Улаанбаатар хотын есөн дүүрэг, 132 хорооны нутаг дэвсгэрт үүссэн төрөл бүрийн хаягдлууд эмх замбараагүй холилдож, хур хог болох замаар бөөгнөрөн цугларч, улмаар их хэмжээний зардал гаргаж төвлөрсөн хогийн цэгт хүргэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын нэг иргэн өдөрт дунджаар 270-900 гр хог хаягдал үүсгэдэг байна. Үүнээс үүдэн жилдээ 340 мянган тонн ахуйн хог хаягдлыг Нарангийн энгэрийн болон Морингийн давааны хогийн цэгт дарж булах үйл ажиллагааг явуулдаг ажээ. Үүнээс гадна гэр хорооллын иргэд хогны мөнгөө төлөхгүй, хогоо гуу жалганд хаядаг байна. Нэг үгээр хэлбэл, Улаанбаатар хотод 170-190 мянга орчим айл өрх байдаг бөгөөд үүний зөвхөн 28 хувь нь л хогны мөнгөө төлдөг ажээ. Ингээд жилд орон сууцны айл, байгууллага аж ахуйн нэгжээс авч байгаа хогны төлбөр бүгд нийлээд жилдээ 3.8-4 тэрбум төгрөг цугладаг байна. Тиймээс ирэх сараас иргэдийн хогны мөнгийг цахилгааны төлбөртэй нь хамт авахаар болжээ. Ингэснээр гэр хорооллын иргэдийн хогны мөнгийг 100 хувь цуглуулах боломж бүрдэх ажээ. Дашрамд дурдахад, Улаанбаатар хотод одоогийн байдлаар хог ачих 170 орчим машин ажиллаж байгаа аж. Харин есөн дүүргийн хэмжээнд 270 орчим шар хантаазтан байдаг юм байна.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )