Ж.Батсуурь: Судалгаанд үндэслэн бодлого төлөвлөх нь хөгжлийг хурдасгадаг

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс өрсөлдөх чадварын судалгаануудыг гаргаад 10 жил болж байгаа. Тухайлбал, аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг бодлого, төлөвлөгөөндөө хэрэгжүүлснээр ямар үр дүн гарч болох тухай УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа. Тэрбээр Сүхбаатар аймагт Засаг даргаар ажиллах хугацаандаа судалгаан дээр суурилсан тогтвортой бодлого хэрэгжүүлэхийг зорьж байжээ.


-Монгол Улс, аймаг, нийслэл, дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгаа тус бүрчлэн гардаг болоод нэлээд хэдэн жил өнгөрлөө. Сүхбаатар аймгийн тухайд аваад үзвэл аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд үндэслэн сул үзүүлэлтээ сайжруулах, сайн үзүүлэлтээ ахиулах тал дээр төлөвлөгөөтэй ажиллаж байсан. Аймгийг хөгжүүлэх урт болон дунд хугацааны хөтөлбөрийг батлаад хэрэгжүүлээд явж байсан шүү дээ. Эдгээр туршлагаас дүгнэхэд судалгаанд суурилан хөгжлийг төлөвлөн хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Зөвхөн улс орон, орон нутаг гэлтгүй өрх гэр, хувь хүн ч гэсэн хаана хүрэхээ төлөвлөж байх ёстой. Өрх гэр, хувь хүн бол мөрөөдлөө, улс орон стратеги, дунд, урт хугацааны хөтөлбөрөө боловсруулна. Хаана хүрэхээ төлөвлөхийн тулд хаана яваагаа мэдэж байх ёстой. Ижил зорилгоо, нутаг дэвсгэр, шинж чанар, өрсөлдөгчөө хаана явааг мэдэх шаардлагатай. Надад аймгаа жишиг болгон хөгжүүлэх, жишиг баг, хамт олон бүрдүүлэх бодол эртнээс байсан. Улс төрийн сонголтоор бодлого хэрэгжүүлэх боломж олдож, хөгжлийнхөө бодлогыг томьёолсон. Монгол Улсын аймгууд хязгаар нутагт байрладаг, цөөн хүн амтай, зөөлөн бөгөөд хатуу дэд бүтэц хөгжөөгүй байдаг. Гэсэн хэдий ч аймаг, орон нутгийн хүмүүс ч ялгаагүй хотын жишгээр бусад улс орны иргэд шиг ая тухтай, таатай орчин нөхцөлд ажиллаж, амьдрахыг мөрөөддөг. Тиймээс аймгийн хөгжлийн бодлогыг төлөвлөхийн өмнө өрсөлдөх чадварын судалгааг сонирхож харсан. Монгол Улс маань эдийн засаг, нийгмийн хөгжил, ахуй соёлоороо ижил төстэй орнуудтай харьцуулахад хаана явааг нь мэдсэн, бодит байдал судалгааг харьцуулан дүгнэсэн. Өрсөлдөх чадварын судалгааны ач холбогдлыг ойлгосон. Удалгүй “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны тайланг орон нутагт хүргүүлсэн. Анх тайлангаас хэд хэдэн дүгнэлтийг олж харсан. Монгол Улсын аймаг тус бүр өөрийн онцлог шинж болон давуу, сул талуудтай юм. Эдгээрийг 180 орчим шалгуур үзүүлэлтээр нарийвчлан олон улсын аргачлалаар жил бүр тогтвортой судалдаг нь хөгжлийн бодлогод маш их хувь нэмэртэй. Аль салбартаа илүү хөрөнгө оруулалт хийх шаардлагатай вэ гэдгийг өрсөлдөх чадварын судалгаанаас харах боломжтой. Улс орнуудын өрсөлдөх чадварын судалгаанаас Монгол Улсын өрсөлдөх чадварын өнгөрсөн, алс хэтийн хөгжлийг төлөвлөхөд ач холбогдолтой. Өөрсдийгөө бусад улс оронтой, өөрсдийгөө дотооддоо харьцуулан дүгнэх боломжийг ч судалгаа олгож байгаа юм.

