Т.Түмэнжаргал: Эхнэр, нөхрийн харилцаа халуухан байх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 23

"Өглөөний сонин"-ы өнөөдрийн зочноор гэр бүл судлаач, сексологич Т.Түмэнжаргал уригдлаа
 


-Сайн байна уу. Өөрийг чинь хосын харилцаа, бэлгийн боловсролын чиглэлээр Фэйсбүүкт групп хөтлөн явуулдаг гэдгийг мэднэ. Энэ группээ нээх болсон шалтгаан, хэзээ нээсэн талаар яриач...

Намайг Т.Түмэнжаргал гэдэг. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Ажлын хувьд үндэсний үйлдвэрлэгч Анжэл бэйби хүүхдийн их дэлгүүр, өлгийний  үйлдвэрийн үүсгэн байгуулагч. Өлгийгөө хүүхэд байхаасаа эхэлж оёод хорь гаран жил энэ ажлаа хийж байна. 

Анх яг нэг жилийн өмнө эмэгтэйчүүдэд зориулсан групп хөтөлж эхэлсэн. Гол сэдэв нь  гэр бүлийн харилцаанд  секс маш чухал нөлөөтэй гэсэн утгатайгаар ихэнх бичвэр зөвлөмжүүд маань бичигддэг байсан. Ингээд групп маань 40 мянган гишүүнтэй болж  эмэгтэйчүүдэд нөхөртэйгөө харилцах  харилцаанд сайн талаараа бодит өөрчлөлтүүд гарсан. Олон эмэгтэйгээс талархал ирдэг болсон. Харамсалтай нь энэ групп маань устчихсан. Хуучин гишүүдээс минь дахин яг ийм  шинэ групп нээгээчээ гэсэн хүсэлт байнга ирж, дахин “Бэлгийн боловсрол-Гэр бүл, Хосын харилцаа” нэртэй фэйсбүүк группийг нээгээд удаагүй байна.  Гэхдээ энэ групп маань маш богино хугацаанд олон хүний хандалт авч 100 мянган гишүүнтэй  болсон. Учир нь өмнө нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан хаалттай групп байсан бол энэ удаад эрэгтэй гишүүдийг ч авсан. Бид ер нь охиноо л анхаарья хүний гар харах юм чинь, хүү яах вэ гэж ханддаг. Яг үүнтэй адил эмэгтэйчүүдэд эерэг нөлөө үзүүлэх олон мэдээ мэдээллийн хэрэгслүүд байдаг. Харин эрчүүдээ бид мартчихдаг. Группийг хөтлөх болсон гол зорилго маань  эрэгтэй эмэгтэй гэж ялгахгүй, гэр бүлүүдэд секс, хосын харилцааны тухай  мэдээ мэдээлэл өгч, нийгэмд эерэгээр нөлөөлөх зорилготой. Ийм их хандалт авна гэж бодоогүй учраас маш их хариуцлага ирлээ гэж бодож байна.

-Өөрийн тань хувьд сексологийн чиглэлээр гадны орны олон сургалтад сууж байсан гэсэн. Бас гэр бүл судлалын магистрант гэж сонссон. Энэ тухайгаа дэлгэрүүлбэл...

--Зөвхөн өөрийн  амьдралын туршлага, хэдхэн уншсан номын мэдлэгээр хүмүүст зөвлөгөө өгнө гэдэг хангалтгүй шүү дээ. Тийм учраас олон эмэгтэйчүүдийн амьдралд өөрчлөлт гарч талархал ирэхэд нь урамшиж үүнийгээ мэргэжил болгох ёстойгоо ухаарсан. Багаасаа л сэтгэлзүйч болох мөрөөдөл маань ийм шийдвэр гаргахад минь их нөлөөлсөн. Секс  хосын харилцааны  чиглэлээр Олон улсын онлайн сургалтуудад суусан. Мөн Монголдоо сэтгэлзүйн сургалт трэйнингэд тогтмол хамрагдаж байна. Одоогоор гэр бүл судлалын магистрант. Энэ чиглэлээр мэргэшээд суралцаад ирэхэд нэг зүйл ажиглагдсан. Тэр нь Монгол гэр бүлийн онцлогийг судлах. Түүнчлэн барууны орны зарим соёлыг Монголдоо “нутагшуулах” нь чухал санагдсан.

