Донорын тухай хууль болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар олон нийтэд таниулах, донорын зөвшөөрлийн карт гардуулах “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” өдөрлөг өнөөдөр /2020.11.10/ болов.
Монгол Улсын Донорын тухай хуулийн 13.2-д Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харъяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно гэж заасан.
Мөн Эрүүл Мэндийн Сайдын тушаалаар Донорын зөвшөөрлийн тэмдэглэгээ хийх журам батлагдсан. Энэ журмыг хэрэгжүүлэхээр донорын зөвшөөрлийн картыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас бэлтгэн донор болохоо зөвшөөрсөн иргэдэд гардуулав.
Монгол Улсын Донорын тухай хууль 2018 онд шинэчлэгдэн батлагдаж Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан. Монгол улсад амьд болон тархины үхэлтэй донороос элэг, бөөр, ясны чөмөгнөөс үүдэл эс, нүдний эвэрлэг, бэлгийн эс зэрэг эс, эд, эрхтэнг шилжүүлэн суулгадаг.
Өнөөдрийн байдлаар нийт бөөр 224 /тархины үхэлтэй донороос 29/, элэг 131 /тархины үхэлтэй донороос 12/, ясны чөмөгнөөс үүдэл эс 23, нүдний эвэрлэг 24-г шилжүүлэн суулгаад байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
UGEEGUI YADUU ORONUUD L DONOR BOLDOG YUMDA