М.Бадамсүрэн: Улаанбаатар гэлтгүй бусад аймгаас ч дорнодчуудаа авна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

Улсын Онцгой комиссын шуурхай штабаас аймаг, орон нутаг руу буцах иргэдийн хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 1-10-ыг хүртэл зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа билээ. Энэ шийдвэртэй холбогдуулан иргэдээ татан авах ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс тодрууллаа.


-Дорнод аймгаас Улаанбаатарыг зориод хөл хорионд орсон хэдэн иргэн байгаа вэ?

-Улаанбаатараас Дорнод аймагт ирэх хүсэлтээ бүртгүүлсэн 2200 орчим иргэн байна. Энэ дунд оюутнууд олон байгаа. Батлагдсан түр журмын дагуу иргэдийг орон нутагтаа хүлээж авах бэлтгэл ажлаа хангаад байна. 

-Танай аймгийн хувьд иргэдээ хүлээж авах ямар бэлтгэл ажлууд хийсэн бэ?

-Ухамсартай байж хариуцлагаа дээшлүүлж өөрийгөө болон хайртай гэр бүлээ хамгаалахад тусгаарлалт хамгийн чухал. Бид Улсын онцгой комисс, Засгийн газраас гаргаж байгаа холбогдох шийдвэрүүдийг дагаж хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг 14 хоногийн хугацаанд гэрт нь тусгаарлахыг зөвлөж байгаа. Тусгаарласан иргэдэд эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн байгууллага болон бусад газруудтай хамтарч хяналт тавина. 14 хоног тусгаарлагдсаны дараа давтан шинжилгээ өгөөд сөрөг гарах юм бол бусад үйл ажиллагаанд оролцох боломжтой болно. Иргэдээ зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй бусад аймаг, орон нутгаас хүлээж авна. Түүнчлэн Дорнод аймгаас Улаанбаатар хот руу буцах хүсэлтээ өгсөн 220 орчим иргэн байна. Эдгээр иргэн нь газар тариалан, барилга угсралтын улирлын чанартай ажил эрхэлж байгаад Дорнод аймагт гацсан байгаа юм. Юун түрүүнд арванхоёрдугаар сарын 1-ний өглөөний 08:00 цагаас эхлээд дөрвөн постоор Дорнод аймгаас нийслэл болон бусад аймаг, сумд руу иргэдийг гаргах хөдөлгөөнийг эхлүүлнэ.

-Дорнод аймагт Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төв байдаг. Эмнэлгийн ачаалал хэр байгаа вэ?

-Зүүн бүсийн PCR шинжилгээ хийх лаборатори бүхий оношилгоо, эмчилгээний төв манай аймагт байгаа. Дорнод аймаг ОХУ, БНХАУ-тай хиллэдэг таван боомттой. Үүнээс Эрээнцав боомтоор Оросоос шатахуун импортолдог, ашигт малтмал экспортолдог. Баянхошуу боомтоор газрын тосны экспорт явагддаг онцлогтой. Тиймээс Зүүн бүс, Хэнтий, Сүхбаатар аймгаас ирүүлсэн PCR шинжилгээг хийх боломжтой лаборатори байгаа.

-Бэлэн байдалд ашиглах эмнэлгийн ор хүрэлцээтэй байгаа юу?

-Бүсийн оношилгоо эмчилгээний төв, халдвартын тасагт болон шаардлагатай тохиолдолд МСҮТ-ийн оюутны байранд бэлэн байдлыг хангуулахаар ажиллаж байгаа. Орны тоо хэмжээний хувьд нөөц хангалттай гэж үзэж байна.

-БНХАУ-тай хиллэдэг боомтын ойролцоох Манжуур хотод коронавирусний хоёр ч тохиолдол илэрсэн. Энэ тал дээр нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Одоогоор Манжууртай хиллэдэг боомт ажиллахгүй байгаа. Өнгөрсөн хавар тус боомтын хөдөлгөөнийг хориглосон. Манжууртай ямар нэгэн байдлаар зорчигч тээвэрлэлтийн харилцаа байхгүй. ОХУ-тай хиллэдэг Эрээнцав төмөр замын боомтыг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл түр хаах тухай шийдвэр хэрэгжээд явж байгаа. Ирэх сарын 1-нээс тус боомтыг нээхэд ашигт малтмалын экспорт Манжуур хотоор дамжиж явагддаг учраас тусгаарлах, хариу арга хэмжээ авах, халдвар хамгааллын дэглэм сахиулах арга хэмжээг төмөр замын хувьд онцгойлон анхаарч хяналт тавьж ажиллана. Энэ бэлтгэл бүрэн хангагдсан байгаа.

-Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу очиж байгаа нутгийн иргэд 14 хоногийн хугацаанд тусгаарлалтад орно гэлээ. Тусгаарлах үйл ажиллагаа яаж явагдах вэ?

-Улаанбаатар хотоос PCR шинжилгээнд хамрагдсан иргэдийг хянаж постоор нэвтрүүлнэ. Ингэхдээ биеийн халууныг үзэж, асуумж асууна. Ямар нэг шинж тэмдэгтэй байгаа тохиолдолд халдвартын эмнэлэг болон гурваас, есөн зочид буудалд тусгаарлана. Бусад тохиолдолд эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн байгууллагын хяналтад гэрт нь тусгаарлана. Бид аймгийн төвийн хөдөлгөөнийг ихээр нэмэгдүүлэхгүйн тулд ирж байгаа иргэдийг гурван маршрутаар хүлээж авч байгаа. Үүнд сумын маршрут бас орж байна. Асуудал гарвал нэг автомашинд зорчсон иргэдийг хамтад нь зочид буудалд тусгаарлах байдлаар үйл ажиллагаа явагдана.

Эх сурвалж: Өглөөний сонин

Top