Харилцаа болон сексийг хамт авч явах ёстой

-Мэдээж хүн бүр л хосоор амьдрахын жаргалыг мэдрэхийн тулд гэр бүл зохиодог байх. Гэвч хамт амьдрах явцад багагүй бэрхшээлтэй тулгардаг. Тулгарсан энэ бэрхшээлээ давж чадахгүй зарим нь салж сарнидаг. Тэгэхээр хосууд бат бөх, аз жаргалтай харилцааг буй болгохын тулд хамгийн эхлээд юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Гэр бүл бол хүний хөгжлийн хамгийн чухал орчин. Хүний үзэл бодол хандлага нь  гэр бүлийн хүмүүжлээр бий болдог. Тэгэхээр хосууд маань хоёр өөр ёс заншил, хоёр өөр соёлтой орчноос нийлж нэг гэрт орж буй гэдгээ эхлээд ухамсарлах нь зүйтэй болов уу...Аль нэг талын ёс заншил хэтэрхий давамгайлаад ирэхэд, эсвэл аль нэг нь үзэл бодлоо нөгөөдөө хэтэрхий тулгаад, энэ байдал удаан үргэлжлэх тусам хосуудын харилцаанд асуудал үүсч байдаг. Мөн бид залуу үедээ  сурч боловсрох, мөнгө олох, байр машин хурдхан ав гэж үргэлж шахаж шаарддаг хэрнээ  эсрэг хүйстэнтэйгээ хэрхэн зөв харилцах, хэрхэн үерхэж нөхөрлөх, гэр бүл төлөвлөлт, үүрэг хариуцлага гэх зэрэг чухал суурь ойлголтуудыг өгдөггүй. Энэ л одоогийн гэр бүлүүдэд тулгамдаад буй асуудал. Өөрөөр хэлбэл, монголчууд бид үр хүүхэддээ багаас нь хосоор амьдрах арга ухааныг, хань ижлээ хайрлан халамжлах хүмүүжлийг олгож чадах юм бол гэр бүл тогтвортой байх үндэс нь болно.

-Секс гэр бүлийн харилцаанд чухал гэж үзвэл хэдэн хувийн жинг дарах вэ?

-Хүн бүр энэ асуултанд өөр өөрөөр хариулах байх л даа. Миний хувийн бодлоор бол секс амьдралд 50 хувийн байр суурь эзэлдэг гэж боддог. Хүмүүс зөвхөн өнгөн талын харилцаандаа анхаараад байдаг. Энэ нь хосын харилцаан дахь том алдаа л даа.

-Магадгүй манай ихэнх хосууд  сексийг  чухалчилдаггүй, зөвхөн харилцаан дээрээ л анхаарч ирсэн нь гэр бүлийн тогтворгүй байдлын үндэс гэж та хэлэх гээд байна уу?

-Яг тийм. Харилцаа, секс хоёр бол харилцан холбоотой. Монголчууд бие, хэл, сэтгэлийн холбоо гэж  ярьдаг ард түмэн.Энийг сайн ухаад ойлговол биеийн холбоо нь секс буюу хурьцах, хэл гэдэг нь бидний яриа буюу харилцаа, сэтгэл гэдэг нь бидний хайр сэтгэлийн холбоог хэлээд байгаа юм. Энэ гурван харилцаанд  тэнцвэртэй хандаж чадсан хосууд л амьдралаа сайхан болгож чадаад байгаа нь ажиглагддаг.

-Саяхан нэгэн сэтгэлзүйчийн яриаг сонсож байхад, монголчуудын дунд хийсэн нэгэн судалгаа маш аймшигтай санагдсан. Тэр юу вэ гэвэл, гэр бүлтэй хүмүүсийн 50 хувь нь ямарваа нэгэн байдлаар эхнэрээ, нөхрөө араар нь тавьсан гэж хариулсан байсан. Араар тавина гэдгийг хосууд нэг нэгнийхээ сексийн гэх үү, биологийн гэх үү эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байснаас үүдэлтэй гэж ойлгож болох уу?

-Энэ асуудал нь янз янзын шалтгаантай. Араар тавилтыг зөвхөн  сексийн хэрэгцээтэй шууд утгаар нь холбож ойлгох нь учир дутагдалтай. Жишээ нь  нөхөр нь эхнэрээ огт магтдаггүй хайрлаж буйгаа үг үйлдлээрээ илэрхийлдэггүй гэж бодьё. Гэтэл өөр нэг эр хүн “Чи ямар сайхан бүсгүй вэ” гэж магтахад  сэтгэлзүйн хувьд дутагдсан дутуугийн мэдрэмжиндээ хөтлөгдөн  араар тавьдаг тохиолдол байна. Эсвэл нөхөр нь араар тавьснаас болж өшөөгөө авах сэдлээр араар тавьдаг. Харин нөхрүүд ихэвчлэн эхнэр нь амьдралын аар саар асуудал, үр хүүхэддээ хэт анхаарал хандуулж, сексээс татгалзаж, нөхрөөсөө зөвхөн үүрэг хариуцлага нэхэх үед эхнэрээ араар тавьдаг гэж хариулдаг.

