Манай дарга нарын иргэдийнхээ дийлэнх хэсгээс ялгардаг нийтлэг шинж нь чинээлэгт оршдог. Яаж баяжсан тухай асуудал бол өөр сэдэв. Харин тэд чухам илүү таатай орчинд амьдрах бололцоогоор хангагдсан байдаг болохоор шийдвэр гаргахдаа өөрийгөө тойруулж харах гээд байдаг талтай.
Хүүхдийн тоглоомын талбай хэрэгтэй байхад наран шарлагын газар байгуулахаар явдаг, гэр хорооллын зарим хэсэг нь тоггүй байхад төв талбайд усан оргилуур хэрэгтэй гэж боддог гэх мэт. Тийм болохоор л хэвлэл мэдээллийн байгууллага байнга сануулж, яншиж байдаг хэрэг.
Тухайлбал, хөл хорио тогтоосон энэ цаг үед төрийн албан хаагчид цалингаа бүтнээр нь аваад гэртээ байгаа. Нөгөө талд хувийн хэвшилд тэр тусмаа өдрийн орлогоороо амьдралаа залгуулж байсан хэсэг нь хэцүүдлээ.
Хоёр өдрийн өмнө эмийн сан оров. Нэг эмээ зайлуул халуун бууруулах хэдэн хямд эм барьчихаад “Үүнээс хасвал хэд болж байна”, “Тэрийг нь больчихвол одоо хэд болох бол” гээд эмийн санчийг “залхаах” аж.
Гартаа 2200 төгрөг атгажээ. Өнөө авсан эмийнх нь нийлбэр дүн 3000 төгрөг болох юм байна. Гэрт нь хэн ханиад хатгаатай хэвтэж байгаа, ямар аргатайдаа хөл муутай энэ настан энэ хүртэл явж байгаа юм бол гэж бодогдох. Хэдэн зуун төгрөг өгсөн хүнд “Эмээгийнхээ насыг аваарай” гээд мөргөх нь холгүй гарав.
Амьдрал ийм л байна. Магадгүй, гэрийнх нь орлогыг бүрдүүлдэг хэн нэгэн нь ажилгүй болсон байх. Төрийн шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнүүд ковидтой тэмцсэн ч тэр, жирийн үед ч бай хамаагүй. Дийлэнх иргэдээ аятай тухтай, ажилтай орлоготой байхад нь л анхаараарай.
Сэтгэгдэл ( 1 )
Нийгмийн ялгаварлал энэ цаг үед тодорч байгаа нь тэр.Аливаа нийгмийн үндсэн зорилго нь ард иргэдээ чинээлэг баян амьдруулж эрх ашгийг нь хамгаалахад оршино. Гэтэл коммунистууд энийг ухаарахгүй байсаар 100 жилийг угтаж байна.