Б.Хурцын шүүх хурал болоход нэг хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурлын үргэлжлэл Лондон хотноо Хатан хааны дээд шүүхийн танхим /Court of Royal Justice/-д энэ сарын 23-24-нд болохоор товлогджээ. Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч сарын 13-нд болсон ч нэмэлт баримтууд шаардлагатай гээд завсарлаад байсан бол хурлын үргэлжлэлийг энэ сарын 23-ны 10.00 /Улаанбаатарын цагаар 18.00/ цагт эхлүүлэхээр болжээ. Хуралдаанд манай тал өмнөх бүрэлдэхүүнээрээ буюу ГХЯ-ны ТНБД Д.Цогтбаатар, өмгөөлөгчөөр хуульч Алун Жонс, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж профессор сэр Э.Лаутерфахт, Их Британи улсад суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа нар болон Б.Хурцын гэр бүлийн гишүүд оролцох юм байна. Түүнчлэн хурлыг тус улсын дээд шүүхийн шүүгч Лорд Мосес даргалж, Британийн талыг тус улсын прокурорын байгууллагын төлөөлөгч ноён А.Уоткинс, Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөлийн Яамны хуулийн зөвлөх хатагтай С.Доббин нар төлөөлөх аж. Манай ажлын хэсгийн зүгээс шүүхийн шийдвэрийг өөрсдийн талд гаргуулах магадлал бүхий хэд хэдэн баримтыг хүргүүлсэн учраас энэ удаагийн хуралдаан хойшлохгүй, эцсийн нааштай шийдвэр гарах байх гэсэн найдлага тавиад байгаа юм байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top