Хүүхэд жаргалтай байх хамгийн чухал зүйл бол аав нь ээжийг нь хайрлах...

-Тэгвэл хосууд бие биедээ үнэнч, харилцаагаа эрүүл сайхан авч явахад юуг анхаарах хэрэгтэй вэ. “Эцэг эх хоёрын харилцаа аз жаргалаар дүүрэн байвал үр хүүхэд нь дагаад хайр халамжаар дүүрдэг” гэж өөрөө нэгэн илтгэлдээ ярьж байсан...

- Хүүхдээ жаргалтай байлгахад юуг анхаарах вэ гэж хүмүүс их асуудаг л даа. Хамгийн  гол нь эцэг эх хоёрын харилцаа хайраар дүүрэн байх ёстой.Ингэхийн тулд эмэгтэй нь ч тэр, эрэгтэй нь ч тэр хичээх хэрэгтэй. Манай ихэнх эмэгтэйчүүд гэр бүл зохиогоод хүүхэд гаргаад гэртээ суусныхаа дараа нийтлэг алдаа гаргах нь бий. Тэр юу вэ гэвэл, өөрийгөө “хаячихдаг”. Зөвхөн үр хүүхэд, нөхрөө л анхаардаг болчихдог. Миний нөхөр гэр бүлээ тэжээж байна. Ажил хийж байна.  Энэ залуутай суусандаа би азтай гээд л бүх анхаарлыг нөхөртөө хандуулдаг. Эсрэгээрээ нөгөө талд нь өөрийгөө мартсан байдаг. Уг нь тэр эмэгтэй ганц бие байхдаа өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, хүрэхийг хүссэн карьер зорилго төлөвлөгөө байсан л байж таарна. Гэтэл энэ бүгдээ нэг л мэдэхэд мартсан байдаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн харилцаан дахь бүх зүйл байрлал дарааллаа алдсан гэсэн үг. Уг нь зөв дарааллаараа бол гэрийн эзэгтэй хүн

Нэгдүгээрт, өөрийгөө

Хоёрдугаарт, нөхрөө

Гуравдугаарт үр хүүхдээ тавих ёстой.

Эмэгтэй та өөрөө эхлээд жаргалтай, сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, хийх дуртай юмаа хийдэг болж чадвал үр дүн нь нөхөртэйгээ харилцаагаа сайхан аваад явах нөхцлийг бүрдүүлэх боломжтой. Эрчүүд бол харьцангуй өөрсөддөө цаг гаргаж чаддаг.Харин хүүхдээ түрүүнд тавиад эхнэрээ тоодоггүй. Эхнэртээ анхаарал тавьж чадвал хүүхэд бол аяндаа жаргалтай өснө.

-Өөрийгөө хайрлана, өөртөө анхаарна  гэхээр....

-Өөрийгөө хайрлана гэхээр эмэгтэйчүүд үсээ будаад л нүүрээ янзлаад, олсон бүх мөнгөө өөртөө зарцуулаад ирдэг.Товчхондоо шууд утгаар нь ойлгодог. Энэ бол буруу амьдрал өөрөө  өгөх авахын хууль дээр явдаг.  Өгч байж авдаг.  Авч байж өгдөг  гэсэн үндсэн ухагдахууныг ойлгочихоод дараа нь өөрийгөө хайрлах тухай бодох хэрэгтэй.

Энэ утгаараа эхнэр нөхөр хоёулаа өөрсдөдөө цаг гарга. Тэр боломжоор нь нэг нэгнээ ханга. Дуртай юмаа хийж байгаа хүн аз жаргалтай байдаг. Хүнтэй суусан гэхээрээ л бүх цаг хугацаагаа нөхөртөө, эсвэл хамаг заваа эхнэртээ зарцуулна гэсэн үг биш. Нөхөр та фитнест явах дуртай бол  явах хэрэгтэй. Гэхдээ мэдээж эхнэр болон гэр бүлдээ цаг гаргана.  Эхнэр та дэлгүүр хэсэх дуртай бол дэлгүүрээ хэс. Нүүрээ будах дуртай бол буд, ном унших дуртай бол номоо унш. Өөртөө цагаа гаргаж байх ёстой. Ганцаараа байх энэ хугацаа бол таныг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.  Өөрийгөө хайрласнаар тархинд  тааламжтай даавар ялгарах  сэтгэлзүйн сайхан мэдрэмжүүдийг буй болгох үндэс нь болдог.

