МАН мажоритар давамгайлсан холимог тогтолцоог сонгож байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд мажоритар давамгайлсан тогтолцоог дэмжих болсноо мэдэгдлээ. Бүлгийн дарга Д.Лүндээжанцангийн хэлснээр МАН-ын Удирдах зөвлөлөөс мажоритар давамгайлсан холимог тогтолцоогоор сонгуулийг явуулах нь зүйтэй гэсэн чиглэл гарсныг бүлгийн гишүүд дэмжсэн байна. Харин харьцааны хувьд 52:24 байна уу, 50:26-гийн аль нь ч байсан мажоритар давамгайлах ёстой гэнэ. Мөн Сонгуулийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлэхийн тулд нэр дэвшигчийг нэрээр нь дугуйлах ёстой гэж үзжээ. Түүнчлэн энэхүү байр сууриа хүлээн зөвшөөрүүлэхийн тулд УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон бусад намтай хэлэлцээр хийх ажлын хэсгийг ч энэ удаагийн хуралдаанаас байгуулжээ. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар нар багтсан байна. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг 50:26 буюу пропорциональ давамгайлсан холимог тогтолцоог батлуулахын төлөө тууштай зогсоно гэдгээ мэдэгдэж буй. Мөн пропорциональ дээрээ намаар санал дугуйлах ёстой гэж үзэж байгаа юм. Одоо УИХ дахь хоёр намын бүлэг саналаа хэрхэн нэгтгэхээс хамаарч сонгуулийн тогтолцоо шийдэгдэх болж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top