Монголд ДОХ-ын халдвартай 18 эхээс төрсөн 27 хүүхэд эрүүл өсөж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

“Дэлхий  нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр” өнөөдөр тохиож байна.

Жил бүрийн 12 дугаар сарын 01-нд тохиодог энэ өдрийг НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс “Дэлхийн эв нэгдэл-хамтын хариуцлага” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Мөн ДЭМБ-аас “COVID-19” халдварт цар тахлын үед ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээний тасалдлыг арилгах арга замуудыг эрэлхийлэхийг уриалж, “Дэлхийн эв нэгдэл”-тасралтгүй тусламж үйлчилгээнд голлон анхаарах болно хэмээн мэдэгджээ.

Монгол Улсын тухайд 2020 оны аравдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 18 тохиолдол бүртгэгджээ.  2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдол 309 байна.

Манай орны хувьд нийт хүн амын дунд бага тархалттайд ордог. Тодруулбал,  нөхөн үржихүйн насны хүмүүсийн хувьд 0.1 хувиас бага тархалттай.

Эрсдэлт бүлгийн хүн ам буюу бэлгийн цөөнх эрчүүдийн дунд халдварын тархалт 5 хувиас дээш гарсан учраас олон улсын ангиллаар төвлөрсөн тархалттай гэсэн ангилалд багтсан байдаг аж.

ХДХВ, ДОХ-ын халдвартай 18 эхээс 27 хүүхэд төрсөн, бүгд эрүүл саруул бойжиж байна. Есөн эх давтан төрсөн аж. 

 

2019 ОНД ДЭЛХИЙН УЛС ОРНУУДАД

 

  • 690,000 хүн ХДХВ-ийн халдварын шалтгаантай нас баржээ.

 

  • 7 хоног бүр 5500 орчим 15-24 насны охид, эмэгтэйчүүд ХДХВ-ийн халдвар авч байна.

 

  • 1.7 сая хүн шинээр халдвар авсан ба эдгээр шинэ тохиолдлуудын 62% нь түлхүүр хүн ам болон тэдний хамтрагч нарын дунд тохиолдсон байна.

 

  • “COVID-19” цар тахлын үед ХДХВ-ийн халдварын нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд гарах доголдол нь хүмүүсийн амь насанд заналхийлж байна.

 

  • ДЭМБ болон НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс хийсэн загварчлалаар ХДХВ/ДОХ-ын эмчилгээнд 6 сар тасалдал гарахад зөвхөн 2020 онд гэхэд Африкийн Сахарын орнуудад ДОХ-ын шалтгаант нас баралт хоёр дахин нэмэгдэхээр байна.

 

  • 38 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна.

 

  •  ХДХВ-ийн халдвартай 5 хүний 1 нь өөрийгөө халдвартай гэдгээ  мэдэхгүйгээр амьдарч байна.

 

  • ХДХВ/ДОХ-ын эмчилгээ хийлгэж байгаа 3 хүний 1 нь, ялангуяа хүүхдүүд болон өсвөр үеийнхэн ХДХВ-ийн халдварын эмчилгээ, шинжилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээний тасалдалд өртөөд байна.

 

  •  ХДХВ-ийн халдварын тусламж үйлчилгээг өргөжүүлэх үйл явц “COVID-19”-ийн цар тахлаас өмнө удааширч эхэлсэн байсан.Энэ удаашрал нь дэлхийн хэмжээнд 2020 онд хүрэхээр зорьсон 90-90-90-ийн зорилтод хүрэлгүй алдаж байгааг харуулж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top