-Хосууд бие биедээ хувийн орон зайгаа нөхөх цаг хугацааг гаргаад өгчихлөө. Дараагийн алхам юу вэ?

-Харин одоо та хань ижилдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ бол маш чухал зүйл. Хайртай хүндээ анхаарал хандуул.

Хүүхэд жаргалтай байх хамгийн чухал зүйл бол аав нь ээжийг нь хайрлах. Магадгүй нийгэмд ихэвчлэн аав нь хайрлахгүй байна гэсэн үзэл байдаг болохоор энэ үг гарсан байх. Яг эсрэгээрээ ээж нь ч гэсэн аавыг нь хүндэлж, хайрлах хэрэгтэй. Ингээд та хоёр нэг нэгнийгээ хайрлаад  хэн хэнийхээ орон зайг хүндэтгээд, хэн хэнийгээ үгүйсгэлгүй хүлээн зөвшөөрсөн  харилцааг буй болгож чадах л юм бол үр хүүхэд чинь хүссэн хүсээгүй аз жаргалтай амьдралд өсөх боломж бүрддэг.

Хүүхэд том болоод тусдаа гарна. Тэр үед та хэнтэй үлдэх вэ. Мэдээж ханьтайгаа. Тэгэхээр бид урт удаан хугацаанд харилцаагаа сайхан байлгаж, гэр бүлээ элэг бүтэн авч явж, үр хүүхдийнхээ ирээдүйг гэрэлтэй гэгээтэй байлгахыг хүсэж л байгаа бол хажуудаа байгаа ханьдаа анхаарах хэрэгтэй. Энэ бол амьдралын утга учир юм шүү.

-Эрчүүдийг ажиглаад байхад би гэр бүлээ санхүүгээр нь хангаж байгаа, мөнгөөр дутаагаагүй юм чинь бусад нь яахав гэсэн хандлага гаргаад байх шиг харагддаг...

-Зөвхөн санхүүгээр гэр бүлийн аз жаргал хэмжигдэхгүй. Хүүхэд эцэг эх хоёр нь инээмсэглээд хоорондоо сайхан харилцаатай байгаа үед л аз жаргалтай байх эх үндэс нь бүрддэг гэдгийг би дахин дахин хэлмээр байна. Учир нь эцэг, эхийн аль нь ч үр хүүхдийнхээ төлөө л гэж байгаа бол хоорондын харилцаагаа сайхнаар авч явахыг хичээх хэрэгтэй.

-Хоёр биедээ цаг гаргах нь чухал болох талаар...

-Хоёр биедээ цаг гаргана гэхээр хүмүүс их туйлширч ойлгодог. Хамгийн  сүүлд нөхөртөө, эхнэртээ хэзээ цаг гаргасан бэ? гээд асуухаар ”Өө би цаг  гаргасан гаргасан. Долоо хоног бүрийн амралтын өдрөөр агаарт гардаг, гэр бүлтэйгээ” гэж хариулдаг. Энэ бол хоёр биедээ  цаг гаргаж байгаа асуудал огт биш. Хоёр биедээ цаг гаргана гэдэг бол шал өөр асуудал. Хоёулхнаа байхыг хэлнэ. Хоёр биенийхээ талаар илэн далангүй чөлөөтэй ярилцах цаашлаад  хоёулхнаа болзоонд явах. Болзоо гэхээр манайхан  маш  сүртэй юм боддог. Эхнэр нь гоё хувцаслаад  л нөхөр нь мөнгө төгрөгөө бэлдэх гээд л их сүртэй юм боддог. Гэтэл энгийн зүйлсүүд бидний амьдралд өнгө нэмж байдаг. Хүүхдүүдээ унтуулчихаад хоёулаа тагтан дээрээ вино уугаад зогсох, хоёулхнаа кино үзэх, дуртай амттанаа идээд ярилцаад суух, тэврээд үнсэх. Зүгээр л гараад хоёулаа байраа тойроод хөтлөлцөөд алх, ойрхон дэлгүүр гараад нэг нэг мөхөөлдөс аваад хамт идэх гээд энэ бүхэн чинь  болзоо шүү дээ. Ийм энгийн болзоо  байж болж байна. Мэдээж онцгой сайхан болзоог ч хийж болно. Тэр бол ойлгомжтой асуудал.

