Коронавирусний халдварын нөхцөл байдал хойд болон урд хөршид ямар байгаа талаар мэдээлэл хүргэе.
Хятадад хоногт 21 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна. Эдгээр тохиолдлын зургаа нь шинж тэмдэггүй халдвар байжээ. Хятадын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр COVID-19-ийн халдварын шинэ тохиолдлууд Өвөр Монгол, Шанхай, Сычуань, Шэньси, Тяньжин, Гуандунд бүртгэгдсэн байна.
Одоогийн байдлаар урд хөршид халдвартай 368 өвчтөн байгаагийн хоёр нь хүнд байгаа аж.
Эмнэлгийн ажиглалтад 16817 хүн байгаа бол нийт батлагдсан тохиолдлын тоо 86299 болжээ.
Тэгвэл хойд хөрш ОХУ-д хоногт 19851 өвчлөл бүртгэгдэж, нийт халдварын тоо 1.8 сая давсан бол нас баралт 31593 болсон байна. Хойд хөршид цар тахлын улмаас хоногт 432 хүн нас баржээ.