-Мэдээж бодлогын асуудал сайн судалгаан дээр суурилах нь илүү үр өгөөжтэй байж таарна. Таны ярианаас сонсоод байхад аймгуудаас гадна сумдын өрсөлдөх чадварыг судлаад гаргаад ирвэл сонирхолтой дүгнэлт гарах юм шиг санагдлаа. Сум, орон нутгийн хөгжилд хүн амын тооноос эхлээд л ярих зүйл их шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Бидний сэтгэлгээнд байдаг ч гаргаж, илэрхийлж чадахгүй зүйлүүдийг өрсөлдөх чадварын судалгааны үзүүлэлтүүдээр нэгтгэн дүгнэсэн байдаг. Тиймээс ч тэр Монгол Улсын 330 сумын өрсөлдөх чадварыг судалбал ирээдүйн хөгжилд ихээхэн ахиц гарна. Миний төсөөллөөр улс орнууд, аймгуудын өрсөлдөх чадварыг судалж болж байгаа юм чинь сум, багуудын өрсөлдөх чадварын судалгааг хийх хэрэгтэй. Харин дараа нь бүх аймгийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчдийн мөрийн хөтөлбөр тухайн судалгаанд тулгуурлаж, боловсруулагдах ёстой. Үүнээс биш, өөрийнхөө хүссэн зүйлд судалгаа хийчхээд, түүндээ тулгуурлаад ажиллана гэвэл буруу замаар будаа тээнэ. Монгол Улс асар уудам нутаг дэвсгэртэй боловч нэгдсэн төсөвтэй. Зарим аймаг, сум нийслэлээс 2000 км зайтай байхад нөгөө нь 200 км-ийн зайд оршдог. Газар тариалан хөгжсөн аймаг, сум байхад уул уурхай, мал аж ахуйдаа төвлөрсөн аймаг, сум байдаг. ОХУ, БНХАУ-тай хиллэдэг аймаг, сумдад ч арай өөр давуу талууд бий болсон байх жишээний. Тэгэхээр хөгжлийг судалгаагүйгээр төсөөлөх боломжгүй шүү дээ.

-Өрсөлдөх чадварын судалгаанд үндэслэн ажлаа төлөвлөж, хэрэгжүүлэхэд яг ямар үр дүн гарсан бэ. Жишээн дээр тайлбарлавал?