-Тийм шүү, хосууд харилцаагаа услахад энгийн сайхан арга их байдгийг мэдрэх л хэрэгтэй юм байна даа?

-Тэгэлгүй яахав, Эрчүүд ганцхан ширхэг сарнай худалдаж аваад дэлбээнүүдийг нь ваннд хийгээд эхнэрээ “Чи минь ванндаа орж бай. Би хүүхдүүдээ харж байя” гээд  эхнэрээ баярлуулчих л юм бол эхнэрийн сэтгэл санаа сайхан болно шүү дээ.  Эхнэрүүд  мэдээж харилцаагаа сайжруулахын тулд маш олон зүйлийг хийдэг байх. Нөхрөө ороод ирэхэд нь дуртай хоолыг нь хийгээд гоё ширээ засчихаад  сууж байх гэх мэтчилэн харилцаагаа үргэлж услаж байх хэрэгтэй.  Түүнчлэн эхнэр нөхрийн харилцаа халуухан байх хэрэгтэй. Ихэнх хосууд хүүхдүүдийнхээ хажууд тэврэлдэх, үнсэлцэх байж боломгүй үйлдэл гэж боддог. Гэтэл тийм биш. Хайраа  илэрхийлэх ийм энгийн үйлдлүүдийг бид хүүхэддээ үзүүлснээр хүүхэд чинь том болоод эргээд гэр бүлийн амьдрал зохиохдоо эхнэр нөхрөө хайрлаж халамжилж сурдаг.

-Та хосуудын харилцаа, бэлгийн боловсролын талаар ном гаргах гэж байгаа гэсэн. Энэ талаараа?

-Нэг жилийн хугацаанд олон эмэгтэйчүүдтэй  ганцаарчилсан болон бүлгийн уулзалт хийж бэлгийн боловсрол, хосын харилцааны талаар  суурь ойлголтуудыг өгдөг байсан.  Эндээс дүгнэхэд би ганцаараа олон хүнд хүрч чадахгүй гэдгээ ойлгосон. Учир нь уулзалт захиалсан эмэгтэйчүүд ихэнх нь ийм чиглэлийн уулзалт зөвлөгөө авч буйгаа ар гэрийнхнээсээ нуудаг учраас олон удаагийн уулзалтанд  цаг гаргаж ирэх боломжгүй. Мөнгө санхүүгийн хувьд ч тэр болгон боломж бололцоогүй  тохиолдлууд ажиглагдаж байсан. Миний хувьд ч бизнес эрхэлдэг бас мэргэжлийн олон хичээлд хамрагддаг учраас  үйлчлүүлэгч нартаа хангалттай цаг гаргаж чадахгүй л байлаа. Ингээд би гаргалгаагаа олсон. Секс бэлгийн боловсролын суурь ойлголтуудыг энгийн үг хэллэгтэйгээр бичсэн ном бичье гэж шийдсэн. Дэлхий нийтээр цар тахал гарч буй тул номын ажил маань ч бага зэрэг хойшлоод байна. Тун удахгүй та бүхнийхээ гар дээр номоо хүргэх болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочтин(66.181.161.6) 2020 оны 12 сарын 12

ОДОО Ч ЦАГ ИХ АМАРХАН БОЛЖЭЭ ЯМАР Ч ЦЕНЗУР БАЙХГҮЙ. ХЭН ДУРТАЙ РОМАН БИЧНЭ. КИНО ХИЙНЭ. СУРВАЛЖЛАГЧ БАГШ ЭРДЭМТЭН ШУ БҮХ САЛБАРТ ДҮВЧИНГНЭЖ ӨГНӨ. ЭЛБЭГДОРЖИЫН ОНИГОО ШИГ ЗӨВЛӨХ ШАХУУ ЮМ ХИЙНЭ. Зүгээр л өлгий ор дэрний даавуугаа хийгээч.

