Уул уурхайн бус экспорт, ЖДҮ-г дэмжих 175 тэрбум төгрөгийг банкуудад олголоо

2020 оны 12 сарын 02

Монголбанкны  Мөнгөний бодлогын хороо арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа гаргасан шийдвэрүүдийн нэг нь Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд чиглэсэн урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх байсан билээ.

Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр улиралд нийт 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн.

Үүнээс өмнө буюу 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Мөнгөний бодлогын хороо 2 жилийн хугацаатай репо арилжааг зарлахаар шийдвэрлэсэн байсан юм.

Түүнчлэн өнгөрсөн сарын шийдвэрийн талаар Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэхдээ  “Эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор банкны салбарт эрсдэл хуримтлагдаж, тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл байгаа. Монголбанкны зүгээс эдийн засагт нийлүүлэх санхүүжилтийн цонхуудад өөрчлөлт оруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах санхүүгийн зуучлалыг хэвийн хэмжээнд хадгалах, эдийн засаг руу нийлүүлэгдэх санхүүжилтийг тодорхой түвшинд нь хадгалах гэсэн өөрчлөлтүүд хийгдэж байна. Энэ хүрээнд Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэлд дурдсанчлан харьцангуй урт хугацаатай дахин санхүүжилтийн хэрэгслийг  өмнөх  репо санхүүжилтийн хэрэгсэлд үндэслэн нэвтрүүлж байгаа. Энэхүү санхүүжилтийн дэмжлэг нь нөгөө талаасаа санхүүгийн нөхцлүүдийг зөөллөх өөрөөр хэлбэл эдийн засаг руу гарч байгаа санхүүжилтийн, зээлийн нийлүүлэлтийн өртгийг бууруулна. Сайн үр дагавар нь өрх , аж ахуйн нэгж дээр очиж тусна” гэж байсан юм.

Тэгвэл Монголбанк  2020 оны арваннэгдүгээр  сарын 30-ны өдөр эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олголоо.

Банкууд тус санхүүжилтийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны  арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн А-426 дугаар тушаалаар баталсан зээлийн шалгуурыг хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт төгрөгөөр олгосон хэвийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгоход зориулах юм.

Ингэснээр шалгуур хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд дээр дурдсан харилцагч банкиндаа хүсэлт гарган зээлийн хүүг 10.5 хувиас хэтрэхгүй байхаар бууруулах, үндсэн төлбөрөөс 6 сараас багагүй хугацаанд чөлөөлөгдөх боломжтой боллоо.

Цаашид Монголбанкны зүгээс  цар тахлын нөхцөл байдал, макро эдийн засгийн төлөв байдалтай уялдуулан холбогдох арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэн, тухай бүр мэдээлэх болно гэв.

 

Top