ гэж ярих дургүй. Цаг нь болбол авах байлгүй дээ.

-Энэ удаад өөрөөс тань "С.А.Т.W.А.L.К" хамтлагийн дуучных нь хувьд асуулт асуумаар санагдлаа?

-Манай хамтлагийн тухайд өнгөрсөн 2010 онд байгуулагдсан. Дөрвөн гишүүнтэй. Манай хамтлагийн гишүүдийг Туяамаа, Маралаа, Тунгаа гэдэг. Туяамаа, Маралаа хоёр "Шилмэл загвар" агентлагийн модель. Одоогийн байдлаар бид дуунуудаа хийгээд явж байна. Ирэх  долоо хоногоос шинэ клипээ цацах гэж байгаа.

-Яагаад дуучин болохоор шийдэв?

-Ер нь би багаасаа урлагт дуртай байсан. Их сонирхдог байсан учраас авьяасаа хөгжүүлэхийг хичээдэг байлаа. Дуулах дуртай учраас хамтлагийн ахлагч Тунгалагтамиртайгаа ярьж байгаад хамтлаг байгуулахаар шийдсэн. Одоо тав дахь дуугаа хийж байна.

-Монголд охидын хамтлаг шинээр төрөн гарч байгаа нь үнэхээр сайшаалтай. Гэхдээ их сүртэй гарч ирчихээд тэгсхийгээд алга болчихдог...?

-Бидний хувьд их бодож, ярилцаж байж шийдвэрээ гаргасан. Бүгд дуулах дуртай, үнэхээр их сонирхолтой учраас зорилгынхоо төлөө хичээж хөдөлмөрлөнө гэж бодож байгаа.

-Та нар бусад охидын хамтлагуудаас юугаараа ялгарч чадна гэж бодож байгаа вэ?

-Бид урлагийн сургууль төгсөөгүй л дээ. Гэхдээ СУИС-ийн багш нараар хичээл заалгах, байнга бэлтгэл хийх гэх мэтээр өөрсдийгөө бэлтгэж байгаа. Бид дөрөв мэргэжлийн дуучид биш ч, үнэхээр их хичээнэ. Манай хамтлагийн онцлог гэвэл моделиудаас бүрдсэн. Бас бидний гаргаж байгаа дуунууд бүгд электро, транс, электро хаус чиглэлийнх байгаа. Монголд охидын хамтлагийн хувьд ийм стилиэр дуулдаг хамтлаг одоохондоо байхгүй. Тиймээс залуустаа зориулсан ийм төрлийн дуунууд гаргая гэж төлөвлөж байна. Дуугаа бичүүлэхдээ "Нэгүн" студитэй хамтарч ажиллаж байгаа.

-Залуус танай хамтлагийн "С.А.Т.W.А.L.К" нэрний тухай их сонирхож байсан. Яагаад ийм нэр өгөх болсон бэ?

-Загвар өмсөгчдийн хамтлаг гэдэг утгаараа "С.А.Т.W.А.L.К" гэж нэрлэсэн. Учир нь энэ үг маань өөрөө загварын алхааны нэг нэршил байдаг. Тиймээс бид дөрөв ярилцаж байгаад энэ нэрийг өгсөн. Бидэнд их таалагдсан.

-Цаашид аль чиглэлээрээ дагнаж ажиллана гэсэн бодолтой байна вэ?

-Миний хувьд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд суралцдаг. Ирэх жил сургуулиа төгсөнө. Цаашид аль алиныг нь амжуулаад, хослуулаад явна гэж боддог. Ерөнхийдөө би багаасаа цагаа зохицуулаад сурчихсан учраас бүгдийг нь амжуулна гэж бодож байна.

-Ямартай ч шинэлэг өнгө аясыг бүрдүүлсэн охидын хамтлаг гарч байгаад маш их баяртай байна. Цаашид олон сайхан уран бүтээл гаргаарай гэж хэлэх байна?

-Маш их баярлалаа. Бид дөрвийн зүгээс шинэлэг, өвөрмөц сайн уран бүтээлүүд гаргахын тулд хичээх болно оо.

Эх сурвалж: Амралтын шуудан

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top