Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. (2020.12.06, 11:00 цаг)
Арванхоёрдугаар сарын 5-нд холбогдох лабораториудад 14019 шинжилгээ хийжээ. Үүний 700 гаруй нь халдвар авсан хүмүүсийн хавьтлын сорьц байсан ба эдгээрээс долоон хүнд коронавирус илэрчээ.
Сайн мэдээ нь дотоодын кластер халдварын голомтоос 13 хүн эдгэрч, дараагийн хяналтад шилжсэн бол Улаанбаатар хотод өнөөдөр халдвар нэмж бүртгэгдээгүй болохыг ЭМЯ мэдээллээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ аймагт 4, Дорноговь аймагт буюу Замын-Үүдэд 3 тохиолдол илэрчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 14019 хүнд шинжилгээ хийсэн. 700 гаруй нь хавьтал байсан. Үүнээс долоод нь халдвар илэрсэн. Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын дөрөв нь Сэлэнгэ аймагт илэрсэн бол гурав нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гэр бүлийн гурван хүнээс илэрлээ. Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Өчигдөр 16 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэн. Үүний 13 нь кластер голомтын хүмүүс байлаа. Тодруулбал, Улаанбаатар хотод халдвар авсан долоон хүн, Орхон аймгийн дөрөв, Сэлэнгэ аймгийн нэг, Дорноговь аймгийн нэг хүн голомтолсон халдвараас эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэн. ТИР машины жолооч нараас нэг, “Энхсаран” сувиллын голомтоос хоёр хүн эдгэрсэн.
Улсын хэмжээнд 849 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 384 буюу 45,2 хувь нь эдгэрлээ. Ажиглалт тандалтад 49, гэрийн тусгаарлалтад 13, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322, нутаг буцаасан есөн хүн байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 456 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Маш хүнд хоёр, хүнд дөрөв, хүндэвтэр 65, хөнгөн 382 тохиолдол эмчлүүлж байгаа. Цэргийн төв эмнэлэгт 206 хүн эмчилгээнд байна. Үүнээс маш хүнд хоёр хүн байгаа ба 56, 81 настай. Хүнд гурав, хүндэвтэр 41, хөнгөн 160. Сэлэнгэ аймагт зургаа хүн эмчлүүлж байгаа ба бүгд хөнгөн зэрэгтэй. ХӨСҮТ-д 244 хүн байна. Маш хүнд хүн байхгүй. Хүнд хүн нэг, бусад нь хүндэвтэр, хөнгөн зэргийн шинж тэмдэгтэй байна. Нийт батлагдсан тохиолдол дунд гурван сартайгаас эхлээд 91 насны өвчтөн байгаа. Үүнээс 0-15 насны 92 тохиолдол байна. 55-аас дээш насны 100 гаруй хүн бий. Тодруулбал, 80 настай хоёр, 81 настай нэг, 91 настай нэг хүн байна" гэсэн мэдээлэл өглөө.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Улаанбаатар хотод ажиллаж байгаа 19 тусгаарлах байранд 1000 гаруй хүн байна. Хамгийн сүүлд УОК-ийн дэргэдэх шуурхай штаб Шүүхийн Ерөнхий зөвлөл, автобусны жолооч, бариачтай холбоотой хүмүүсийг тусгаарлах ажлыг зохион байгуулсан. Халдвар гарсан аймгуудад нийт 40 тусгаарлах байранд 559 хүн байна. Эдгээр нь бүгд тохиолдлын хавьтлын хүмүүс. Улаанбаатар хотод 99 батлагдсан тохиолдлын 29 цэгт хорио цээрийн дэглэм сахиулах пост ажиллаж байна. Сүүлийн 72 цагийн байдлаар 14 тусгаарлах байрнаас 518 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. Тэд 14 хоногийн турш халдвар хамгаалалтын дэглэмийг ягштал биелүүлэх ёстой. Хоногт дунджаар 5924 хүн үүрэг гүйцэтгэж байна. Улаанбаатар хотод 6000-7000 алба хаагч ажиллаж байна. Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байгаа 27 хоногтой ихэр нярайн эрүүл мэндийн байдалд асуудал үүссэн гэсэн мэдээлэл орон нутгаас ирсний дагуу ЭХЭМҮТ-өөс цахимаар мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгч ажилласан. Заамар суманд бичил уурхайд ажилладаг хүмүүс техникийн спирт ууж, нэг хүн газар дээрээ, гурав нь эмнэлэгт нас барсан. Гурав нь эмнэлэгт эмчлүүлж байна. Нэгийнх нь биеийн байдал маш хүнд байна" гэлээ.
МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР