Далай лам махнаас татгалзахыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оросын сүсэгтнүүдийн хүсэлтээр хутагт Нагаржунайн "Бодь сэтгэлийн тайлбар" номыг энэ сарын 5-7-нд тайлбарлан айлдлаа.

Дээрхийн Гэгээнтэн ном айлдсаныхаа дараа сүсэгтнүүдийн асуултад хариулав. Эхний асуултыг Халимагийн малчин тавьсан юм. Тэр малчин махны бизнес хийдэг гэнэ. Нэг талаас малын амь таслах нь нүгэл, нөгөө талаас гэрбүлээ тэжээх хэрэгтэй байдаг. Яах вэ гэж Дээрхийн Гэгээнтнээс асуусан юм.

Далай лам “Монгол, түвдүүд олон зууны турш махыг идшиндээ хэрэглэж ирсэн. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалан тэдэнд өөр хүнс байгаагүй. Монголчууд өглөөнөөс л мах иддэг. Бид бүгд цагаан хоолтон болж чадахгүй. Лам нар ямар тохиолдолд мах идэж болохыг Будда заасан байдаг. Тэд өөрсдөд нь зориулан, амьтан алж байгааг харах ёсгүй. Амьтныг тэдэнд зориулан, төхөөрсөн гэдгийг сонсож болохгүй. Өөрсдөд нь зориулан амьтны амийг хөнөөгөөгүй гэдэгт итгэлтэй байгаа гэсэн гурван тохиолдолд санваартнууд мах идэж болно. Одоо Энэтхэгийн өмнөд хэсэгт байгаа Түвдийн сүм хийдэд зөвхөн цагаан хоол иддэг. Мал аж ахуй нь байгаль орчинд хор хөнөөлтэй, мал, амьтдад маш их зовлон учруулдаг. Уг нь амьтны амийг таслах замаар амьдралаа залгуулмааргүй байна. Гэхдээ нүүдэлчин ард түмний амьдрал эрт үеэс л ийм байсан. Та сонголт хийхэд хэцүү байх. Өөрийнхөө амьдардаг орчны онцлогийг тооцоолж байж, шийдвэр гаргаарай” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top