Саяхан “Совет”-ын хурал болж өнгөрсөн. Бүтэн жил гаруй дуншсан энэ хурлаар Орос, Монголын тал аль аль нь хүлээцтэй хандахаар болсон. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрээс гадна Асгат зэрэг олон чухал уурхайн тухай яриа өрнөх болоод байгаа. Мөн хувь эзэмшил дээрээ “Эрдэнэт”-ийн хамтрагчид “бодлого” бодох юм гэсэн байх. Харамсалтай нь энд мөнгөний луйврууд шил шилээ харан гарсаар байгаа тухай “Совет” аанай л чимээгүй өнгөрлөө. Орос ах нар үүнийг тоодоггүй бололтой. Арга ч үгүй биз. Оросуудыг боож унагах гээд байгаа авлига, мафийн сүлжээний өмнө Д.Медведев, В.Путин хоёр бараг гараа өргөх нь холгүй байгаа хойно. Гэхдээ тэд авлигатай “дайн” зарлахаа мэдэгдсэн. Москва хотын захирагч асан С.Лужковыг суудлаас нь авч хаясан нь үүний эхлэл байсан болов уу. С.Лужков эхнэрийнхээ хамтаар Москвагийн барилгын бараг бүх компанийг гартаа атгачихаад мөнгөний том урсгал дээр хормойгоо тосоод сууж байв. Ингээд эхнэр нь дэлхийн тэргүүлэх тэрбумтаны нэг болсон юм. Манайд ч бас авлига, мөнгөний элдэв луйвар дунд хэдэн том улс төрчид нь хутгалдчихаад байна. “Эрдэнэт” бол монгол улсдаа том саалийн үнээ. Олон жил биднийг тэтгэж ирсэн. Одоо ч татвараар улсын төсөвт муугүй юм хийж өгдөг. Түүгээр нь төр, засгийнхан тансагладаг. Бас эндээс эрх баригч намуудын лидерүүд хөрөнгөжиж байна. Өнгөрөгч өвөл гэхэд л тийш нь Ардын намыхан арваад хүнээ шургуулсан. Гайгүй сайн хоол зооглуулах гэсэн юм байлгүй дээ. Түрүүнд нь нөгөө сонгууль будлиантуулсан гэгддэг Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан нэг сонин нөхрийг нэлээд дориун албан тушаал дээр томилуулсан. Нэрийг нь ч хэлэхээс цээрэлмээр нөхөр л дөө. Баттулга гэгч тэр этгээд 2008 оны сонгуулийн луйврыг өөгшүүлсэн гол хүн мөнөөс мөн гэдгийг “Сонгогчдын боловсрол” төвийн Бурмаа баримтаар нотлоод шүүхээр шийдвэрийг нь гаргуулчихсан. Сонгуулийн ерөнхий хорооны дарга нь буруу зүйл хийжээ гэдгийг шүүх нэгэнт тогтоочихсон хэрэг шүү дээ. Гэвч нам нь түүнийг урамшуулах маягтай Эрдэнэт рүү жолоог нь залсан юм. Ийнхүү тэнд мөнгө саагчдийн бүхэл бүтэн арми бий болсон. Аль эртнээс, бүр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үеэс энэ арми бэхжсэн юм билээ. Одоо тэнд Н.Энхбаярын нэр хаягтай “Henlon company” гэгч компани 1,8 сая ам.долларын өр авлага үүсгээд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл шахааны бизнесээр Эрдэнэтийн мөнгийг гадаад, дотоодын компанийн данс руу хийгээд “түгжсэн” байна. Ийм загвараар дахиад 13 компани ажилласан байх юм. Ингээд өнөөдрийн байдлаар 90 сая ам.долларыг зүгээр л “хог” болгоод байгаа гэнэ. Тэдгээр луйврын компаниудын дотор “Монгол спорт”, “Дэлгэрбалжин” гэх мэт жижиг гаруудын эзэмшлийн компани бас бий. “Эрдэнэт” үйлдвэрийн Гадаад худалдаа хариуцсан захирлаар ажиллаж байгаа Х.Оюунцэцэг ийм далд үзэгдэлтэй тэмцэх гэж эхний үед нэлээд хүч тавьсан боловч барсангүй. Сүүлдээ өөрөө хавчлаганд орж хэзээ хэзээгүй хусагдаж ч магадгүй болжээ. Ер нь томчуудын но-той явдлыг илчлэх нь амь настай холбоотой явдал байж мэднэ. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайн баз хүргэн Д.Ганбат гэгч сайн эрийн тарьсан гайг шударгаар илчилж, асуудлыг нь шүүхээр шийдүүлэх зүрх зориг түүнд сүүлдээ дутсан болов уу. Д.Ганбат нь дөрвөн жил гаруй тэнд мөнгөөр баах нь холгүй болсон юм гэдэг. Ойрноос луйврын энэ бүх сэжүүрүүд цухуйж эхэлж байна. Одоо харин ийм үед нь Х.Оюунцэцэг захирал зориг гарган, Н.Энхбаяр, Т.Бадамжунай мэтийн хүмүүсийн хор найруулгаас айлгүйгээр хууль хяналтынханд хэлж шалгуулбал “Эрдэнэт”-ийн том гаруудын луйврын сүлжээний тал нь ч гэсэн задрах байлгүй дээ. Гагцхүү тэнд байгаа дарга нарын сэтгэл мэдэх хэрэг болж байна.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )