ДОРНОД | Хотод гацсан иргэдээ хүлээн авах зохион байгуулалтыг баталлаа

2020 оны 11 сарын 22

Чойбалсан хот болон сумдын Онцгой комиссын ирүүлсэн судалгаагаар Дорнод аймгийн харьяат 5000 орчим иргэд, оюутнууд нийслэл Улаанбаатар хотод байгаагаас орон нутагтаа ирэх хүсэлтээ илэрхийлсэн 2000 орчим иргэд, оюутнууд нийслэлд байна.

Дорнод аймгийн Онцгой комиссын өнөөдрийн 60 дугаар хуралдаанаас нийслэл Улаанбаатар хотод хөл хорионд байгаа иргэд, оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулах талаар дараах шийдвэрийг гаргалаа гэж Дорнод аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга М.Бадамсүрэн мэдээллээ.


1. ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА: Улсын Онцгой комиссоос тухайн асуудлаарх түр журмыг батлан, иргэд, оюутнуудыг орон нутаг руу нь буцаах тухай шийдвэр гармагц аймгийн ажлын хэсгүүд тус ажлыг нутаг дэвсгэртээ шуурхай зохион байгуулна.

2. ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН МАРШРУТ: 

- Хөлөнбуйр суманд хяналтын пост хүч нэмэгдүүлэн ажиллаж, нийслэл, бусад орон нутгаас ирж буй бүх иргэдийг хянаж Хэрлэн голын урд талын сумд болох Хөлөнбуйр, Булган, Халхгол, Матад сумдын зорчигч тээврийг Булган сумаас аймгийн төвөөр оруулахгүйгээр тухайн сумд руу нь шууд зорчуулна.

- Хэрлэн голын хойд талын Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Сэргэлэн сумдын зорчигч тээврийг Хөлөнбуйр сумын хойд талын Хэрлэн голын гүүрээр шууд тухайн сумд руу нь зорчуулна.

- Чойбалсан хот болон Гурванзагал, Чойбалсан, Чулуунхороот сумдын иргэд, зорчигчдыг Баянтүмэнгийн гүүрний хойд постод дахин хянаж Ковид-19-ийн шинжилгээ нь сөрөг гарсан, өвчний ямар нэгэн шинж тэмдэггүй тохиолдолд холбогдох журмын дагуу нэвтрүүлнэ.

3. ШИНЖИЛГЭЭ: Зөвхөн КОВИД-19-ийн шинжилгээг нийслэлд өгч, сөрөг гарсан иргэнийг л биеийн халууныг хэмжин, асуумж авч нэвтрүүлнэ.

4. ТУСГААРЛАЛТ: Хүрэлцэн ирж буй сумдын иргэдийг шууд сумын Эрүүл мэндийн төвд, аймгийн төвийн хувьд Баянтүмэнгийн постод хүлээн авч, дахин хянаж Ковид-19-ийн шинжилгээ нь сөрөг гарсан, өвчний ямар нэгэн шинж тэмдэггүй тохиолдолд холбогдох журмын дагуу гэр гэрт нь 14-21 хоногийн хугацаанд тусгаарлаж, Цагдаагийн болон Эрүүл мэндийн байгууллага хяналт тавина.

- Шаардлагатай тохиолдолд иргэдийг тусгаарлах зорилгоор аймгийн төвд 3-9 зочид буудалтай гэрээ хийж бэлтгэл хангаж байна.

5. ДАВТАН ШИНЖИЛГЭЭ: Халдвар гарсан бүс нутгаас ирсэн бүх иргэдийг Дорнод аймагт ирсэнээс хойш 7 дахь болон 14 дэх хоногт нь тус бүр 2 удаа шинжилгээ авч хянана. Давтан шинжилгээ авах ажлыг аймгийн төвд 6-8 цэгт, сумдад Эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулна. Давтан шинжилгээнүүд авахтай холбогдуулан манай аймагт цаашид 10,0 мянга орчим түргэвчилсэн оношлуур хэрэгцээтэй болно.

6. СУМДЫН ЭМТ: Аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-өөс сумдын Эрүүл мэндийн төвүүдийг мэргэжил арга зүйгээр тогтмол хангаж, шаардлагатай сумдад эмч, ажиллагсад очиж зөвлөн тусална.

7. ЗОРЧИГЧ ТЭЭВЭР: Улсын Онцгой комиссын шийдвэрээр зорчигч тээврийн 1 автомашинд зорчих иргэдийн тоог зааж батлаагүй тохиолдолд аймгийн Онцгой комиссоос том оврын автобусанд 24-өөс илүүгүй, дунд оврын автобусанд 12- оос илүүгүй, суудлын автомашинд 4-өөс илүүгүй зорчигч тээвэрлүүлэх чиглэл баримтлана. Тухайн сумдын иргэдийг нэг унаанд зорчуулах чиглэлийг баримтлана.

8. ШАТАХУУНЫ ХАНГАЛТ: Хөлөнбуйр, Булган сумдын Шатахуун түгээх станцын шатахуун, түлшний нөөцийг хангалттай бүрдүүлнэ.

ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ ИРГЭД ТА БҮХЭН МИНЬ ӨӨРИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛИЙНХНЭЭ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗӨВЛӨМЖИЙГ ЯГШТАЛ ХЭРЭГЖҮҮЛЖ, АМНЫ ХААЛТАА ЗҮҮЖ, ГАРАА ТОГТМОЛ УГААЖ АРИУТГАН, ХООРОНДЫН ЗАЙГАА БАРИМТЛАН, ГЭРИЙН ТУСГААРЛАЛТЫН 14-21 ХОНОГИЙН ХУГАЦААГАА ЧАНД МӨРДӨНӨ ҮҮ.

 

Top