-Өрсөлдөх чадварыг эдийн засаг, насжилт, хүн ам, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн үзүүлэлтээр гаргаад өгчхөөр амжилт олохгүй байгаа салбартаа хүч өгөөд ажиллахад дараа дараагийн жилээс үр дүн нь тод харагддаг. Сүхбаатар аймагт нийгэм, боловсрол, эрүүл мэндийн салбарт өрсөлдөх чадварын судалгааг туршиж ажиллахад тодорхой ахиц, үр дүн гарч байсан. Жишээлбэл, Сүхбаатар аймгийн хувьд боловсролын систем доогуур үзүүлэлттэй байсан. Бид багаараа ярилцаад сайн багш нарыг аймагтаа урьж ажиллуулсан. Хоёр гуравхан жилийн дараа элсэлтийн ерөнхий шалгалтад улсдаа өнгөлсөн. Энэ нь Сүхбаатар аймгийн түүхийн 70 гаруй жилийн хугацаанд үзүүлсэн анхны амжилт байх. Гэтэл судалгаа байгаагүй бол уламжлалт ажлуудаа л хийгээд явахаас биш шаардлагатай зүйл нь яг юу байна вэ гэдгийг олж харахад хэцүү. Эрүүл мэндийн салбарт гэхэд хүний нөөцдөө анхаарах уу, барилга байгууламжаа барих уу, техник технологидоо анхаарах уу, төсөв санхүү дутаад байна уу, хамгийн түрүүнд сайжруулах нь юу байна вэ гэдгийг судалгаа болон эмч, мэргэжилтнүүдийн саналд үндэслээд тооцно шүү дээ. Ингээд зөөврийн дурангийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Сүхбаатар аймагт явуулж эхэлсэн. Урьдчилсан сэргийлэх үзлэгээр хавдрыг эрт шатанд нь илрүүлэн, эмчилгээ хийлгэсэн. Гэхдээ ингэж урьдчилан сэргийлэх үзлэг явуулахад өвчлөл огцом өсөх нэг сул тал байсан. Монгол Улсад бодлогыг өнгөрсөн оныхтойгоо зэрэгцүүлж авч үздэг болохоор өмнөх жилээс энэ жилийн үзүүлэлт яалт ч үгүй хамаарах гээд байдаг. Үзүүлэлт унах, тогтворжих, өсөх байдлаар явагддаг. Гэмт хэргийн түвшин дээр ч энэ байдал ажиглагддаг. Тиймээс Засгийн газарт өмнөх онтой харьцуулан ажил дүгнэх нь буруу юм байна гэсэн санаачилгыг гаргаж байсан. Жишээлбэл, гэмт хэргийн илрүүлэлт сайжрахаар тухайн байгууллага, орон нутгийн ажлыг тааруугаар үнэлэх гээд байдаг сөрөг талтай. Үүнээс ажил дүгнэх аргачлалаа өөрчлөх ёстойг харуулж байгаагаас биш судалгаанд тулгуурласан үр дүн маш сайн байдгийг олж харсан.

-Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадварын үзүүлэлтээр хойгуурт бичигдэж байна. Тэгэхээр судалгаанд үндэслээд Монгол Улсынхаа өрсөлдөх чадварыг сайжруулъя гэвэл ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Орон нутагт өөрийнхөө гардаж хийсэн ажлууддаа амжилт олсон жишээгээ сая хэллээ. Монгол Улс, Засгийн газрын түвшинд төсөв, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг тав, 10, 20 жилийн судалгаанд тулгуурлан гүйцэтгэвэл хөгжилд хурдан хүрнэ гэсэн үг. Хаана явж байгаагаа мэдэхгүй байж амжилт ярихад хэцүү шүү дээ. Жишээлбэл, утааны асуудал байна. Монголд утаа буурсан гэдэг. Буурлаа гээд бусад улсын хэмжээнд хаана яваа вэ. Хоёр гэмт хэрэг хийснийг нэг нь байхгүй болчихоор гэмт хэрэг 50 хувиар буурсан гэж болох уу. Ер нь хөгжил бол шинжлэх ухаанд суурилдаг. Шинжлэх ухаанд суурилна гэдэг чинь судалгаанд суурилна гэсэн үг. Судалгааны хамрах хүрээ өргөн байх ёстой. Сүүлийн үед судалгаан дээрээ судалгаа хийгээд байгаа нь надад таалагддаггүй. Судалгааг хөрөнгө мөнгө зарцуулж, тархалт, хугацаа, давталт, хүртээмжийг нь тооцож урт хугацаандаа тогтвортой хийх ёстой. Ингэж хийсэн судалгааг судалгаа гэхээс биш, өнгөц судалгаанд үндэслээд ажил явахгүй. Нэгдсэн суурь судалгаанд үндэслээд ажил явбал их зүгээр.

-Судалгаанд тогтвортой байдал их чухал юм байна. Урт хугацаандаа үр дүн гардаг гэж байна. Тэгвэл “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс 10 жил судалгаагаа гаргаж байна. 10 жил гэдэг богино хугацаа биш шүү дээ?

