Б.Түвшинбаяр: Хүн өдөрт 2-2.5 литр шингэн буюу 8-10 аяга ус уух ёстой

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 28

Коронавируст халдварын үед халуун бүлээн шингэн зүйл тогтмол уух, шөлтэй хоол идэх, жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээ түлхүү хэрэглэхийг судлаачид зөвлөж байна. Харин давс ихтэй даршилсан бүтээгдэхүүн, түргэн хоол, чихэрлэг хүнс, транс тосноос татгалзаж, хоол хүнсээ гүйцэд болгож хэрэглээрэй. Дархлаа дэмжих болон дархлаанд сөргөөр нөлөөлөх хоол хүнс, тэдгээрийг хэрхэн хэрэглэх талаар НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяраас тодрууллаа.


-Ковид-19 халдварын үед ямар хоол хүнсээр дархлаагаа дэмжих вэ?

-Аль болох олон нэр төрлийн хоол хүнс хэрэглэх нь дархлааг дэмжинэ. Уураглаг хоол хүнсэнд мах, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг хэрэглээрэй. Амин дэм, эрдэсийг жимс жимсгэнэ, хүнсний ногооноос авна. Хүн өдөрт 400 грамм болон түүнээс дээш хэмжээгээр жимс, хүнсний ногоо хэрэглэх ёстой. Дархлааны үйл ажиллагаа, бүдүүн гэдэсний ашигтай бичил биетийн өсөлтийг дэмжих сүү, цагаан идээ, эслэгүүдийг хэрэглээрэй. Хамгийн чухал зүйл гэвэл уух шингэний хэмжээ. Хүн өдөрт 2-2.5 литр шингэн буюу 8-10 аяга ус уух ёстой. Хэрвээ шингэний хэмжээ буурах юм бол дархлааны үйл ажиллагаа буюу бодисын солилцоо удааширч эхэлдэг. Өөрийн шингэний хэрэглээгээ зохистой түвшинд байгаа эсэхийг мэдэхийн тулд шээсний өнгийг анзаарна. Шингэн дутагдаж байгаа үед шээсний өнгө өтгөн шар, үнэр ихтэй байдаг. Энэ тохиолдолд таны шингэний хэрэглээ бага байгаа учраас нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзнэ.

-Ямар хоол хүнснээс татгалзах вэ?

-Дархлааны үйл ажиллагааг багасгаж байдаг эрсдэлтэй хоол хүнс гэвэл чихэрлэг хүнс орно. Хүний бие дэх сахарын хэмжээ нэмэгдэхэд дархлааны эсийн үйл ажиллагаа 50 хувь хүртэл буурдаг. Энэ нь чихрийн шижин өвчтэй хүмүүс коронавируст халдварын үед илүү эрсдэл өндөртэй байгаагаар ч нотлогдож байна. Том хүн өдөрт 20-30 грамм сахар, хүүхэд 10-15 граммаас илүү хэмжээтэй сахар хэрэглэхгүй байх нь тохиромжтой. Дараа нь энгийн нүүрс ус агуулсан буюу үйлдвэрийн боловсруулалтад их орсон гурилан бүтээгдэхүүн, дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүнээс татгалзаарай. Эдгээр нь сахартай адилхан хүний цусан дахь сахарын түвшинг ихэсгэдэг. Зах зээл дээр борлогдож байгаа үйлдвэрийн нарийн боов, боорцгуудын илчлэг маш өндөр байдаг учраас бага хэмжээнд хэрэглээрэй. Шошгыг нь анзаарч харвал 100 грамм нарийн боов боорцгонд дунджаар 500 кклар хүртэл илчлэгийн агууламжтай байна. Тиймээс аль болох үйлдвэрийн боловсруулалтад орсон чихэрлэг хүнснээс татгалзах шаардлагатай.

-Хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн сонгож авч, яаж боловсруулах ёстой вэ?

-Хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо нэгдүгээрт, үйлдвэрлэсэн он, сар, хугацааг сайтар нягтална. Хоёрдугаарт, найрлагыг нь заавал харах ёстой. Ялангуяа тухайн хүнсэнд агуулагдах өөх тос, сахар, давсны хэмжээг нарийн харна. Жишээлбэл, тухайн бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа өөх тос нь транс тос эсэхийг шошгон дээр нарийвчлан бичих ёстой. Хүнсний бүтээгдэхүүний нийт илчлэгийн 10-аас илүү хувийг сахар, тос эзэлж байвал эрүүл бус хүнсэнд ордог. Өөрөөр хэлбэл, 100 грамм бүтээгдэхүүнд таван граммаас бага сахар агуулагдсан байвал эрүүл гэж үзнэ. 5-10 грамм байвал дунд зэрэг, 10 граммаас дээш байвал сахарын агууламж ихтэй гэж үздэг. Ковид-19 халдварын онцгой нөхцөл байдлын үед ДЭМБ-аас гаргасан хоол хүнсэнд баримтлах таван зарчмыг өдөр тутамдаа хэвшүүлвэл зохистой. Гарын болон хувийн ариун цэврийг сахиж, аяга таваг, халбага сэрээ болон гал тогооны хэрэгсэл гээд хоол хийхдээ хэрэглэж байгаа юм бүхнээ сайн цэвэрлэх ёстой. Хоолны материалаа бэлтгэх болон хоол хийх үедээ гараа бохирдох болгонд угаана. Бохир гарт 200 сая нян агуулагддаг учраас аливаа халдвараас сэргийлэхэд гараа сайтар савандаж угаах хамгийн чухал. Мөн хоол хүнсээ гүйцэд боловсруулж хэрэглэх нь аюултай бичил биетүүдийг устгах хамгийн энгийн арга юм. Тэгэхээр түүхий болон болсон хүнсийг тусад нь хадгалах хэрэгтэй. Түүхий хүнсийг бэлтгэж байхдаа болсон хүнсээ хамт хольж хутгаж болохгүй гэсэн үг. Дараагийн чухал зарчим гэвэл хүнсний бүтээгдэхүүнээ тохирсон хэмд нь, тохиромжтой нөхцөлд хадгалах ёстой.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бөөр (66.181.166.134) 2020 оны 11 сарын 29

8 аяга ус гэнэ үү? бөөрний ачаалал яах бол?

0  |  0
tiim yy(65.92.174.98) 2020 оны 11 сарын 29

2 litre pivo yyval bolno te?

0  |  0
Мэдрэмжээрээ ууна(124.158.87.28) 2021 оны 11 сарын 05

Цай уумаар үедээ цай, ус уумаар үедээ ус, ундаа уумаар үедээ ундаа... энэ хүн өөрөө өдөр болгон 2 литр буцалсан ус уудаг гэвэл худлаа байх. Өдөр 3 болонгуут гарч Хужирт авч ууж энэ тэр... Тэнэг жижүүрийн үг, зөвлөгөөнүүдээ боль л доо. Тэр үг зааж өгсөн ДЭМБ чинь цагаа тулахаар өөрсдийнхөө учрыг ч олохгүй байгаа биз дээ. Хүн хүн өөр өөрийнхөө хэм хэмжээг ДЭМБ энэ хоёроос илүү мэднэ.

2  |  0
Top