0  |  0
aagmat(202.9.40.89) 2020 оны 12 сарын 12

er amidrald hegertseetei zuil yarij bn bayarlalaa.yaaj ene grupt orj boloh bol iluu ih medeelel avah bol

0  |  2
дорнод(64.119.21.136) 2021 оны 01 сарын 13

халамжийн дарга авгай архи пиво ууж шоудах дуртай. хөгшин залуу гэлтгүй өдөж оролдоод нөхрөө муулаал эрээ цээрээ алдаж завхайрдаг. олон ч айл гэр бүл үймүүлж салгаж хэрүүлд хүргэсэн. тэгээд төрд агентлагийн дарга ! аймгаараа мэднэ дээ. 40 хүрсэн ялхайсан авгай ажил алба хийдэг хүн тийм байна гэдэг гутамшиг юм билээ.

1  |  1
(103.26.194.166) 2020 оны 12 сарын 11

дэмий л юм хэлж дээ барууны уйдсан хүмүүсийг дуурай гээд байгаа аятай юм хэлж.

0  |  1
Баа(66.181.161.86) 2020 оны 12 сарын 12

Энэ авгайн нѳхѳр гэж сайхан гар байдаг. Ѳѳрийн гэр бүлийг сексээ эхлээд ярьж байгаа шигээ болго

1  |  0
Nii(150.129.141.163) 2020 оны 12 сарын 14

Group.n ner yu we

0  |  4
Gsex(66.181.180.38) 2021 оны 09 сарын 16

Fantasy woman gej group chaaj alddag aibsan shu haha

2  |  0
Л(66.181.161.3) 2020 оны 12 сарын 13

Хүнии амьдарлд хэрэгтэи мэдээ мэдэлл бн орид иим саин үгүүлэг аншаагүи юум баярлла

3  |  0
Секс(202.9.40.25) 2020 оны 11 сарын 25

Чиний амьдрал нэг бишээ танай гэр бүлд сексийн маш их зөрчил б а гэдгийг ойлголоо нөхөртөө гомдсон гомдолдоо тайлах нэг арга буюу мөнгөтэй нөхөртөө хаагдахгүй байж сэтгэлээ тайвшруулах арга юмдаа

0  |  0
WTTA(66.181.180.221) 2020 оны 12 сарын 12

BI BOOJGOOND DUTAI GEN UU

4  |  0
Зочин(192.82.70.119) 2020 оны 12 сарын 11

Ойрд ийм сайхан өгөөжтэй мэдээлэл уншаагүй юм бн ер нь эхнэр нөхрийн харьцаа ийм л байх ёстой зарим гэр бүлийн харьцаа хоорондоо их хөндий харагддаг

4  |  1
Үнэч пэн(103.212.119.162) 2020 оны 12 сарын 11

Манай админ ч шилдэг нь шүү!!!

1  |  0
Оюунгэрэл(103.212.119.30) 2020 оны 12 сарын 25

Сайхан ярилцлага өгчээ баярлалаа

3  |  0
аа(82.16.133.128) 2020 оны 12 сарын 11

Энэ бүсгүй мэдлэгтэй, чадварлаг судлаач байна. Ярилцлагыг нь анхааралтай уншлаа. Ямар нэг номын үгээр биш харин асуудлыг бодит байдал дээр сайтар судалсан гэдэг нь илт байна. Би л лав урд нь бодож, анзаарч байгаагүй хоёрын зэрэг зүйлийг эндээс мэдэж авлаа

2  |  1
Bataa(192.82.78.80) 2020 оны 12 сарын 11

Yer ni yumiig ih sain neelttei helsen baina

2  |  0
Би(202.126.89.217) 2020 оны 12 сарын 12

Би ингэж боддог. Бүх юмыг төгс байлгах хэрэггүй. Энгийн бүхэн л амьдралд чухал. Амьдралд яг л ийм энгийн.

4  |  0
Иуж(192.82.74.64) 2020 оны 12 сарын 12

хөн мэт боловч их хэрэгтэй зүйл ярьжээ

3  |  0
ner(192.82.74.64) 2020 оны 12 сарын 12

Хүүүхдээ аз жаргалтай байлгах нь эхнэр нөхрийн үүрэг яалт ч үгүгүй мөн шүү

4  |  2
Sarnai(192.82.74.64) 2020 оны 12 сарын 11

Engiin met bolowch ih heregtei zuil yrijee. bayarlalaa busgvi mini

5  |  0
Энэ (202.179.25.144) 2020 оны 12 сарын 12

Энэ хүн шиг олон юм чалчсан хүмүүст олон нийт дургүй байх хандлагатайг мэдэрдэггүйгээсээ болоод маш олон юм чалчсан байна.

1  |  12
Top