"Нянгийн эсрэг эмийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног” эхэллээ

2020 оны 11 сарын 18

Нянгийн тэсвэржилт, түүнээс үүдэн дэлхий нийтийн эрүүл мэнд, хөгжилд тулгарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүрийн 11 дүгээр сард зохион байгуулдаг “Нянгийн эсрэг эмийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 7 хоног” аян эхэллээ.

Нянгийн тэсвэржилтийн асуудалд анхаарлаа хандуулж, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг дэмжих,  нянгийн тэсвэржилтийн тархалтыг бууруулахын тулд салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Халдвар үүсгэгч нян нь түүний эсрэг эмийн үйлчилгээнд дасан өөрчлөгдөхийг “Нянгийн Тэсвэржилт” гэдэг. Нянгийн тэсвэржилт бий болсноор нянгийн эсрэг эм идэвхгүй болж, эмчилгээ үр дүнгүй болох, эмчилгээний хугацаа уртсах, халдвар тархах эрсдэл нэмэгдэх олон аюулыг дагуулдаг. Үр дүнтэй нянгийн эсрэг эмгүйгээр мэс засал, химийн эмчилгээ зэрэг анагаах ухааны ололт, амжилт  эрсдэлтэй тулгарч болзошгүй.

Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа олон эмэнд дасалтай нянгийн халдвар нь одоогийн байгаа нянгийн эсрэг эмээр эмчлэгдэх боломжгүйд хүрч байгаа дохио юм. Нянгийн эсрэг шинэ эмийн нээлт одоогоор бүрхэг бөгөөд 2019 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас 32 антибиотикийн эмнэл зүйн үйлчлэлийг сайжруулах хэрэгтэйг тогтоосон. Гэвч тэдгээрээс зөвхөн зургаа нь хөгжүүлэлтийн шатанд явж байна.

Түүнчлэн чанарын шаардлага хангасан нянгийн эсрэг эмийн хомстол,  хүртээмжгүй байдал нь тулгамдсан асуудал болж байна. Тиймээс ДЭМБ нянгийн тэсвэржилтийг нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан 10 асуудлын нэг болж байгааг тунхаглалаа.

COVID-19 цар тахлын үед  нянгийн эсрэг эмийг зохисгүй хэрэглэх нь нянгийн тэсвэржилтийн тархалтыг түргэсгэхэд хүргэж болох юм.  Нянгийн халдвар хавсарч илрээгүй бол вирусийн халдварын эмчилгээнд антибиотик хэрэглэж болохгүй.

Нянгийн эсрэг эмийг зохисгүй, хэтрүүлэн хэрэглэх, сайжруулсан усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмж хангалтгүй байх,  эрүүл ахуйн дадал муу байх,  чанарын баталгаатай эмийн хангамж дутагдалтай байх, эрүүл мэндийн байгууллага, мал үржүүлгийн газруудад халдварын сэргийлэлт, хяналт муу байх, иргэдийн  нянгийн тэсвэржилтийн талаарх ойлголт, мэдлэг дутмаг байх зэрэг хүчин зүйлс нь нянгийн тэсвэржилтэнд нөлөөлдөг.

Энэ жилийн дэлхийн 7 хоногийг 11 дүгээр сарын 18-24-ны өдрүүдэд “Ирээдүйнхээ төлөө манлайлъя” уриан дор Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Мал эмнэлгийн ерөнхий газар, ДЭМБ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байна.

Аяны хүрээнд эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажилтнуудад зориулсан цахим сургалт явуулах, нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээний талаар сурталчилгааны материалаар холбогдох байгууллагуудыг хангах, иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулж нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөмж зөвлөгөөг цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.

Нянгийн тэсвэржилтийн тархалтыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал болохыг онцлон ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Нянгийн эсрэг эмийг хариуцлагатай хэрэглэе”  амлалт өгөх аянд нэгдэхийг уриалж байна. Тус аянд дараах хаягаар цахимаар нэгдээрэй:

https://pledge.antibioticawarenessweek.org/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top