-Өрсөлдөх чадварын судалгааны тайланг илүү үнэнд дөхүү гарч байна гэж үзэж байгаа. Анх аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхэд Сүхбаатар аймаг эдийн засгийн үзүүлэлтээр хойгуур байсан боловч малын тоо толгой, түүхий эдээс олсон орлого, байр сууц, машинтай болсон иргэд, хадгаламж эзэмшигч иргэд нэмэгдээд ирэхээр эдийн засгийн үзүүлэлт сайжирдаг. Намайг найман жил Засаг даргаар тогтвортой ажиллахад засаглалын үзүүлэлт сайжирч байгаа юм. Гэтэл Засаг дарга нэг, хоёр жилдээ солигдоод байвал үзүүлэлт ухардаг. Ингээд харахаар бодит байдалтай шууд уялдсан судалгаа байгаа юм. Түүнчлэн орон нутагт тайлангаа танилцуулахаар судалгааны баг ирэхэд нь санал, бодлоо хэдэн ч удаа солилцож байсан. Анх тайлан гарсан үеэс нь эхлээд одоо ч хүртэл өрсөлдөх чадварын судалгааг ажлын гарын авлага байдлаар ашигласаар байна.

-УИХ-аар хэлэлцэж буй асуудлуудад судалгаа, мэдээлэлд үндэслэн гишүүд байр сууриа илэрхийлж байгаа. Өрсөлдөх чадварын судалгааг ашиглан асуудалд хандах нь хэр байдаг юм бол?

-Би өөрийнхөө зүгээс хамаарах асуудлаа судалгаанд тулгуурлаж боловсруулдаг. Түүнээс гадна УИХ дэргэдээ судалгааны хүрээлэнтэй. Ямартай ч судалгааны хүрээлэнтэй учраас хэлэлцэж буй тухайн асуудалтай холбоотой мэдээлэл, судалгааг татаж авах боломжтой. Гэхдээ өөрийн ажил, ахуй амьдралдаа хэрэглэж байсан судалгаа илүү сайн өгөгдөлтэй байдаг. Томьёонд буруу тоо оруулбал, буруу л хариу гарна. Томьёо буруу байна гэж байхгүй. Тиймээс аль болох өөртөө итгэл үнэмшилтэй судалгааг, бодит байдал, нийгмийн сүлжээн дэх мэдээллийг харьцуулж байж шийдвэр гаргах ёстой. Өнөөдөр олон мэдээлэл, шийдвэрийг харьцуулахгүйгээр шууд нийгмийн сүлжээнд хөтлөгдөж асуудалд хандаж байна. Ийм шийдвэр ирээдүйд Монгол Улсыг доройтуулна уу гэхээс сайн үзүүлэлт авчрахгүй. Жишээлбэл, хилийн цаана байгаа өвөрмонголчууд нэг кг махаа 36 мянгаар зараад байхад 60-70 сая малтай, бие даасан Монгол Улс уул уурхайг шүтээд махаа валют болгож чадахгүй байна. Төв суурин газрын амьдралын нөхцөл тааруу иргэдээ нөөцийн махаар хангаад, дундаас дээгүүр орлоготой иргэд өндөр үнэтэй мах идэж, махаа экспортод гаргавал улсын маань эдийн засаг нийтээрээ өснө. Бодлого, зохицуулалтаар л шийдчих асуудал. Хөдөө нь ядуураад л байна. Хөдөө нь ядуурахаар төв рүү зүтгэнэ. Тэр хэрээр нийгмийн стресс бий болоод байна шүү дээ. Энэ мэтчилэн асуудлыг олон талаас нь харж, судалгаа практикаа тусгаж байж шийдвэрээ гаргах нь мэдээжийн асуудал. Улс, аймаг, дүүргийн өрсөлдөх чадварын судалгааг харъя гэвэл мэдээллүүд хангалттай, хэвлэмэл байдлаараа ч, цахим хэлбэрээрээ ч байгаа шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.37) 2020 оны 12 сарын 19

Ингэж ярьвал ч өөр л дөө.

0  |  0
Ebi(103.26.194.40) 2020 оны 11 сарын 20

Chi chadna amjilt husey

0  |  0
Ebi(103.26.194.40) 2020 оны 11 сарын 20

Chamd chadvar turshlaga bi hiihel uldlee amjilt husey 76 dotor chini hiih hun bhgui chiil hii

0  |  0
Top