ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков коронавирусний эсрэг "Спутник V" вакциныг гаргаж авахад Путины охины үүрэг их байсан гэх мэдээлэлд хариулт өгчээ.
Тэрбээр Путин охиндоо зориулж вакцин гаргасан юм биш гээд “Тэр өөрөө сайн дураараа коронавирусний эсрэг вакциныг туршилтын шатандаа явж байхад нь хийлгэсэн. Сайн дураараа вакцин хийлгэх хүмүүс хэрэгтэй байсан” гэсэн байна.
ОХУ дэлхийд анх гаргаж авсан коронавирусний эсрэг вакцин нь Ерөнхийлөгчийн охиноос хамаарч биш цар тахлын байдлаас шалтгаалж гарсныг Песков онцолжээ.
Путины охинд коронавирусний эсрэг бие үүссэн байна.
Оросын вакцины үйлдвэрлэл наймдугаар сарын 15-нд эхэлж, өдгөө бүртгэгдсэний дараах туршилт үргэлжилж байгаа юм. Энэ хугацаанд 40 мянган сайн дурынханд вакциныг хийхээр төлөвлөж байгаа аж.
